Categories
мэдээ нийгэм

Уул уурхай салбарын бүх мэдээлэл цахим хэлбэрт шилжлээ

Уул уурхайн салбарын бүхийл мэдээллийг багтаасан мэдээллийн нэгдсэн сан нээлээ. Энэ талаар өнөөдөр Уул уурхайн яамнаас мэдээлэл хийсэн юм.

“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын цахим тайлагналын системийг нэвтрүүлэх” төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр, Адам Смит интернэйшнл хүрээлэнгийн техник туслалцаатайгаар “Монгол Улсын Интерактив” ХХК 2014-2015 онд гүйцэтгэж, системийг ашиглалтанд орууллаа.

Уул уурхайн салбарын тусгай зөвшөөрөл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт, төлсөн татвар төлбөр, хандив, дэмжлэг зэрэг өргөн цар хүрээний мэдээлэл нэг дор төвлөрчээ. Энэ мэдээллийг иргэн, байгууллагын хэн ч, хаанаас ч авах боломжтой аж.

Цахим мэдээллийн нэгдсэн сангийн талаарх дэлгэрэнгүйг www.eitimongolia.mn авах боломжтой.

Дэлхийн байгалийн баялаг арвин 50 гаруй улсад хэрэгжиж байгаа Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга нь баялгаас бий болсон орлогыг олон нийтэд ил тод болгож, түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв зарцуулахад оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн юм. Монгол Улс энэхүү санаачилгад 2006 онд нэгдсэн бөгөөд төр, компани, иргэний нийгмийн тэнцүү төлөөлөл бүхий Үндэсний зөвлөл, Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Үндэсний зөвлөлийн даргаар, орлогч даргаар Уул уурхайн сайд ажилладаг бөгөөд 2006-2015 онд Монгол Улс ОҮИТБС-ын нийтдээ 9 жилийн тайланг хэвлэн нийтэлж олон нийтийн хүртээл болгожээ. Энэ хугацаанд тайланг давхардсан тоогоор уул уурхай, газрын тос, ураны 4701 аж ахуйн нэгж гаргаж, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, хандив, дэмжлэгийн мэдээллээ ил тод болгосон бол Засгийн газар давхардсан тоогоор 6858 аж ахуйн нэгжээс хүлээн авсан орлогоо тайлагнасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *