Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин Сайдын Яам нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтжээ.
Тодруулбал Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ оны гуравдугаар сарын 8-нд Бүгд Найрамдах Узбекистан Улсад албан ёсны айлчлал хийж Узбекистаны Гадаад хэргийн сайд Б.Саидовтай хэлэлцээ хийсэн юм.
Энэ үеэр Монгол Улсаас Төв Азид чиглэсэн гадаад бодлогыг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суух Дипломат төлөөлөгчийн газрыг Ташкент хотноо энэ онд багтаан байгуулах, Элчин Сайдын Яам нээх тодорхой нөхцөлийн талаар дэлгэрэнгүй ярилцсан.
Тэгвэл уг асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон байна.
Түүнчлэн тус айлчлалаар хоёр талын хэлэлцсэн зүйлсээс онцолбол:
- Монгол Улсын гадаад худалдааг төрөлжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсаас Узбекистан Улсад болон Төв Азийн бүс нутгийн улс орнуудад мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх,
- Узбекистан Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо нийлүүлэх,
- Монгол Улсад хүлэмжийн аж ахуй байгуулахад хамтран ажиллах,
- Mал эмнэлэг, хорио цээрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх,
- Хоёр улсын нийслэл хот хооронд шууд нислэг үйлдэх, агаарын замыг нээх зорилгоор Агаарын харилцааны тухай, Авто тээврийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус тус байгуулах,
- Манай оюутнуудыг Узбекистаны Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, арьс шир боловсруулах зэрэг бусад олон салбарт мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах талаар ярилцсан юм.
Манай улс Узбекистан Улстай 2022 оны зургаадугаар сараас харилцан визгүй зорчдог болжээ.