Өврийн сайхан хангай нутагаас өдгөө олон хүчтэн наадмын торгон дэвжээг чимэн зодоглосоор байгаа билээ. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутагт амьдарч байсан ах дүү гурван хүчтэний тухай хүргэж байна.
Энэ гурван хүчтэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутагт Тогтохын Сампилын гэр бүлд мэндэлжээ. Сампил гуайнх таван хүү хоёр охинтой айл байсан бөгөөд гурван хүү нь бага наснаасаа нутаг усандаа барилдаж эхэлжээ.
Т.Сампил гуай ч өөрөө бие хаа томтой их бяртай хүн байсан гэдэг. Гурван хүүгийн том нь аймгийн хурц арслан С.Лувсангомбо юм. Тэрээ 1955 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлэн аймгийн арслан цолыг хүртжээ. Түүний дараа жилээ С.Лувсангомбо арслан улсын наадмыг нутгийн бөх “шигшээ” хэмээх алдаршсан улсын начин Галсантай хамт хөтөлгөө морьтой зорьж байжээ.
Ингэж улсын наадмыг зорихдоо тэд “Төрийн их наадамд өөрийн чадлаар тав давна” хэмээн ярилцаж байсан гэдэг.
Ийнхүү хоёр хүчтэний хүсэл ёсоор болж улсын наадамд С.Лувсангомбо арслан зориж очсон улсын их баяр наадамдаа дөрөв давж тавын даваанд тэр үедээ улсын начин байсан Авхиа генералтай тунан барилджээ. Хоёр бөхийн барилдаан нилээн удаан үргэлжилж С.Лувсангомбо арслан давсан боловч дараагийн даваанд нэрийг нь дуудалгүй түүний оронд унасан бөх болох Авхиа гуайн нэрийг дуудан гаргаж барилдуулсан аж. Энэ талаар тухайн үед үзэж байсан наадамчин олон нь батлан хэлдэг байна.
Харин арслантай хамт явсан Галсан нь тав давж зургаагийн даваанд Булган аймгийн харъяат “Өвөр” н.Гомбосүрэн гэдэг бөхөд өвдөг шороодсон байна. Арслангийн амжилт үүгээр зогссонгүй 1961,1963 оны Өвөрхангай баяр наадмын тус бүр 5 давж шөвгөрсөн 1959,1964 онд Баян-Өндөр сумын баяр наадамд тус тус түрүүлсэн байна.
Харин дунд хүү болох аймгийн арслан С.Гомбодорж нь 1958 онд төрөлх сум Баян-Өндөр сумынхаа баяр наадамд түрүүлэн мөн тэр зунаа аймагтаа очиж түрүүлэн арслан цолыг хүртэж байжээ. Аймгийнхаа наадмын үзүүр түрүүнд Сант сумын харъяат “Тэмээ” Жамба хэмээх хүнтэй барилдан давж байжээ. Үүнээс хойш 1961 онд Баян-Өндөр сумынхаа наадамд ахин түрүүлсэн байна.
Түүний удмаас өдгөө аймгийн арслан Л.Батсайхан тогтмол сайн барилдаж байгаа билээ.
Харин бага дүү аймгийн заан С.Дорж нь сайн бөх төдийгүй сайн уяач хүн байв. Нутаг орныхон түүнийг хурц түргэн барилдаантай бөх гэдэг байсан гэж дурсдаг аж.
С.Дорж заан 1957 онд Өвөрхангай аймгийнхаа наадамд хоёр ахыгаа даган ирж барилдан тав давж аймгийн начин цол авсан байна. Харин 1961 онд Өвөрхангай аймгийн наадамд Зүүнбаян-Улаан сумын Р.Цоодолтой үзүүр түрүүнд үлдэн өвдөг шороодож аймгийн заан цол хүртсэн. Түүнийг аймгийн заан болсон жил Өмнөговь аймаг байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан анх удаа хөдөө орон нутагт 256 бөх барилдаж байжээ.
Энэхүү барилдаандаймгуудын түрүү бөхчүүдийг урилгаар барилдуулж байсан байна. Одоогоор бол чансаа өндөр бөхийн барилдаан болсон байна.
Тухайн Барилдаанд С. Дорж заан долоо давж наймын даваанд Дэмүүл арсланд өвдөг шороодож заан цолоо батлажээ. Хожимоо ч сум орон нутагтаа бол олон удаа үзүүр түрүүнд үлдэж байсан ба 1990 онд 60 настайдаа сумынхаа ахмад бөхчүүдийн барилдаанд үзүүр түрүүнд үлдсэн байдаг.
Түүний үр удмаас өдгөө сумын заан Б.Бат-Эрдэнэ тун амжилттай барилдаж байгаа төдийгүй сумынхаа баяр наадамын хоёр удаагийн түрүүг хуртээд буй юм. Өврийн сайхан хангайн ах дүү гурван хүчтэний тухай товч хүүрнэхэд ийм буюу.