Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

​В.Гэрэл: “Солиорол” дуун дээрээ яг л солиорчихсон бүсгүйн дүрийг гаргаж чадсан


Дуучин В.Гэрэлтэй ярилцлаа.


Тэрбээр дуулах хүсэлдээ хөтлөгдөн дууны үгээ өөрөө зохиож дуулсаар иржээ. 2009 онд анхны цомгоо “One morning” нэртэйгээр 10 дуутай гаргасан байна. Харин хоёр дахь цомгоо “Тэр гэрэл нь чи өөрөө” хэмээн нэрлэжээ.


-Таны “Солиорол” дуу нэлээд шүүмжлэл дагуулж байна. Яагаад солиорол гэж нэрлэх болсон бэ?

-“Солиорол” дуу зохиогдоод 15 жил болсон байна. Юутай ч хэл ам дагуулсан дуу маань хэд хэдэн танилуудыг архинаас гаргасан гэсэн шүү. Би яг л солиорчихсон бүсгүйн дүрийг гаргаж чадсан гэж боддог. “Солиорчихсон юм аа би чамд дурлажээ” хэмээн эхэлдэг учраас өөрт маань их солиотой санагдаж байсан л даа. Тэгээд л “Солиорол” хэмээн нэрлэсэн юм. Цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрсөн байна. Зарим урлагийнхан маш эелдгээр хүлээж авч урам өгч байсан. Гэхдээ энэ дуу маань нэлээд шүүмжлэл дагуулсан. Хамгийн анхны CD-нд багтсан “Нэг л өглөө”, “Тэр гэрэл нь чи өөрөө”дуунуудыг маань хүмүүс таатай хүлээж авсан.

-Ер нь та хэзээнээс дуулж эхэлсэн юм бэ?

-Би багаасаа дуулах дуртай охин байлаа. Жаахан байхдаа зуслан дээр хүүхдийн дууны уралдаан болж байхаар нь сонирхоод яваад очсон. Аав, ээжүүд хүүхдүүдээ хөтөлж ирээд оролцуулж байхад би зохион байгуулагчаас нь гуйж байгаад “Чихэртэй зайрмаг” дууг дуулж түрүүлж байсан юм. Түүнээс хойш л байнга дуу сонсож, сонирхож, Алла Пугачёва, “Beatles”, “Мodern talking”, дуучин Б.Сарантуяа, Б.Ангирмаа эгчийн дуунуудыг сонсох, дуулах дуртай байлаа. Ангийнхаа төдийгүй бусад найз нөхдийнхөө ангийн тоглолтыг найруулдаг байлаа. Англи дуу дуулаачдын хоёрдугаар байрын шагналт, Сурагчдын дууны уралдааны шагналт гээд янз бүрийн уралдаан тэмцээнд оролцдог байлаа.

-Дууныхаа үгийг өөрөө зохиодог уу?

-Монгол дуунууд ихэвчлэн уянгын халилтай байдаг шүү дээ. Би дууныхаа үгийг бичихдээ шууд утгаар нь биччихдэг болохоор Монголд тийм ч зохимжтой биш санагдсан. Заримдаа аливаа зүйлийг шууд хэлчихдэг болохоор энэ зан чанар маань уран бүтээлд минь шингэчихсэн байх. Гэхдээ дууны ая зохиох нь илүү сонирхолтой санагддаг.

-Та урын сандаа хичнээн дуутай вэ?

-Гадаадад амьдардаг болохоор дуунуудаа рекламдаж олон нийтэд түгээж чадаагүй. Ямартаа ч миний зохиосон 30-40 дуу байгаа.

-Эх орондоо хэзээ ирэв?

-2001 оноос Германы Берлинд амьдарсан. Монголдоо ирээд найман сар болж байна.Хөл хорио тогтоочихсон болохоор гэрээсээ ажлаа хийгээд л байж байна.

-Та ямар мэргэжилтэй юм бэ. Мэргэжлийн дуучин уу?

-Би чинь хувьцасны технологич мэргэжилтэй. Багаасаа л дуулах сонирхолтой байсан болохоор хоббигоороо дуулж эхэлсэн.

-Хэдий өөр мэргэжилтэй ч хүсэл мөрөөдлөө дагаад дуучин болжээ?

-Германд байхад манай гитарын багш намайг дуулах авьяастай гэж хэлж байсан. Түүнээс хойш дуу зохиож эхэлсэн гэх үү дээ. Бага насны минь хүсэл мөрөөдөл бодол Германд очоод биелэлээ олсон. 2006 онд зохиож байсан ”Нэг л өглөө” дуугаа 2007 онд клипжүүлж байсан. Бүхнийг өөрөө хийх хүсэлдээ автаж энэ дуун дээрх хувцаснуудаа өөрөө оёоод өмсөж байлаа.

…Бүү гомдоо бас бүү зовоо миний сэтгэлийг

Цаг хугацаа чамд бүхнийг тодхон харуулна

Улирах аясын салхи намайг дагуулан дуудна

Цаг хугацаа бүхнийг харуулна

Улирах салхи намайг дагуулна аа

Нэг л өдөр чамаас нисэх вий

Нэг л өглөө чамайг мартах вий…

-Та шинэ уран бүтээл хийлгүй удсан байна. Цаашид дуу гаргахаар төлөвлөж байгаа юу?

-Сүүлд 2018 онд гурав дахь “Өөрийгөө бүү гээ” гэсэн CD гаргаж байлаа. Тэр үед бүр тоглолт хийхээр төлөвлөж байсан юм. Хувийн асуудал гараад уран бүтээлээ хойшлуулсан. Одоохондоо уран бүтээл хийгээгүй байна. Удахгүй шинэ уран бүтээлээрээ уулзана гэж бодож байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *