“Би хараагүй, гэхдээ би та нар шиг сэтгэж чадна, хийж чадна” хэмээн нэгэн хараагүй залуу Төрийн ордонд болсон хурал дээр хэлсэн санагдана. Тэр үед хурлын танхим дүүрэн суусан залуус ганцхан түүн дээр анхаарлаа төвлөрүүлж байсан. Эвэртэй туулай үзсэн мэт залуус зангиагаа засч байсан бол зарим нэг нь өрөвдөж хайрласан харцаар ширтэцгээж байсан. Түүний хоолой эрэмгий хийгээд зоримог сонстоно.
Гэхдээ тэр залуу хэн нэгнээр өрөвдүүлэх гэж зориуд олны анхаарлыг татаагүй юм. Би хараагүй ч гэсэн та нартай адилхан сэтгэж чадаж байна. Хийж байна. Бүр ихийг хийхийн төлөө тэмүүлж байна. Ертөнцийг бүхэлд нь харж, гэрэл гэгээг мэдэрч суугаа эрхэм та яагаад боломжийн төлөө зүтгэхгүй байна аа, залхуугаа ял л даа гэж итгэл төгс хэлсэн.
Өнөө цагт юм бүхэн хөгжлийнхөө дээд шатанд хүртлээ шахам хөгжиж байгаа. Гэхдээ залхууг дарах эм тан гаргаж амжаагүй л яваа. Олоон жилийн өмнө ангийн маань хүүхэд “Хичээл хийх гэхээр залхуу хүрээд байх юм. Ер нь лам нарт залхуугаас салгах тарни гэж байдаг болов уу” хэмээн асууж байсан нь тодхон санагдана. Залхуугаас салах тухай хүн бүр ярьдаг ч залхуугийн ганц ерөндөг бол хичээнгүй байх юм. Аливаа тарнийн жинхэнэ үр дүнг үзье гэвэл уйгагүй хичээл зүтгэл шаардлагатай болдог.
Залхуу бол ололт амжилт бүхний хаалт тээг болдог. Тиймээс энэ хаалтыг нураагаад гарах ганц арга нь хөдөлмөрлөх. Танд ямар ч тарни, ямар ч бурхан хэрэггүй. Хичээл зүтгэл бол амжилтын түлхүүр. Энэ түлхүүрээ бат атгахын тулд хичээх л хэрэгтэй. “Би хараагүй, гэхдээ би та нар шиг сэтгэж чадна, хийж чадна” хэмээн хэлсэн тэр үг одоо ч зүрх сэтгэлд минь цуурайлсаар байна.