Categories
гадаад мэдээ

В.Зеленский: Курск мужид болсон ажиллагаа Орос улс иргэддээ яаж ханддагийг харууллаа DNN.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Украины тусгаар тогтнолын өдөр тохиож ерөнхийлөгч Владимир Зеленский ард иргэддээ хандан үг хэлэв. Тэрээр “Украины зэвсэгт хүчний Курск муж дахь довтолгооны ажиллагаа нь тус мужийг оросууд эзлэхээс урьдчилан сэргийлж, бидэнд “солилцооны сан”-гаа нэмэх боломж олгосон” гээд Украины удирдагч Оросын нутаг дэвсгэрт явуулж буй ажиллагааны явцыг “маш эерэг” хэмээн үнэлж, уг байлдааны ажиллагаа Киевийн “төлөвлөгөөний дагуу” явагдаж байгааг онцлон тэмдэглэжээ.

Мөн Зеленский “Курск мужид болсон ажиллагаа Орос улс иргэддээ яаж ханддагаа дэлхий нийтэд харууллаа” гэж онцлов. Оросын нутаг дэвсгэрт орсон Украины цэргүүд нутгийн оршин суугчдад ус, хоол хүнс, эм тариа өгч байгаа бөгөөд үүний хариуд орос иргэд “Кадыровынхан бус, та нар энд байгаа нь сайн хэрэг” гэж хэлж байна” гэж хэлжээ.

Тэрээр мөн Кремлийн эхлүүлсэн дайныг хэрхэн дуусгах тухай өөрийн төсөөллийг хуваалцсан байна. Түүний үзэж буйгаар “Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээж, Путин болон ОХУ-аас ирэх давтан түрэмгийллээс урьдчилан сэргийлж чадсаны дараа л дайны ажиллагааг зогсоож болно. Иймээс бид юуны түрүүнд ард түмний хохирол, цаг хугацаа алдахгүй байхын тулд Путины дайныг дипломат аргаар зогсоож болох бүх зүйлийг хийх болно. Хэрэв бидний энэ арга амжилтанд хүрэхгүй бол бид Путины армийг манай улсын нутаг дэвсгэрээс хүчээр хөөн гаргах болно” хэмээжээ.Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн “Өнөөдөр манай цоо шинэ зэвсгийн анхны цохилт амжилттай болж, энэ зэвсэг манай байлдааны хэрэглээ боллоо.Украины энэ шинэ зэвсэг бол “Паляница” пуужин-дрон. Энэ бол түрэмгийлэгчийн эсрэг хариу арга хэмжээ авах бидний шинэ арга” гэж хэлэв. Харин Зеленский энэхүү шинэ зэвсгээ ямар зорилгоор, хаана ашигласан талаар тодорхой зүйл хэлээгүй байна. Өнгөрсөн бямба гаригийн шөнө Оросын Воронеж мужийн Острогожский дүүрэгт зэвсгийн агуулах дроны цохилтод өртөн түймэр дэгдэж, дэлбэрэлт дөрвөн цагийн турш үргэлжилсэн билээ.

Энэ үеэр АНУ-ын Батлан хамгаалах яам Украинд тусламжийн 125 сая долларын шинэ багц нийлүүлж, ерөнхийлөгч Жо Байден Владимир Зеленскийтэй утсаар ярьж, Украины тусгаар тогтнолын баярын мэнд хүргээд “Орос улс энэ мөргөлдөөнд ялахгүй. Украины тусгаар тогтносон ард түмэн ялж, АНУ, холбоотнууд болон манай түншүүд Украин ялалтад хүрэх замд нь тэдний хажууд байнга байх болно” гэж хэлжээ.

Мөн өнгөрсөн баасан гаригт АНУ-ын Төрийн департамент, Сангийн яам, Худалдааны яамнаас Украинтай хийж байгаа дайнд Орост тусалж буй компани, хувь хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээгээ өргөтгөн Орос, Хятад болон бусад улсын 400 гаруй хуулийн этгээд, хувь хүнийг шинээр хоригт хамруулж буйг зарлав. АНУ-ын Сангийн яамны орлогч дарга Уолли Адейемо“Орос улс эдийн засгаа Кремлийн цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын үйлчилгээний хэрэгсэл болгон хувиргасан. Иймээс дэлхийн бүх компаниуд, санхүүгийн байгууллагууд болон эрх баригчид Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг дэмжихээс зайлсхийх хэрэгтэй” гэж хэвлэлийнхэнд мэдэгджээ. Шинэ хориг арга хэмжээний жагсаалтад орсон 123 компанийн 63 нь ОХУ-ынх бол 42 нь БНХАУ-ынх байгаа аж. Олон улсын судлаачид энэ үйл явдлыг “Украинд зэвсгээс илүү ач холбогдолтой тусламж” гэж дүгнэжээ. Мөн Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер Украины ерөнхийлөгчид утсаар ярьж “Тусгаар тогтнолын өдрийн баярын мэнд хүргээд “Фронтод болон гэртээ бас гадаадад байгаа бүх украинчуудад хандан хэлэхэд: Украинчуудын хоёр дахь гэр болоод буй Их Британи өнөөдөр байгаатай адил цаашид ч үргэлж та нартай хамт байх болно” гэж мэдэгджээ. Бас Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Штеффен Хебестрейт “Канцлер Олаф Шольц Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж тусгаар тогтнолын өдрийн баяр хүргээд Герман улс Украинтай цаашид ч тогтвортой, гуйвашгүй эв нэгдэлтэй байх болно гэж хэлсэн” хэмээн мэдээлжээ.Украины баяраар Польшийн ерөнхийлөгч Анжей Дуда, Литвийн ерөнхий сайд, хадагтай Ингрида Симонитенар айлчилж, Киевийн София талбайд болсон Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулсан арга хэмжээн дээр Украйн хэлээр “Та өөрийн нутаг дэвсгэр, улс төрөө хамгаалж, бидний эх орон болох Литва, Польш нар манай улсуудыг төдийгүй Европ тив болон бүх ардчилсан ертөнцийг хамгаалж байна. Та бүхэнд итгэл, тэвчээр, мэдээж ялалт хүсэн ерөөе” гэж хэлжээ.

Литвийн ерөнхий сайд Ингрида Симоните “Киев энэ намар Литвээс 5000 орчим дрон хүлээн авахаас гадна есдүгээр сарын эхээр Украинд агаарын довтолгооноос хамгаалах систем, пуужин, дроноос хамгаалах хэрэгслийг нийлүүлэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна Вильнюс радарын тоног төхөөрөмж, мина илрүүлэх төхөөрөмж худалдан авахад зориулж 35 сая еврог Украинд хуваарилж байна” гэж мэдэгдэв. Мөн тусгаар тогтнолынхоо өдрөөр Украин 115 Азовын дайчдаа Курск мужид олзлогдсон Оросын 115 хугацаат цэргээр сольж авав. Харин энэ үеэр Оросын төрийн телевизүүд Владимир Путин ОХУ-ын Жанжин штабын дарга Валерий Герасимов болон түүний нэгдүгээр орлогч Сергей Рудский нарын илтгэлийг сонсож буй бичлэгийг дамжуулав. Харин Оросын төрийн телевизүүд анх удаа тэдний юу ярьж буйг бус зөвхөн дүрсийг нь дамжуулав.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *