Засгийн газраас ковидын нөхцөл байдалтай холбогдуулан хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцаж ирсэн. Харин энэ сараас эхлэн иргэд өөрсдөө хэрэглээний төлбөрөө төлж эхэлж байгаа. Иргэдийн зүгээс холбогдох албад болон цахим орчинд цахилгаан, дулаан, байрны төлбөр өндөр гарч байна гэх гомдол, шүүмжлэл их байна. Бид холбогдох газруудаас тодруулга авч “Иргэд ахуйн хэрэглээний ус, дулааны төлбөр 40 хувиар нэмэгдсэн байна, төлбөр өндөр гарч байна гэх гомдол гаргаж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч” гэсэн асуултад хариулт авлаа.
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК: “Манайх Улаанбаатар хотын дулаацуулах байгууламжийн ашиглалт, засварыг хариуцах үүрэгтэй. Үнэ тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооноос асуугаарай. Манай дээр өнөөдрийн байдлаар үнэ тарифт өөрчлөлт орсон талаар ямар нэг мэдээлэл ирээгүй байна.”
Орон сууцны байцаагч: “Усны үнэ 50 хувь нэмэгдсэн байгаа шүү. Хүн амаараа буюу задгай хэрэглээтэй айл бол нэг хүний 21 мянган төгрөгөөр бодогдож байна. Тоолууртай бол арай бага гарна, гэхдээ 50 хувь нэмэгдсэн үнээрээ л бодогдоно. Тэгээд дээрээс нь дулаан, усны суурь үнэ нэмэгдэнэ. Дулааны үнэ нэмэгдээгүй, нэмэгдэнэ гэж яригдаж байгаа. Тог бол хөнгөлөлттэй байгаа.”
Эрчим хүчний зохицуулах хороо: Манайхаас өнөөдөр мэдэгдэл гаргана. 2019 оны 8 сараас эрчим хүчний үнэ тарифт ямар нэг өөрчлөлт ороогүй байгаа. Үүсээд байгаа асуудлын тухайд жил бүрийн 1, 2 сар хэрэглээ илүү өндөртэй үе байдаг. Мөн урьд саруудад төрөөс дааж байсантай ч холбоотой хэрэглээ өндөр байгаа болов уу. Хэрвээ манайх хэрэглээний төлбөр их гараад байна гэсэн гомдолтой хэрэглэгч байвал Улаанбаатар цахилгаан түгээх компани буюу эрчим хүчээр хангагдах гэрээ байгуулсан газартаа хандаад шалгуулж болно. Тэгэхээс биш дулаан, цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдээгүй, ямар нэг өөрчлөлт ороогүй байгаа.
Тэгэхээр одоогийн байдлаар иргэдийн ахуйн хэрэглээний төлбөр дээр усны мөнгө л 50 хувиар нэмэгдсэн үнээр бодогдож байгаа юм байна. Ус сувгийн удирдах газар 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн усны үйлчилгээний үнэ шинэ тариф мөрдөхөөр болсон. Улмаар гэр хорооллын ус түгээх цэгт литр ус хоёр төгрөг, орон сууцны цэвэр усны үйлчилгээний тарифын үнэ литр тутамдаа 1,07 болж нэмэгджээ. Мөн аж ахуйн нэгж байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний үнэ нэмэгдсэн юм.