Categories
мэдээ цаг-үе

Өөдрөг сайхны жишээ болсон Ц.Буянбатынх

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж энэ удаагийн “Танайд өнжье” буландаа хорь гаруйхан настай ч ихэр дөрвөн хүүхдийн аав, ээж болсон Ц.Буянбат, Б.Наранцацрал нарын гэр бүлийг онцоллоо. Эднийх Таван шарын орчим байрлах хоёр өрөө байранд амьдардаг байна. Хотын утаанаас болж бяцхан ихэр охидууд нь байнга л хамрын ханиад хүрчихдэг учир агаар сайтай газар өвөлждөг гэнэ. Тийм болохоор Улаанбаатар, Ховд аймаг хооронд ирэн, очин амьдардаг ажээ. Биднийг очиход Ц.Буянбатын эхнэр бага ихэрүүдийнхээ живхийг нь сольж, том хоёрынхоо үдийн ундыг бэлтгэн нуруу тэнийх завгүй хүүхдүүдээ асарч байв. Залуу гэр бүл гэхэд дутах зүйлгүй сайхан амьдарч байгаа нь гэр дотроос шууд л харагдав. Хоймортоо бурхан шүтээнээ залж, наагуур нь таван төрлийн идээ будааг дээжлэн тавьжээ. Мөн хурдан морины хусуур, хазаар, түрүү, айраг хүртсэн медаль зэргийг эгнүүлэн өрсөн байна. Ийн гэрийн хойморт залрах хүндтэй эдлэлүүдийн хажуугийн хананд нутгийнхаа уул, гэр бүлийн зургаа өлгөсөн харагдана. Алсад цэнхэртэн харагдах уулын наана мэлтэлзэн мяралзах нууртай энэхүү зургийн дор “Хар-Ус нуур, Хан Жаргалант алтай” хэмээн тайлбар бичжээ. Гэр бүлийн зурагт орон дээр өлгийтэй унтаж буй ихэрүүдийн зураг багтаагүй байна.

Эдний том ихэрүүдийг Б.Хишигзул, Б.Хишигзол гэнэ. Хоёр настай. Харин бага ихэрүүд болох Б.Энх-Энэрэл, Б.Энх-Амгалан нар нь гурван сар гарантай нялхаараа ажээ. Ихэр битгий хэл нэг хүүхэд өсгөх ямар хэцүү болохыг зарим эцэг, эхчүүд дуу алдан ярьдаг. Харин жил дараалсан төрөлтөөр ихэр дөрвөн хүүхэдтэй болсон залуу гэр бүлд бусдаас дөрөв дахин хариуцлагатай байх өдрүүд ийн үргэлжилж буй юм.

Энэхүү өндөр хариуцлагыг үүрч яваа залуу аав, ээж хоёр маань Ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид суралцаж төгсжээ. Арван жилээсээ л нэгнийхээ сайн, муу занг мэдэлцэж, гэр бүл болсон болохоор амьдралд тохиолдох бэрхшээл бүрийг давхад хэцүү биш байдгаа түүний эхнэр Б.Наранцацрал ярьж суув. Ц.Буянбат дунд сургуулиа төгсөх жилээ нийгмийн тухай мэдлэг хичээлээр улсын олимпиадад амжилттай оролцож Монгол Улсын их сургуулийн хуулийн ангид үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнуулсан байна. Улмаар сургуулиа төгсөх жилээ цэрэгт татагдан Ховд аймагт алба хаажээ. Цэргээс халагдаж ирээд сургуулиа амжилттай төгсөж, эхнэртэйгээ нэг гэрт орж, хоёр ихэр хүүхэдтэй болсон гэнэ.

Дөнгөж сургуулиа төгсөөд ажилд ч ороогүй байтал эхнэр, хүүхэдтэй болсон болохоор гэр бүл толгойлон авч явах эхэндээ хэцүү байсан гэдгээ Ц.Буянбат хэллээ. Тэрбээр “Тэр үед хоёр ихэрдээ живх, эхнэртээ сүү оруулах хүнс бэлтгэх, байрны ус, цахилгаан гээд өдөр тутмын хэрэглээнд царцуулагдах мөнгө олох гэж ажил бүрийг голохгүй хийж байлаа. Их сургууль төгсөөд шууд ажлын байртай болно гэдэг амар биш юм билээ. Би хуульч мэргэжлээр төгсөөд олон ч газар очиж ажилд орох материал бөглөн, хөөцөлдөж үзсэн. Гэвч ажил олдоогүй. Тийм болохоор цагийн ажил хийж хажуугаар нь фото зураг дарж, гэртээ хэвлэн хэдэн төгрөг олдог байсан. Аль болох хоёр талын эцэг, эхээсээ юм гуйж шалгаахгүй өөрсдийнхөө хөдөлмөрөөр амьдралаа авч явна гэсэн бодолтой байдаг. Гэхдээ аав, ээж, ах дүүс маань бидэнд байнга л дэм болно. Улаанбаатар хотод хэрэглээ өндөр, утаа, тоос шороо, дуу чимээ ихтэй болохоор Ховд аймагт очиж амьдарсан. Нутагтаа ирээд удаагүй байтал бага ихэрүүд маань төрсөн л дөө. Ингээд хоёрхон жилийн дотор дөрвөн хүүхэдтэй болчихсон. Том хоёр нь гараас гарч амжаагүй байтал дахиад хоёр хүүхдийн даавуу угаана гэдэг хэцүү хэрнээ бөөн аз жаргал юм билээ” гэв. Залуу гэр бүлд заримдаа шантрах зүйл гардаг ч зовлон биш давах л даваа гэж боддог гэнэ. Биднийг ийн ярьж суух зуур гэрийн эзэгтэй хэзээний хоол хийчихсэн ширээнд суухыг урьлаа. Хүүхэд харах том ажлын хажуугаар гэрээ цэвэрлэж, хоол хийнэ гэдэг хэцүү харагдав ч түүний өдөр тутмын үйлдэл аж. Ц.Буянбат саяхнаас Ховд аймгийн Прокурорын газарт мэргэжлээрээ ажиллахаар болжээ. Тэрээр хуульч мэргэжилтэйгээс гадна хурдан морь сонирхон уяж, уралдуулдаг байна. Аймаг, сумын хэд хэдэн түрүү, айраг хүртсэн гэдгээ хэлээд гэрийн хойморьт эгнүүлэн тавьсан хурдан морьдынхоо медаль, өргөмжлөл, зураг хөрөг, хазаар, ногтоо харуулж байв. Монгол хүн тэр дундаа эр хүн морио дээдлэж, өв соёлоо хүндэтгэх нь буян болдог хэмээн бэлгэшээдэг гэнэ. Ийн хурдан морь уяж, уралдуулахаас гадна зүүн аймгуудаас хурдан адуу авч баруун аймгуудын уяачдад худалдаалдаг гэдгээ хэлэв. Үүнээс олсон ашиг амьдрал ахуйд нь ихээхэн дэм болдог ажээ. Ц.Буянбатын өвөө Монгол Улсын сайн малчин Гомбосүрэнгийн Дамдиндорж хэмээх нутаг усандаа хүндтэй буурал байж. Өвөөгийнхөө дэргэд өссөн болохоор багын л хэрсүү ухаантай, малд нүдтэй болсон гэнэ. Тэр ч утгаараа малын буян, ажлын хүчээр амьдралдаа алзахгүй гэдгээ бардам хэлж байв. Эднийх Төрийн орон сууцны корпарацийн байранд түрээс төлж амьдардаг байна. Анх байрандаа орж ирэхэд түрээс нь боломжийн байсан ч хоёр жилийн дотор шат дараатайгаар хэд хэдэн удаа өссөн гэнэ. Энэхүү ТОСК-ийн байрныхан Ц.Буянбатын гэр бүлд их сайн байдаг аж. Залуу хүмүүс хэрнээ бусдад их тусархуу, ажилласаг, найрсаг гэр бүл байдгийг тус байрны оршин суугчид нь ярьж байв. Эднийх гурван давхарт амьдардаг. Ихэр дөрвөн хүүхдээ гадаа салхилуулах гэж авч гарахад хэцүү байдаг аж. Гэхдээ нэг давхарт амьдардаг хөрш өвөөгөө дуудаж, тусламж авдаг гэнэ. Шөнө орой ихэрүүд нь юмнаас айж уйлахад нэг давхрын өвөөг дуудаж, үлээлгэчихээр зүгээр болчихдог гэв. Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг гэдэг шиг л дэм дэмэндээ болцгоодог бололтой. Боловсролтой, чадвартай залуу хүмүүс учир хийж болох бүхий л ажлын хойноос хөөцөлддөг гэнэ. Тэд гэртээ ч зүгээр суугаад байдаггүй хүмүүс аж. Гэрийн эзэн Ц.Буянбат ажлынхаа хажуугаар гэртээ аквариумын загас өсгөн үржүүлж, борлуулдаг бол эхнэр Б.Наранцацрал нь ихэрүүдээ өсгөхийн зэрэгцээ юмханаар ээмэг, бөгж, гоёлын зүүлт хийж, интернетээр зардаг байна. Мөн монгол дээл, гутал, хөөрөгний дайлан гэх зэргээр урлаж болох бүхий л зүйлийг оёж, худалдаалдаг гэв. Нөхөр нь адуу, загас, фото зураг зэргээр бизнес хийчихдэг. Эхнэр нь оёдол, эсгүүр, гоё л чимэглэл хийчихнэ. Энэ хоёр үндсэн ажлынхаа хажуугаар ийн ахуйн бизнес эрхэлдэг болохоор гэр бүлийн эдийн засагт хүндрэл учраад байдаггүй гэв. Бүр аав, ээжүүдийнхээ цагаан сарынх нь тавгийн боовийг бэлдчихдэг гэж байна. Үнэхээр л өөдрөг, сайхны жишээ болсон айл гэдэг нь харагдаж байсан юм. Цагаан сарын өмнөхөн эднийд Монгол Улсын Их Хурлын гишүүн асан Мөнхчулууны Зоригт зочилсон байна. Энэ үеэр тэрээр ажиллсаг, хийж бүтээхийн өрнүүн их хүсэлтэй, ихэр дөрвөн хүүхэдтэй Ц.Буянбатын гэр бүлийг онцолж дээрх үгийг хэлсэн ажээ. Нийгэмд Ц.Буянбатынх шиг жишгээр амьдрал ахуйгаа авч явдаг гэр бүл олширвол улс, эх орны хөгжил нүд эрмэх төдийд л дэвшинэ гэдгийг онцлон ярьж байв. Ц.Буянбат ирээдүйд шүүгч болох зорилготой гэнэ. Тэрээр “Манай улсад хууль хүн бүрт эрх тэгш үйлчилж чадахгүй байгаа. Иргэд үндсэн хуулиар олгогдсон эрхээ бүрэн эдэлж чаддаггүй. Мөн ирээдүй хойч үеийнхээ хүмүүжил, нийгэмд эзлэх байр суурийг нь бэхжүүлэх төрийн бодлого дутмаг байдаг. Залууст хөгжих боломжийг нь хангалттай нээж өгөх хэрэгтэй. Тэднийг юм бүхнээр дэмжих ёстой. Нөгөө талаараа залуучууд өөрсдийгөө маш сайн дайчлаж сурах хэрэгтэй болов уу. Хэтэрхий эрх байна гэж боддог. Өнөөгийн нийгэмд хүн мэдлэг, хөдөлмөр, мэдээллээр л хөгжинө. Гэр бүлтэй болсон залуучууд маань амьдралынхаа төлөө тууштай тэмцэх хэрэгтэй. Нэг л олдсон амьдрал юм чинь хүн шиг сайхан амьдраад л дуусгах ёстой гэж боддог. Хоёрын хооронд хэн ч биш амьдрах дэндүү уйтгартай шүү дээ. Эхнэртэй болсон бол эхнэрээ насаараа хайрлаж, халамжлах хэрэгтэй. Хүүхэдтэй болсон бол хариуцлагаа ухамсарлаж амьдралаа зөв авч явах ёстой. Ер нь хийж байгаа ажил бүртээ хариуцлагатай л байвал болдог юм шиг санагддаг. Би хэдий залуу ч дөрвөн хүүхдийн эцэг. Тийм болохоор надад өвдөх ч эрх байхгүй” гэлээ. Биднийг ийн ярилцаж байтал эдний удаах охин Б.Хишигзул буюу “дүрсгүй шар” хоол идэж байсан тавгаа ширээн дээрээс унагаад хагалчихлаа. Таваг хагарах чимээнээр хоймрын орон дээр өлгийтэй унтаж байсан ихэрүүд зочин сэрж, уйллаа. “Дүрсгүй шар” дүү нараа сэрээсэн хэргээр ээжээрээ аашлуулж, бас л уйлав. Харин том охин Б.Хишигзол аавынхаа утсаар хүүхэлдэйн кино үзээд чимээгүйхэн буланд сууна. Надтай ярилцаж суусан гэрийн эзэн, цай аягалж зогссон гэрийн эзэгтэй хоёр өлгийтэй ихэрүүдээ нэг нэгээр нь тэвэрч бүүвэйлнэ. Гэр бүлийн аз жаргалын нэгээхэн хэсэг нь энэ биз. Хэдхэн жилийн дараа дэрсхэн өссөн ихэрүүд аав, ээжийнхээ гарын үзүүрт зарагдаж, ирээдүйд эцэг, эх шигээ ажилласаг, ухаантай хүмүүс болон төлөвшиж, энэ улс орноо хөгжүүлэн бадраах нь гарцаагүй юм. Ц.Буянбатынх гурван охин ганц бандитай. Том хоёр охиноо төрөхөд тэрээр “Миний охидууд ямар хүнтэй суух бол” хэмээн анх боджээ. Эцэг хүн охин үрдээ амь гэдэг дээ. Охин үр нь өсөж томроод нэг л мэдэхэд хүний хүн болно. Алсын энэхүү бодлыг эцэг нь төрөхөд л нүдэндээ дүрслэн бодсон байна. Удахгүй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Эл өдөр Ц.Буянбат түүний бага хүү Б.Энх-Амгалан нар эгч, ээж нараа баярлуулах гэж одооноос л гэрийн ажлаа хийж эхэлсэн гэнэ. Ямар ч баярын өдөр үнэтэй бэлэг сэлт хэн нэгэнд өгөхөөс илүү бүтэн дулаан гэр бүлтэйгээ хамт халуун хоол идэж, инээлдэн хөхрөх, уйлж, аргадуулахын аз жаргал хаа байх билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *