Categories
мэдээ цаг-үе

В.Балжинням: Заримдаа тоглоод “Би сансарт нисэхээр бэлтгэгдэж байсан” гэж ярьдаг

Шугам зургийн багш мэргэжилтэй ч хүүхэд залуусыг спорт, хөгжим, байгаль орчин, танин мэдэхүйн олон зүйлд уриалан дуудаж, өөрөө үлгэрлэж ирсэн ахмад багш В.Балжиннямтай ярилцлаа. Тэрбээр хүндийн өргөлтийн Дэлхийн болон Азийн аварга юм. Ахмад багшийг маш сониуч хэмээн товчхон тодорхойлж болох аж.


-Эзэмшсэн мэргэжлээс тань яриагаа эхлэх үү. Мөн та хүндийн өргөлтийн олон тэмцээнд амжилттай оролцож ирсэн юм байна?

-Би аравдугаар анги төгсөөд Улсын багшийн их сургуульд зураг хөдөлмөрийн ангид орж суралцсан. Шугам зургийн багш мэргэжилтэй. Уг мэргэжлээр 42 жил ажиллалаа. Оюутан болсон цагаасаа бөхийн болон хүндийн өргөлтийн секцэнд зэрэг явдаг байсан. 1962 оноос хүндийн өргөлтөөр хичээллэсэн гэсэн үг л дээ. Түүнээс хойш 57 жил болжээ. Би олон улсын хэмжээний мастер. Хүндийн өргөлтийн гадаад, дотоодын тэмцээнүүдээс 100 орчим медаль авсан. Алт, мөнгө, хүрэл холимог л байдаг. Гадагшаа тэмцээнд оролцоход 35-аас дээш насныхныг ахмад гэж тооцдог юм. Мастер ангиллын тэмцээн гэж ярьдаг. Үүнд өөрсдөө зардлаа дааж явна. 2010 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болоход оролцож алтан медаль авсан. Түүнээс хойш олон улсын тэмцээнд оролцвол бас ч гэж боломж байна гэж ойлгосон. Ганцхан зардал мөнгө л хэцүү юм. 2016 онд Япон, 2018 онд Хятад, энэ оны аравдугаар сарын 3-6-нд Америкт болсон Дэлхийн цомоос алтан медаль авсан. Дэлхийн аварга, дэлхийн цом хоёр үндсэндээ ижилхэн юм. 35-аас эхлээд тав таван насаар ангилагдана. Мастер 1,2,3,4 гэх зэргээр явдаг. Мөн жингийн ангилал байна. Сая би 81-89 кг-ын жинд өрсөлдсөн.

-Анх яагаад хүндийн өргөлтөөр хичээллэх болсон бэ. Таны удам сударт бяр хүчтэй хүн бий юу?

-Багшлахынхаа хажуугаар спортоор хичээллэж бие хаа хөгжөөд ирэхээр урамшаад буудлага, хөнгөн атлетик, чөлөөт бөх, хүндийн өргөлт зэргээр хичээллэж байсан. Заримд нь спортын зэрэгтэй. Мөн хэд хэдэн төрлийн хөгжим сонирхож байлаа. Ер нь оюутан байхаасаа зав зайгүй, олон зүйл сонирхож ирсэн дээ. Би багшийн дипломаас гадна фото зураг, чимэглэлийн зураг, чөлөөт бөх, хүндийн өргөлтийн секц удирдах тусгай үнэмлэхтэй. Мөн үлээвэр хөгжмийн дугуйланг удирдах үнэмлэхтэй их сүрхий амьтан төгсөж байлаа. Энэ олон сонирхол дундаас хүндийн өргөлт шалгарч, тууштай хичээллэсэн гэж болно.

Миний удамд бяртай хүмүүс байсан. Манай аавын аав маш их бяртай хүн байсан гэдэг. Адуу тэврээд саахалтын газар явчихдаг. Эсвэл дөрвөн хөлийг нь боочихоод мөрөндөө углаад алхчихдаг гэж ярьдаг байсан юм. Мөн гадны бөх наадам авахаар ирвэл манай хөгшин аавыг гуйж барилдуулдаг. Өөрөөр хэлбэл, наадмаа алдчихгүйн тулд тэгж байгаа юм. Бусад үед өвөө өөрөө барилдъя гэхгүй. Барилдаад байх ч хүн байхгүй байсан гэдэг. Манай аав мөн их бяртай хүн байсан. Манай удам сударт аймаг, орон нутгийн цолтой олон бөх бий.

-Та бэлтгэл сургуулилтаа хэрхэн хангаж байна вэ?

-Өөрийн бололцоогоор бэлтгэл хийдэг. Пауэрлифтинг гэдгийг сонирхоод нэлээн оролдсон. Азийн хоёр ч удаагийн аварга болсон. Тэмцээн нь Монголд болсон учир би оролцож байгаа юм. Түүнээс олон тэмцээнд явах зардал мөнгөний боломж байхгүй. Нондин Пауэрлифтингийн Азийн аварга Монголд болсон. Би дуртай хувцастайгаа орж түрүүлсэн. Дэлхийн аварга мөн Монголд болсон. Энэ үеэр дөрвөн брэнд хувцас заасан байсан. Тэр нь надад байхгүй. Тэтгэврийн хүн юугаараа авах уу. Ганц цамц нь бараг сая төгрөгийн үнэтэй юм билээ. Хүнээс хуучин хувцас авч орсон. Биед дасаагүй болохоор тэр юм уу, бэлтгэлд өргөдгөөсөө 20-30 кг-ыг дутуу өргөсөн. Хүрэл медаль авсан даа.


Монголын Олимпийн хорооны шагнал “Алтан Очир” авсан үе

-Бага өргөсөн шалгаан нь юу байв. Хувцас тэгж их нөлөөлөх үү?

-Удаан өмсөж байж дасах юм билээ. Жишээ нь, суултын комбинзоныг нь өмчихөөр штанкаа барьж авч чадахгүй байсан. Би 180 кг-д суучихдаг юм. Гэтэл саяын тэмцээнд 160-д суусан. Шахалт 130 хүргэж байсан. 110-ыг шахсан. 200 кг-ыг татдаг байсан. 170-ыг л татсан. Яахав хүрэл медаль авсан.

-Та спортоос гадна олон зүйл сонирхдог юм билээ. Энэ тухайгаа хуваалцахгүй юу?

-Спортод амжилт гаргах, аз жаргалтай амьдрахад эрүүл байх хэрэгтэй. Энэ ч үүднээс эрүүл байх ухааныг сонирхож ирсэн. Судалдаг гэсэн ч болно. Үүнийгээ бусадтай хуваалцаж байх юмсан гэж боддог. Тухайлбал, Америкийн хоолны эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан хүнийг тураах шидтэй сонгины жор маш үр дүнтэй байдаг. Тэрийг хэвлэж аваад, мөн хүний үзэл бодол, өөртөө итгэх итгэлд тус нэмэр болох болов уу гэж бодоод буддын шашны тарни, сургаалыг нэрийн хуудас шиг хэвлүүлж таарсан зарим хүнд тарааж явдаг юм.

Үүнээс гадна нийгэмд тус нэмэр болох үүднээс байгаль орчны чиглэлээр олон зүйл хийх юмсан гэж бодож явдаг хүн. Би олон мод тарьсан. Ер нь багаасаа мод ургамал сонирхож ирсэн. 1990-ээд онд ногооны газрыг багш нартаа хувьчлаад газартай болж олон сурагчид ногоо тарихыг заасан. Би найман хүүхэдтэй. Тэр болгонд мод ургамал, ногоо тарихыг зааж байлаа. Мөн хүүхдүүдтэйгээ хамтарч гурван ч байшин босгож байлаа. Энэ их сайхан санагддаг. Мөн мод төмрөөр янз бүрийн юм хийж зарна. Сандал, ширээ хийчихнэ. 1990-ээд оны үед зах зээлийн нийгэм гээд хүнд хэцүү байлаа. Бүгд л чадах ажлаа хийж амь зууж байсан үе.

Мод тарих ажлыг 2005 оноос эхэлсэн. Дэлхийн зөн байгууллагатай гэрээ хийж 30 гаруй айлыг удирдан зохион байгуулж Баянзүрх дүүрэгт хоёр жил ажилласан. Төмсийг яаж бага талбайд их тарих уу. Мөн Ботаникт нэг га газар түрээсэлж мод тарьсан. 30 орчим төрлийн ногоо тарьж байлаа. Ер нь 2005 оноос хойш 70 орчим мянган мод тарьсан даа. Одоо манай хашаанд 20 орчим төрлийн мод бий. Би хорооныхоо эмнэлэг, сургууль, албан газруудад бэлэглэчихдэг. Яахав, дэлгүүрт үнээр нь зарсан. Мөн АСЕМ болох гэж байна гээд зам дагуу мод тарихад 400 орчим мод хандивласан. Улиас хамгийн хурдан ургадаг мод шүү дээ. Дэлхийд Улиас таригчдын холбоо гэж ганц холбоо бий. Бусад модонд холбоо байхгүй. Хамгийн хурдан ургадаг учир цаасны үйлдвэрүүд тарьж ашигладаг. Тоос их шингээж, хүчилтөрөгчийг хамгийн их ялгаруулдаг мод юм. Хөвөн их ялгаруулдаг тул тэр нь харшил их өгдөг гэж ярьдаг. Энэ буруу.

-Танайх хаана вэ?

-Хотын бүр баруун захад. Найрамдалаас цааш Тахилтын ам гэж бий. 2008 оны үед найман хүүхэд, хөгшинтэйгөө нийлээд арван хүний нэр дээр нэлээн том газар авсан. Гүний худаг гаргасан. Би эхлээд 40 гаруй төрлийн ногоо тарьж байсан. Монголд тарьдаггүй ногоог ч тарьж байлаа. Гэвч хэрэглэх эзэн олдохгүй учир цөөлсөн. “Меркури”-д борлуулах гэж оролдсон ч байнгын нийлүүлэгчтэй тул минийхийг их хямд авах юм билээ. Шар буурцаг тарьж үзсэн. Эрдэнэшиш мөн тарьлаа.

-Таныг хөгжим тоглодог, зураг зурдаг гэж сонссон. Энэ тухай тодруулаач?

-Баян хуур, хуучир, гитар, үлээвэр хөгжим тоглож байсан. Мөн мэргэжлийнхээ хажуугаар дуу хөгжмийн багшийн туслах хийж байсан үе бий. Энэ бүхнийг хүүхдүүдэд таниулж, хичээллүүлэхийг зорьдог байсан. Зарим нь аятайхан сайхан явна. Нөгөө хэсэг нь сонирхдоггүй юм уу, залхуурдаг байж ч болно. Хаячихдаг. 1979 онд анхны техник спортын дугуйлангийн багш бэлтгэх курст намайг явуулсан. Ингээд улсын анхны аварга шалгаруулах тэмцээнээр миний бэлтгэж байсан хүүхэд нисэх загвараар алтан медаль авч байлаа. Анхны тэмцээнээр сансрын нисгэгч Ж.Гүррагчаа ирж уулзалт хийж байсан юм. Заримдаа би тоглоод “би сансарт нисэхээр бэлтгэгдэж байсан” гэж ярьдаг.

Улс орондоо нэртэй төртэй хүмүүсийн хөргийг зураад цомог хийчих юмсан гэж боддог. 1921 оноос хойш гавьяат цол авсан дүрслэх урлагийнхныг зуръя гээд 30 гаруй хүний хөргийг усан будгаар зурсан. Уг нь 60 гаруй хүн байгаа юм. Заримынх нь гэрэл зураг олдохгүй байна. Үүнийгээ гүйцэлдүүлэх юмсан гэж бодож явдаг. Би шугам зургийн багш. Тиймээс багшлахас гадна нам төрийн удирдагч нарын зураг, орос нөхөд, сансрын нисгэгч зэрэг баяраар жагсаалд авч явдаг том зургуудыг их зурсан. 60-70 хөрөг зураг зурсан байх. Би заримдаа 2-3 хоног дамнаад өдөр шөнөгүй, унталгүй юм хийчихдэг. Бие сайтайнх гэж бодож явдаг. Мөн нэг юмны араас улайраад сурчихсан зантай. Одоо бол холоос явж байгаа тул цагандаа их харамсдаг. Хотын төвд Спортын ордон дээр ирж бэлтгэлдээ орох гэж хоёр цаг явдаг. Буцахдаа бас ийм цаг зарцуулна. Долоо хоногт гурван өдөр бэлтгэл хийж байна. Хөгшрөөд ачааллаа бууруулахгүй бол болохгүй байна. Түүнчлэн, би орос хэлнээс хэд хэдэн ном орчуулж байсан. Үүний дунд сурах бичиг ч бий. Энэ мэтээр сонирхдог зүйл олон бий.

-Та хэдэн настай вэ?

-76 настай. Өдий насанд эрүүл саруул ингээд явж байгаа нь хүн дуртай зүйлдээ ядардаггүйтэй холбоотой. Би залуусыг дуртай ажлаа олж хийгээсэй. Юм болгоныг сонирхож байгаасай гэж хүсдэг. Зарим спортын залуус зөвхөн нэг чиглэлд анхаараад ном унших, эрдэм сурахыг орхигдуулдаг. Ингэж болохгүй. Аль аль талаа хөгжүүлж явах ёстой. Түүнчлэн, Оросын эрдэмтний перекись водоровда гээд устөрөгчийн исэл гэж байдаг. Манайхан үүнийг хэрэглэвэл одоогийн бүх өвчин эдгэнэ гэж боддог. Эмийн сангуудад хямдхан байдаг даа. Би 2006 оноос эхэлж ууж байна. Нэгээс хоёр жил уухад судасны холестрин алга болж, элэгний бүх төрлийн вирус арилна. Гол нь зөв хэрэглэх нь чухал байдаг. Яахав стандарт бус эмчилгээ гээд эмч нар намайг зэмлэдэг юм.

-Стандарт бус эмчилгээ бол хамаагүй ярьж болохгүй байх?

-Харин тэгж зэмлэх юм. Би бол энэ тухай их олон зүйлийг яримаар байдаг юм.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *