“Инжиннаши судлал” бол дэлхийн монгол судлалын салшгүй чухал, хүчирхэг салаа мөчир төдийгүй их зохиолч В.Инжаннашийн намтар, бүтээлийн судалгаанд нэг мөр болж шийдэгдээгүй тулгамдсан асуудлууд оршсоор буй бөгөөд “Инжаннаши судлал”-ыг шинэ шатанд гаргахад дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачдын хамтарсан судалгаа чухал гэдгийг онцлов.
Их зохиолч В.Инжаннашийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр МУИС-ийн хичээлийн I байрны Дугуй танхимд эхэллээ. Хурал маргааш мөн үргэлжилнэ.
Хурлыг нээж МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлэхдээ, “Их Монгол Улсын үеийн уран зохиол, уламжлалт соёл, түүхэн сэтгэлгээнд үнэтэй хувь нэмэр оруулсанхүн бол их бичгийн хүн, соён гэгээрүүлэгч Ванчинбалын Инжаннаш билээ. Түүний түүхэн гавьяа бол Дорно дахины чимэглэлт найруулгын тэг ёс, дэг жаягийг ягштал барьж, монгол хэлний ширгэшгүй баялаг, үгийн санг ундарган баяжуулсан, түүх хийгээд уран сайхны сэтгэлгээ, дүр дүрслэлийг баян тансгаар нээн харуулсан “Их Юань улсын мандсан төрийн Хөх судар” нэрт туульс романаараа Монголын уран зохиол, түүний түүх, хүч чадлыг ялгаруулж оюуны асар их өвийг хойч үедээ үлдээсэнд оршиж байна гэж дүгнэж болох юм. Түүний төрөлх эх орон-Монгол Улсад болж буй энэхүү хуралд олон сонирхолтой илтгэл тавьж, судалгааны баялаг арга туршлагаа хуваалцаж, цаашдаа эл чигийн судалгааг гүнзгийрүүлэх, тал бүрээс нь цэгцтэй харж, шинэ нээлт, даацтай судалгааны зам мөрд хөтөлсөн амжилтуудыг Инжаннаши судлагчид гаргана гэдэгт итгэлтэй байна” гэв.
Хоёр өдөр үргэлжлэх тус хуралд Монгол, ОХУ, БНХАУ, БНЧУ-ын эрдэмтэн судлаачид 20 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.
Хуралд МУИС-ийн доктор, дэд профессор Б.Хишигсүх “XX зууны олон улсын Инжаннаши судал” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр, “Монголын утга, соёлын нэрт зүтгэлтэн В.Инжаннашийн амьдрал замналын түүх, бүтээлийг судлах ажил 1950-иад оны дунд үеэс эхэлсэн. Ширгэшгүй баян өв сантай судлагдахууныг бидэнд өртөөлүүлэн ирэхэд хичээл зүтгэл гаргасан хүн бол Өвөр монголын Хишигтэн хошууны соёлын нэрт зүтгэлтэн Эрдэнэтогтох, нэрт орчуулагч Содбилиг нар хүчин зүтгэж, тэд 1956-1957 онд Баруун Түмэдийн нутгаар илжгэн тэрэг хөллөн гар бичмэл, судар шастир, аман болон бичгийн сурвалжийг цуглуулж чадсан явдал эдүгээ их зохиолчийн намтар бүтээлийн судалгааны ажилд ихээхэн чухал үйл явдал болсныг тэмдэглэх нь зүйтэй. В.Инжаннаши монголын уран зохиол, урлаг, гүн ухааны онолын сэтгэлгээний хөгжлийн түүхэнд, шүлэг найраг, хурц шүүмжлэлт ёжит зохиолууд, түүхэн, уран сайхны, аж байдлын, адал явдалт, уран сэтгэмжит туульсын романууд, онолын бүтээл туурвилаараа үнэтэй хувь нэмэр оруулсан. “Инжаннаши судлал”-ыг урагш ахиулах, шинэ шатанд гаргахад дотоод, гадаадын эрдэмтэд судлаачдын хамтарсан судалгаа чухал” гэдгийг онцлов.
Мөн тэрбээр “Эснэсэн гэдэг үг бол монгол үг. Бид крилл үсэг авснаас хойш орчин цагийн монгол хэлээр ярих, бичих, хэрэглээ бий болсон. Энэ үгийг хуучирсан үг гэдэг нэр томъёонд оруулсан. Эснэнэ гэдэг үг нь бүтэж бүрэлдэнэ гэсэн үг. Хүн бүтэж бүрэлдээд төрсөн, мэндэлсэн гэдэг утгыг бүрэн илэрхийлж байна. Эснэсэн гэхээр бүтэж бүрэлдсэн, мэндэлсэн гээд утгын гажуудалгүй. Монгол хэлийг гутаах, нэр томъёоны хувьд төөрөлдүүлэх ноцтой байдал үүсэхгүй” хэмээн тайлбарлалаа.
Тус хурал маргааш “В.Инжаннашийн романуудын туурвилын зарим онцлог”, “Хөх судар” романы эмэгтэйчүүдийн дүрийн тухайд”, “Сударч В.Инжаннашийн ёгт зохиолын учир” зэрэг илтгэлээр үргэлжилнэ.
Хурлыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Утга зохиол урлаг судлалын тэнхим санаачлан БСШУСЯ-ны дэмжлэгтэй зохион байгуулж байна.