Categories
гадаад мэдээ

 В.Путин хаачих бол? DNN.mn

В.Путин гурав хоногт Киевийг, долоо хоногт Украиныг эзлэн авч тус улсын армийг устган, дэглэмийг нь нураана, НАТО-г зүүн зүгт хүчээр хөөн холдуулна хэмээн барууны улсуудын сануулгыг үл тоомсорлон, НҮБ-ын гол зорилгыг уландаа гишгэж хөрш тусгаар улсад халдан довтолсноос хойш даруй 18 сар өнгөрөв. Үр дүнд нь өөрсдийгөө дэлхийд хоёр дахь нь хэмээн сурталддаг байсан Оросын арми устгагдсан цэргүүдийнхээ эгнээг шоронгийн хоригдлуудаар нөхөх гэж оролдон дэлхийд албан ёсоор 17-д жагсаж байсан, өөрөөсөө хамаагүй жижиг улсын армид ялагдахдаа тулав. Кавказын улсууд Хятад, Европын холбоотой гэрээ байгуулж Оросыг тойруулан хий, нефтийн хоолой татаж эхлэв. Бяцхан Молдова улс хүртэл Кремльд “салаавч” харуулав. Жижиг Монголд хүртэл Кремлийн эсрэг энгийн иргэдийн “No War” хөдөлгөөн юу яасан дарагдах, улам хүчээ авав. Украинд довтолсноор оросууд “Жүүдүүдийг ад үздэггүй фашистууд” буюу “Рашистууд” гэсэн албан ёсны нэршилтэй болов.

Украинаас атомын бөмбөгийг нь шилжүүлэн авахдаа “танай улсыг бид хамгаална” гэсэн гэрээнээсээ буцан Украины эсрэг тактикийн атомын бөмбөг хэрэглэх гэвэл Англи, Америк улсууд Оросын атомын бөмбөгийг нь ч, арми, флотыг нь ч бүр Кремлийн дэглэмийн удирдлагыг энгийн пуужингуудаар шууд устгана гэдэг нь олон нийтэд бүрэн ойлгомжтой болов. Ерөөс Оросын авлига тактикийн, стратегийн пуужин болон атомын бөмбөгөө “идчихсэн” байх өндөр магадлалтай байна гэж олон улсын шинжээчид дүгнэв. Сири Оросын нөлөөнөөс гарч Арабын улсуудтайгаа дахин нэгдэв. НАТО-г юун холдуулах, эгнээ нь улам өргөжин Кремлийн бүр бөөр, шилэн хүзүүнд нь тулж ирэв. Эдийн засгийн хоригт орж буланд шахагдсан рубль зүгээр л цаас болох замдаа шулуудаж, орос иргэдийн амьдрал уруудаж эхлэв. Арчаатай иргэд нь гадаадад цагаачлав. Оросын гадаадад гарсан улстөрчид Европ тивд хэд хэдэн эрдэм шинжилгээний чуулган зохион байгуулж “Орос улс Европын улсуудтай адил хөгжихийн тулд “Их гүрэн” гэсэн хоосон хийрхлээс салах ёстой юм байна. Үүний тулд ОХУ үндэстнээрээ салж олон тусгаар улс болох ёстой” гэсэн дүгнэлтэд хүрэв. Ийнхүү Украины дайн эхлэхэд В.Путины хэлж ярьж байсны яг эсрэг үр дүн өнөөдөр бий болчихоод байна. Энэ бүхний эцэст Кремль ч, Путин ч худал ярихаас өөр зүйл хийх чадваргүй болов. Мэдээж үнэн ярьсан болгоныг хавчиж эсвэл шоронд хийж эхлэв. Тухайлбал, Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Валерий Гарбузовыг Оросын ШУА-ийн АНУ, Канадын хүрээлэнгийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн тухай мэдээлэв. ОХУ-ын ШУА-ийн АНУ, Канадын хүрээлэнг 2016 оноос хойш тэргүүлж байсан Валерий Гарбузовын бичсэн нийтлэлүүдийг “Независимая газета” сонин хэвлэдэг байсан билээ. Валерий Гарбузов өөрийн бичсэн нийтлэлүүддээ “Хуурамч эх орончид хэмээх галзуурсан уур амьсгал”, “Сталинизмыг сэргээх мөлхөө оролдлого” хэмээн үнэнийг бичиж Оросын суртал ухуулга “Англо-Саксоны даяаршлын хямрал”, “Колончлолын эсрэг шинэ хувьсгал”, “Америк ноёрхлоо алдаж байна” гэх мэтээр “Барууны улсуудын уналт” гэсэн хуурамч домог бий болгож байна. Оросын суртал ухуулгын эдгээр хуурамч шинэ домгуудад ямар ч шинжлэх ухааны үндэслэл алга. “АНУ-ын ноёрхол нь ХХ зууны эхэн үеэс үүсэн бий болсон, одоо ч байсаар байгаа объектив байнгын хүчин зүйл юм” гээд “Өнөөдөр дэлхий дээр зөвхөн хоёр албан бус “эзэнт гүрэн” оршиж байна. Эдгээр нь мэдээж АНУ, Хятад. Орос бол хуучин эзэнт гүрэн, ЗХУ-ын их гүрний өв залгамжлагч бөгөөд эзэнт гүрний агуу байдлаа алдсан нь маш том зовлонгийнх нь үндэс болсон “синдромтой улс” гэж энэ түүхч эрдэмтэн гагцхүү үнэнийг тунхаглан бичиж байсан билээ. Мөн Гарбузов “Барууны уналт”-ын тухай ийм шинэ үлгэр домгийн тусламжтайгаар Оросын суртал ухуулга иргэддээ “орчин үеийн утоп ухамсар” бий болгож байна. Харамсалтай нь Оросын хүн ам “төрийн ийм худал суртал ухуулгыг гайхалтай амархан, гэнэн, бодлогогүйгээр хүлээн авдаг” гэж үнэнийг бичсэн эрдэмтэн хүн билээ. Мэдээж Валерий Гарбузовын “Независимая газета”-д хэвлэгдсэн нийтлэлийн эсрэг Оросын суртал ухуулгын сувгууд эрчимтэй “довтолгоон” эхлүүлсэн. Үр дүнд нь энэ эрдэмтэн ажлаасаа халагдав. Харин Оросын ШУА-ийн удирдлага Валерий Гарбузовыг ажлаас нь яагаад халсан талаар хараахан тайлбар хийгээгүй байна.

Швед дэх Нобелийн сан Орос, Беларусийн Элчин сайд нарт гардуулсан урилгаа татан авч байгааг дэлхий нийтэд албан ёсоор зарлав. Энэ жилийн Нобелийн шагнал гардуулах ёслолыг тохиолдуулан Стокгольм хотод хийдэг хүндэтгэлийн зоогийн урилгыг ОХУ, Беларусь, Ираны Элчин сайдуудаас Нобелийн сан эргүүлэн татсан тухай уг мэдэгдэлд Нобелийн сангаас “Швед, Норвеги улсад дипломат төлөөлөгчийн газраа төлөөлдөг бүх улсын төлөөлөгчдийг хүндэтгэлийн ёслолд урих шийдвэр гаргасан нь олон нийтийн хурц эсэргүүцэлтэй тулгарсан тул ийм шийдвэр гаргаж байна” гэж мэдэгджээ. Орос, Беларусийн Элчин сайдуудын урилгыг хүчингүй болгосон тухай зарлахаас өмнөхөн Шведийн хааны гэр бүлийнхэн “Хаан ийм зочидтой арга хэмжээнд оролцох нь тохиромжтой эсэх талаар бодож байгаа” гэж мэдэгдэж байсан юм.

Европын холбооны гадаад бодлогын албаны албан ёсны төлөөлөгч Петер Стано “Орос улс түр зуур эзэлсэн Украины нутаг дэвсгэрт хугацаанаас нь өмнө хууль бус “сонгууль”-ийн санал хураалт явуулж эхэллээ. Энэ нь олон улсын хууль тогтоомж, Украины бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн Оросын бас нэг үйлдэл болж байна” гэж мэдэгдэв.

ОХУ-ын дотор, гадна болж буй Кремлийг ганцаардуулж буй эдгээр үйлдлүүд нь нэг том үйл явдлын удиртгал гэдгийг НҮБ-д суугаа Албанийн төлөөлөгч Ферит Хожагийн “Украины ерөнхийлөгч Владимир Зеленский НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохоор Нью-Йоркт айлчлах үеэрээ Украины асуудлаарх Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд оролцоно” гэсэн албан ёсны мэдэгдэл бидэнд ил болгож орхив. Учир нь Албани улс энэ сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг даргалж байгаа билээ. Энэ нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд бүх гишүүдийн 2/3-ын саналаар дүрэмдээ өөрчлөлт оруулж тус олон улсын гол байгууллагын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээс Оросын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх эсвэл бүр хасч магадгүй болсон гэсэн үг юм. Ерөөс НҮБ нь аль ч улсын тусгаар тогтнолыг бусдын халдлагаас хамгаалах зорилгоор бий болсон олон улсын байгууллага. Гэтэл энэ байгууллагын бүр Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээр эзлэн түрэмгийлэгч улс бусдаас илүү эрх эдлэн сууж байна гэдэг яаж шударга явдалд нийцэх билээ?!

Мөн Украины арми Токмакийг тойрон гарч оросын армийн өмнөд хэсэг болон Крымын хангамжийн гол замуудыг намрын борооноос өмнө эх газраас нь таслахад бэлэн болоод байна. Энэ замууд таслагдсанаар Украин цэргүүд Оросын армитай шууд тулалдахгүйгээр алсын тусгалтай их буу, пуужингаар Токмак хотыг хамгаалж буй Оросын 35 дугаар арми төдийгүй Крым дахь зэвсэгт хүчнийг устгах боломжтой болно. Энэ нь орос цэргүүд хэсэг бүлгээрээ фронтоос зугтан, улмаар үлдсэн цэргүүд нэгдэн удирдлагаа устгаж зэвсэг, техниктэйгээ нийслэлээ зорьдог уламжлалт Орос түүх давтагдана гэсэн үг. Өнөөдөр Украины талд байлдаж буй Орос, Беларусийн цэргийн бүлэг өдөр өдрөөр эгнээгээ нэмэн хүчирхэгжиж байна. Оросын буриадууд,тувачуудын эсрэг Буриад,Тувагийн тусгаар тогтнолын төлөө гэсэн буриад, тувачууд тулалдаж байна. Аль нь аль талдаа очиж нийлэх нь зөвхөн цаг хугацааны асуудал болсон зүйл. Угаасаа Украины фронтын өмнөд хэсэг Крымтэй хамт чөлөөлөгдвөл В.Путин төдийгүй Кремлийн дэглэмийн оршин тогтнох суурь устана. Иймээс В.Путин мөнгөний авдраа аван нэг тийш нисэхээс өөр аргагүй болно. Авдранд нь мэдээж рубль байхгүй. Валют бас африк очир алмаз л байгаа.

Өөрсдөө олон улсын хоригт орох гээгүй л юм бол НҮБ-ын Эрүүгийн шүүхийн гэмт хэрэгтэн В.Путинг Бээжин болон Арабын улсууд хүлээн авахгүй. Энэ нь В.Путинд Вагнерын зохион байгуулж цэргийн эргэлт хийсэн Африкийн найман улсын нэгэнд л очихоос өөр зам үлдэхгүй гэсэн үг. Францын эрхшээл, мэдэлд байсныхаа дараа “Баялгийн хараал”-д өртсөн энэ улсуудын өөрийн цэргүүдэд “түлхүүлж” унасан төр, засгийнхан гэх авлигачдын төлөө өнөөгийн Франц улс хуруугаа ч хөдөлгөхгүй гэдэг нь тодорхой. Учир нь дарангуйллын тогтолцооны тулгуур болсон хэдхэн улсын дэглэм нуран унахад эдгээр улсууд ардчилал, чөлөөт эдийн засгийг удирдлага болгон хөгжиж, өнөөдөр олон улсад “Африкийн арслан улсууд” гэж нэрлэгдэж буй улсуудын араас явахаас өөр зам үгүй. Иймээс Олон улсын Гаагийн шүүхэд очтолоо В.Путин хаана хоргодох бол гэсэн асуулт хариулт нэхэж эхлээд байна.

Г.АМАРСАНАА

2 replies on “ В.Путин хаачих бол? DNN.mn”

Бичнэ гэж алаад өгөх юмаа ёо ёо НАТО г зүүн зүгт путин хөөж холдуулах гэнээ . Зүг чигээ алдчихсан төөрсөн нөхөр үү дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *