Увс аймгийн Улаангом хотод энэ сарын 7-ны өдөр 19 минут үргэлжилсэн хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Улаангом сумын найман багийн 500 гаруй айл усанд автаж, 10 айл усанд урссан талаар мэдээлсэн билээ.
Дээрх гамшгийн голомтонд Аймгийн Засаг даргын тамгын газраас 10 хүн, гурван автомашин, Онцгой байдлын газраас 35 албан хаагч, таван автомашин, нэг ковш, дөрвөн мотопомп, Цагдаагийн газраас дөрвөн автомашин, 45 албан хаагч, Хилийн цэргийн 0245-р ангиас 20 албан хаагч, дөрвөн автомашин зэрэг нийт 114 албан хаагч, 18 автомашин, 2 ковш трактор ажилласан байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улаангом хотын Галданбошготын 7 давхарын гражаас 620 тн, “Мөнгөн хээ” ХХК-ний 24 айлын орон сууцны гражаас 600 тн, Элбэг плаза төвөөс 80 тн, “Хос өргөө” орон сууцнаас 400 тн, “Нэтэнт” ХХК-ий 30 айлын сууцнаас 460 тн, 12 айлын орон сууцнаас 395 тн, ШШГА, УБХэлтсийн гражаас 286 тн, Аянчны 16 айлаас 770 тн, төрийн албан хаагчийн 24 айлын орон сууцнаас 280 тн, 2-р 10 жил орчмын гэр хорооллоос 820 тн ус соруулж, нийт 5091 тн ус зайлуулсан байна.
Улаангом хотын 3, 4, 5, 7, 10 дугаар багийн нийт 22 айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн 5-р багийн нутаг наадмын талбай орчмын нэг км газрын далан шуудууг сэргээн засварлах, усны гольдролыг өөрчлөх ажлыг зохион байгуулаад байгаа аж.
Одоогийн байдлаар үерийн гамшгийн хор хохиролыг арилгах, сэргээн босгох, засварлах ажилд 1735 литр буюу 3.3 сая төгрөгийн шатах тослох материалыг зарцуулаад байгаа ажээ.
Аймгийн Онцгой комиссоос хохирол тогтоох ажлын хэсгийг байгуулж газар тариалан, мал аж ахуй, гэр хорооллол, зам, барилга байгууламж, эрүүл ахуй, халдваргүйжүүлэлт гэсэн ангиллаар ажиллаж байна.