Categories
мэдээ спорт цаг-үе

Өвдөглөхөөс өөр заншилгүй англичуудад өнөөдөр л өндийх боломж бий

Та өөрийгөө Увсад төрсөн, таван сайхан хүүтэй малчин айлын гэрийн эзэн байна гээд төсөөл дөө. Гэрийн хатавчинд чинь зодог шуудаг хавчуулаастай, хүүхдүүд чинь ухаан орсон цагаасаа л хоорондоо ноцолдож дээлийн суга, юугаа ханзлан эхнэрт тань лай удан өсч буй зураглал харагдана биз дээ. Өөрөө та наадам дөхөхөөр “манай аймгийн хэн түрүүлж, үзүүрлэх бол” хэмээн догдлоод л. Гэтэл 25 жилийн хугацаанд ямар ч бөх нь зааны даваанаас цааш шалгарч чадахгүй яваад байвал яах уу. Гаслана, гайхна биз дээ. Англичуудын хувьд хөлбөмбөг нь яг л тийм юм. Тэд хөлбөмбөг хэмээгч гайхалтай тоглоомыг сэдсэн, түүгээрээ бүрэн өвчилсөн, бүх цаг үед хэзээ ч тасралгүй үеийн үед дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийг төрүүлж, яаж ч ядарсан бай гэмээнэ Европдоо л шилдэг багуудын нэгэнд нэрлэгдээд пижигнүүлж л явдаг хүмүүс. Ах дүү Чарльтон, Бобби Мур, Брайан Робсон, Алан Ширер, Пол Гаскойн, Леникер, Лампард, Жеррарьд, Оуэн, Бекхэм, Руни гээд одуудыг үй түмээр нь нэрлэж болно. Тэд үндсэн багтаа гялалзаж, Аваргуудын лигийн тоглолтуудыг чимж алдрын тавцанд зогсож явах үедээ улсынхаа шигшээ багтаа багтан ирээд “амьгүй” болчихдог уламжлалтай байлаа. Түүх жаахан сөхье л дөө.

Европын хөлбөмбөгийн АШТ-ийг 1964 оноос хойш 15 удаа зохиоход англичууд ганцхан удаа буюу 1996 онд өөрийнхөө нутагт зохион байгуулсан тэмцээнд яг одоо үзүүлээд байгаа амжилт болох шилдэг дөрвөн багийн хэмжээнд хүрч байлаа. Аан тийм 1968 оны хагас шигшээд багтсан түүхийг зарим хүмүүс ярьдаг юм. Гэвч тэр үед зохион байгуулалт нь өөр байсан, ерөөсөө хэсгийн тоглолтоос шууд дөрөвхөн баг шалгарч байсны нэг нь англичууд байсан тул арай өөр өнцгөөс дүгнэх юм. Үүнээс өөр гавьсан амжилт байхгүй. Үзүүрлэж ч үзээгүй.

Евро-1964, 1972, 1976, 1984, 2008 онуудад хэсгээсээ шалгарч чадаагүй.

Евро-1980, 1988, 1992, 2000, 2016 онуудад хэсгээсээ шалгарсан ч гэлээ хасагдах шатны эхний даваанд бүдэрсэн.

Евро-2004 тэмцээнд шилдэг наймд багтсан ч гэлээ Португалийн шигшээ багт торгуулийн цохилтоор нухуулсан.

Евро-2012 тэмцээнд мөн л шилдэг наймд багтсаны дараа италичуудад торгуулийн цохилтоор хожигдон хасагдсан.

Ер нь англичууд торгуулийн цохилт гэх азын сугалаанд тун тааруухан ханддаг уламжлалтай хүмүүс. Бас тэднийг ДАШТ, ЕАШТ-үүдэд ихэвчлэн итали, испани, голландчууд нухчихдаг түүхтэй. Үүнд хэд хэдэн шалтгаан байдгаас хамгийн их үнэнд дөхөм нь сэтгэл зүйн бэлтгэл гэж ярьдаг юм билээ. Англид том тэмцээн эхэлхээс хавьгүй өмнө хэдэн хэвлэл нь мууг зөгнөж шигшээ багаа нухаж эхэлдэг. Зүгээр ч муулахгүй, ул суурьтай, баримт нотолгоотой, муухан эрдэм шинжилгээний ажил агаатай зүйл нийтэлж, сайхан гөвнө дөө. Тэгээд л нөгөө одууд нь сөхөрчихдөг. Одоо энэ шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчийн албыг хашиж буй Гарет Саутгэйт Евро-1996 тэмцээний үеэр гайгүй сайн төвийн хамгаалагч гээд улсынхаа шигшээ багт гүйж явлаа. Тэд хагас шигшээд испаничуудтай таарч тэнцээд эцэстээ торгуулийн цохилтоор хувь заяагаа шийдэх мөч ирхэд энэ Саутгэйт цохилтоо алдан англичууд мултарч байсан юм. Тэр тухайгаа “Би англичууд зөвхөн өнөөдөр яг энэ цаг үед ядаж л хүрч үзээгүй финалынхаа тоглолтод (аварга болох талаар ярьсангүй) очих шалтгаантай юм бэ гэдгийг хэлье.

1. Английн шигшээ баг энэ тэмцээнд тун прагматик тоглолтыг үзүүлж байгаа. Хэсгийн тоглолтуудаас эхлээд бага, дунд шигшээ хүртэл тэд ямар ч гайхамшиг, уран гоё хууралт, дуу алдам дамжуулалт, эхнээсээ эцэс хүртэл үргэлжлэх сансарын хурд мэтийг харуулаагүй. Английн хэвлэлүүдийг олоод уншаарай. Сэтгүүлчид нь эхний өдрөөс эхлээд л шигшээ багаа хэтэрхий прагматик тоглож байна гээд л муулаад эхэлсэн. Тасарцан хамгаалалт, эцсээ хүртэл өрсөлдөгчдөө ямар ч боломж өгхөөргүй хамгаалсан тактик, зай гарвал түргэн ашиглах хоёр жигүүрийн довтолгоо, хурдтай, богино хугацаанд өрсөлдөгчийнхээ хаалга руу тэмүүлэх довтлогч нар тэгээд стандарт цохилтууд.

2. Англичууд сайн хамгаалалтынхаа ачаар шилдэгт үлдсэн ба дөрвөн баг дотроо огт гоол алдаагүй яваа баг нь гэж нэрлэгдэж буй. Ер нь энэ удаагийн ЕАШТ-д оролцож буй 24 баг дотроо англичууд шиг бөмбөг алдаж үзээгүй баг байгаа юм уу.
3. Тэд хагас шигшээ тоглолтыг нутагтаа Уэмблидээ зохионо. Ер нь үлдсэн тоглолтууд бүгд Англид явагдана. Тиймээс Английн шигшээ баг яг одооноос эхлээд өөрийнхөө нутагт зохиогдож буй ЕАШТ-д оролцож байна

гэсэн үг. Өөрийнхөө хөгжөөн дэмжигчид пиг дүүрсэн цэнгэлдэх хүрээлэнд шүү дээ. Ухайлан хашгирах хөгжөөн дэмжигчид гэдэг чинь нэг илүү хөлбөмбөгч л гэсэн үг. Тэгээд тэр балиашигууд нь англичууд байх аваас.

4. Тэд шилдэг дөрөвт үлдсэн багууд дотроосоо хамгийн сул нь гэж хэлж болохоор даничуудтай таарч байгаа. Данийн шигшээ багийг сул гэж хэлж буй нь харьцангуй ойлголт юм шүү. Гэхдээ л Итали, Испанийн шигшээ багтай таарсанд орвол арай дөмөгхөн нь тэд юм.

5. Сэтгүүлчид нэг сонин тохиолдолыг анзаарсан байна лээ. Энэ удаагийн ЕАШТ-д цагаан өмсгөлтэй талбайд гарсан баг хожигдохгүй байгаа гэдгийг. Швейцарь Францийг, Англи Германыг, Чех Нидерландыг, Итали Бельгийг хожихдоо бүгд цагаан цамцтай байсныг онцолж. Хөлбөмбөгт огт хамаагүй шүтлэг ч гэлээ жирийн цагт бол дээрх хосуудын хожигдсон нь хожсныгоо хусах магадлал хавьгүй өндөр гэдгийг бодвол ч. Англичууд хагас шигшээд Данийн шигшээ багийн эсрэг тоглохдоо эзэн баг гэдэг утгаараа цагаан цамцтай тоглох юм билээ.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *