БНХАУд хоёр долоо хоногийн туршид үргэлжилсэн XXIV өвлийн олимп ийнхүү түүх болон үлдлээ. Ковид, улс төр, Уйгарын асуудал, цаг агаар гээд түмэн бэрхшээл өмнө нь байсан ч гэлээ Хятад улс ямартаа ч олимпийг өндөр түвшинд элдэв зөрчил гомдолгүйгээр өөрийн зүгээс хүлээн авсан үүргээ бүрэн ухамсарлан зохион байгуулж чадав. Хятадын гурван бүс нутагт хуваагдан зохиогдсон энэ удаагийн өвлийн олимпийн цанын тэмцээнүүд өмнийн хилээс минь холгүй орших Жанчхүүгийн даваанд өрнөж чухамдаа цастай, жавартай Монголын маань өвлийн цаг агаар ямар байдгийг дэлхийд харуулсан нь сонирхолтой байлаа.
Агаарын үнэлэмж хасах арван хэмээс жаахан давах үед уралдах зайгаа богиносгож, цасан шуурга говьд өдөр бүр л харагддагтай адил хэмжээнд босход тэр өдрийнхөө тэмцээнийг цуцлаад л төв Азийн хүйтэн нутгийн хүмүүсийн хөх инээдийг хүргэхээр үйл явдлууд зөндөө л ажиглагдаж байх юм. “Валиева2022” гэх үйл явдалыг эс тооцвоос спорт талаасаа үзүүштэй, тэмдэглүүштэй, хожим хойно удаан хугацаанд дурсагдан ярих түүхтэй наадам байлаа шүү дээ. 24 дэх удаагийн өвлийн олимпийн наадамд ханатлаа наадаж элэг нэгт түмэн олноо баясгасан тамирчдыг онцолбол:
-Йоханнэс Бо, Норвеги, биатлон (дөрвөн алт ба хүрэл)
Богино зай, буухиа, холимог, багийн гээд бүх тэмцээндээ гүйсэн л бол түрүүлж байсан 28 настай норвеги залуу энэ удаагийн олимпод хамгийн олон алтан медаль хүртсэн тамирчин гэж нэрлэгдлээ.
-Мартэ Ульсбюү-Ройсэланн, Норвеги, биатлон (гурван алт, хоёр хүрэл)
15 настайгаасаа цана углаж, 31 хүрсэн хойноо од нь гийсэн шаргал үст Мартэ бүсгүй, эмэгтэйчүүд дундаа олимпийн таван медалийг “Бээжин2022”д хүртсэн цор ганц эмэгтэй
-Александр Большунов, ОХУ, цана (гурван алт, мөнгө, хүрэл)
Большуновыг Жанчхүүгийн даваанд зогсоох цаначин олдсонгүй. Энэ орос залуу эцэстээ “Хятад ер нь миний хоёр дахь эх орон боллоо” гэж уулга алдтлаа наадаж чадлаа.
-Ирэн Схөүтэн, Нидерланд, тэшүүр (гурван алт ба хүрэл)
Олимпийн тэшүүр гэхээр зөвхөн голландчууд нүдэнд харагддаг зуршил уджээ. Энэ удаа ч гэлээ өөрчлөгдсөнгүй. Тэр дундаа тэшүүрийн дөрвөн төрөлд медаль хүртсэн Схөүтэн бүсгүй бүр ч онцгойрно.
-Тереза Йохауг, Норвеги, цана (гурван алт)
Тереза 10 кмийн ганцаарчилсан ба скелиатонд түрүүлээд байсан амжилтаа олимпийн сүүлчийн өдөр марафонд манлайлсан ялалтаар баталгаажуулан Бээжингийн олимпийн гурван удаагийн аварга боллоо
-Сүзаннэ Схюлтинг, Нидерланд, шорт-трек (хоёр алт, мөнгө, хүрэл)
Нидерландын тэшүүрчид том талбайг эзэгнээд зогсоогүй жижиг талбайг ч гэлээ эрхшээлээ. Тод жишээ нь Схюлтинг. Энэ бүсгүй 1000 метр, 3000 метрийн буухиад аваргалж 500 метрт мөнгөтэй, 1500д хүрэлтэй олимпийг өндөрлүүлжээ.
-Айлин Гу, БНХАУ, фристайл (хоёр алт, мөнгө)
Хятад улс өөрийн оронд зохиогдож буй олимп гэдгээрээ амжилттай оролцохыг эртнээс хүсч тэмүүлсэн. Тийм учраас амжилт гаргах боломжгүй төрлүүдээр элэг нэгт өөр улсад амьдардаг хүмүүс рүүгээ анхаарал хандуулсны нэн жишээ нь Гу билээ. Сан Францискод төрж, Америкт амьдралаа өнгөрөөсөн Гу бүсгүй эцэг эхийнхээ нутгийн иргэншлийг сэргээн хоёр алт, мөнгөн медалиар итгэлийг нь ивээлээ. Энэ удаагийн өвлийн олимпийг Норвегийн шигшээ баг 16 алт, найман мөнгө, 13 хүрэл нийт 37 медальтайгаар бусад улсуудаа манлайлсан нь урьд өмнө гарч байгаагүй амжилт юм байна.
Б.ХУЛАН