ОХУ-ын Ерєнхийлєгч В.Путины охин Екатеринагийн нөхрийн тухай “Ройтерс” агентлагийн дараахь нийтлэлийг сонирхуулъя.
Санкт-Петербург хотоос хойд зүгт нэг цаг яваад хүрдэг нарсан ойд орших цанын баазад тэдний хуримын ёслол болжээ. Энэ баярт мөнгө хайрлаагүй бөгөөд зочид нь бүгд энэ тухай нэг ч үг дуугарахгүй хэмээн амласан байна. Залуу хосууд гурван цагаан морь хүлэглэсэн чаргаар ирсэн хэмээн цанын баазын эзэн ярьсан. Сүйт бүсгүй урт цагаан даашинзтай, харин хүргэн хүү хар өнгийн хослол өмссөн байсан хэмээн хуримын цайллагад оролцсон бас нэгэн хүн дурдсан юм. Залуу хосууд гэдэг нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины отгон охин Екатерина, төрийн тэргүүний эртний найзын хүү Кирилл Шамалов аж.
Тэднийг 2013 оны хоёрдугаар сард “Игорь” хэмээх ер бусын сайхан байгальтай, хүний хөлөөс зайдуу орших цанын баазад хуримын цайллагаа хийсэн хэмээн уригдан оролцсон таван хүн ярьсан байна. Гүвээний энгэрт байрлах цанын бааз нь В.Путины эртний найз Ю.Ковальчукийн гэр бүлийн эзэмшил.
Бас нэгэн зочны ярьснаар үйлчилж байсан хүмүүст залуу хосуудыг Катерина, Кирилл гэдэг хэмээн танилцуулсан гэнэ. Зочид бүгд “K&K” хэмээн улаанаар бичсэн цагаан өнгийн ороолт зүүсэн байжээ. Катерина Тихоновагийн зургийг үзүүлэхэд хуримаа хийсэн бүсгүй мөн гэдгийг баталсан. Катерина Тихонова гэдэг нь В.Путины отгон охин болохыг “Ройтерс” агентлагийнхан тогтоосон тухайгаа өнгөрсөн сард бичсэн. Цанын баазын ажилтан “Булан бүрт хамгаалалт гарсан бөгөөд хэнийг ч оруулахгүй байсан. Гэхдээ бид бүгд Катерина гэдэг нь В.Путины охин болохыг мэдэж байсан” хэмээн ярьсан юм.
Өндөр, хар үстэй, нүдний шилтэй Кирилл хэмээх залуу нь бизнесийн гараагаа маш амжилттай эхлүүлсэн бөгөөд 31 настай. Москвагийн их сургуулийг өргөжүүлэх 1.7 тэрбум ам.долларын өртөгтэй төслийн удирдагч, Оросын Ерөнхийлөгчийн охинтой гэрлэснээс хойш хөрөнгө нь хурдтайгаар арвижиж байгаа. Кирилл 18 сарын дотор газрын тос, химийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг “Сибур” компанийн хувьцааны нэлээд хэсгийг эзэмшсэн. Менежерээр ажиллаж байсан Кирилл ажлаасаа гарч өөрийнхөө хөрөнгө оруулалтыг удирдахаар компани байгуулжээ.
Залуу бизнесмэн яаж ийм богино хугацаанд амжилтад хүрэв? Кирил Шамаловыг судлахад Ерөнхийлөгчийн охинтой гэрлэснээс хэдхэн сарын дараа буюу 2013 оны зун Ерөнхийлөгчийн найз гэгддэг нэлээд чинээлэг хүнтэй “Сибур” компанийн хувьцааг худалдаж авахаар хэлэлцээ хийж эхэлсэн. Компанийн тайлангаас үзэхэд нэг жилийн дараа Кирилл Шамалов нь нэг тэрбум ам.долларын зээл авсан. Зээлийг В.Путины найзын банк олгосон. Тус банкинд Кириллийн ах удирдах алба хашдаг аж.
Кирилл Шамаловын хөрөнгө хэрхэн арвижсаныг үзэхэд нөлөө бүхий компаниудад удирдах алба хашдаг В.Путины дотнын хүмүүс нь нөлөөлсөн байдаг. Тэдний халааг авах залуу үе нь энэ боломжийг ашиглаж байгааг харж болно. Хосуудын хурим нууцлаг болдог шиг эд баялгийг нийгэм, олон нийтээс далдуур хуваана.
ОХУ-ын Эрчим хүчний яамны орлогч сайд асан, сөрөг хүчний гишүүн В.Милов В.Путины найз нар төртэй холбоотой “Газпром банк” зэрэг банкнаас зээл авч хувьцаа авдаг тухай ярьсан. Тэрээр “Ройтерс” агентлагийнханд “Энэ нь маш нууц учир зээлийн гэрээний талаар юм олж мэдэх аргагүй. Тэд өөрийн эрх мэдэл, давуу байдлыг залуу үедээ уламжлуулан өгөхийг хүсдэг” хэмээн хэлсэн. Кремлийн хэвлэл мэдээллийн нарийн бичгийн дарга Д.Песковоос хуримын талаар тодруулахад В.Путины охид улс төр болон бизнест оролцдоггүй гэсэн. Кирилл Шамаловын талаар тайлбар хийхдээ Кремлийн авсан мэдээллээр бол ОХУ-ын хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг, бусад топ менежерүүдийн адил олон жилийн турш “Сибур” компанийн удирдлагад ажиллаж байгаад хувьцаа эзэмшигч нь болсон хүн гэв. Кирилл Шамаловын бизнес, хэрхэн албан тушаал ахисан зэрэг нь Кремльд хамаагүй гэдгийг ч хэлсэн. Тэгээд ч В.Путины хувийн амьдрал болон ойрын хамаатнуудын талаар тайлбар өгдөггүй хэмээн Д.Песков онцолсон юм. Ерөнхийлөгчийн отгон охинтой гэрлэсэн Кирилл Шамаловын аав Николай Шамалов нь В.Путинтэй хамтран 1990-ээд онд Санкт-Петербург хотноо 100 километр зайтай газар “Озеро” хоршоо байгуулсан. Тус хоршооны гишүүд В.Путины үед хариуцлагатай албанд томилогджээ.
Николай Шамалов нь Оросын нэгэн жижигхэн банкны хувьцаа эзэмшигч болсон. Сүүлийн 15 жилийн хугацаанд тус банк нь Оросын хамгийн нөлөө бүхий санхүүгийн байгууллагын нэг болсон түүхтэй. В.Путины найз Николай Шамалов нь хоёр хүүтэй. Ууган хүүг нь Юрий гэдэг отгон нь Кирилл.