Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн салбарын хуулиудын давхардлыг арилгана

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалд Эрдэс баялгийн салбарын цөм болсон 10 гаруй хуулийн төслийн саналыг Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид хүлээлгэн өглөө.

Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн дэмжлэгтэйгээр ийнхүү 10 гаруй хуулийн хийдэл, зөрчил, давхардлын тайлан, эдгээр хуульд оруулж болох нэмэлт, өөрчлөлтийн төслийн саналыг бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийнхэн:

-Ашигт малтмалын тухай

-Газрын тосны тухай

-Газрын хэвлийн тухай

-Газрын тосны бүтээгдэхүүний тухай

-Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай

-Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

-Цөмийн энергийн тухай

-Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай

-Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай зэрэг 10 гаруй хуульд дүн шинжилгээ хийж, нийт 267 давхардал, 150 хийдэл, 150 зөрчлийг тогтоон, нэгтгэсэн байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах судалгааны тайланг судлаж дээрх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн багтай хамтран боловсруулсан ба Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Улсын Их хурлын энэ намрын нэгдсэн чуулганд хуулийн төслийг хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Хуулиудын уялдааг хангах нь иргэд, аж ахуйн нэгж, төр хуулийн зохицуулалтын талаар нэгдсэн ойлголттой болж, аливаа хэрэг маргаан буурахад нөлөөлөхөөс гадна үндэсний болон гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс байнга шүүмжлэлд өртдөг эрдэс, баялгийн хууль тогтоомжийн эрх зүйн орчны ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг багасгахад чухал ач холбогдолтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *