Орхон аймагт “Нийгмийн Эрүүл мэндийн төв”-д “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх” төвийг нээлээ. Уг төвд ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх бөгөөд өсвөр насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Уг төвийг Орхон аймагт нэг жилийн турш үргэлжилсэн “Сэтгэлийн анир” төслийн хүрээнд нээж байгаа юм. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүүгийн санаачилгаар 8-12 дугаар ангийн сурагчдад сэтгэл зүйн боловсрол, зөвлөгөө өгөх зорилгоор 2017-2018 оны хичээлийн жилд “Сэтгэлийн анир” төсөл хэрэгжсэн. Үүний хүрээнд сэтгэл зүйч, гэр бүл судлаач, хүүхдийн сэтгэл зүйч, сэтгэц, наркологийн эмчийн бүрэлдэхүүнтэй баг төрийн өмчийн 16, хувийн гурав, Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн хоёр төвийн 8-12 дугаар ангийн 5000 орчим сурагчдад сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгчээ.
Мөн сэтгэл зүйн боловсрол олгох сургалт, “Өсвөр насны сурагчдын стрессийн түвшин, сэтгэл гутрал, гэр бүлийн харилцааны сэтгэл ханамжийг илрүүлэх” судалгаа авсан байна. Судалгаанд 4797 сурагч хамрагджээ. Судалгааны дүн хараахан гараагүй байна.
Харин сэтгэл зүйчдийн баг сурагчидтай уулзахад, дийлэнхи нь гэр бүлийн харилцаа, үе тэнгийнхэнтэйгээ харилцах, үе тэнгийхний дарамт, гадуурхал, ганцаардлын асуудлаар зөвлөгөө авсан байна. Тодруулбал, 1254 хүүхэд сэтгэл зүйн зөвлөгөө авах хүсэлт тавьсаны дагуу тус баг 1024 хүүхдэд ганцаарчилсан зөвлөгөө өгчээ.
Аав, ээжийнхээ таарамжгүй харилцаанаас болж сэтгэл гутралд орох цаашлаад амиа хорлох оролдлого хийж байсан хүүхдүүдэд дээрх төслийн багийхан ганцаарчилсан зөвлөгөө өгсөний үр дүнд сэтгэл зүйн тогтворгүй үедээ мэргэжлийн байгууллага, сэтгэл зүйчид хандаж сурах хэрэгтэй гэсэн ойлголтыг өгч чадсан байна.
Өсвөр наснынханы сэтгэл зүйд тулгамдаж буй асуудлын шалтгаан нь гэр бүлийн харилцаа, гэр бүл салалт, архидалт, хүчирхийлэлтэй холбоотой байсан аж. Хүүхдүүд тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг талаар судлахад, 53.73 хувь нь яаж шийдвэрлэхээ мэдэхгүй гэж хариулсан байна. Энэ нь хүүхдүүдэд сэтгэл зүйн боловсролыг зайлшгүй олгох хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрч байна. Иймд орон нутаг энэ хэрэгцээ, шаардлагыг харж өнөөдөр “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв” –ийг байгуулж байгаа нь сайшаалтай гэж төслийн багийнхан онцолсон юм.
Орон нутгаас Орхон аймаг анх удаа өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн байдлыг үнэлэх, зөвлөгөө, сургалт өгч байгаа нь аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх бодлого, шийдвэрээ “Хүний хөгжил”-д чиглүүлж буйтай уялдаж ирээдүйд сэтгэл зүйн боловсролтой эцэг, эхийг бий болгоход чиглэгдсэн гэж аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хэллээ.