УИХ-ын нэр бүхий гишүүд Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.
Монгол Улсын усны хэрэглээний 80 орчим хувийг нийт нөөцийн 1.9 хувь болох газрын доорх усаар хангаж байгаа бөгөөд газрын доорх усыг ашиглах, хамгаалах харилцааг зохицуулсан хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичиг хангалтгүй байна.
Түүнчлэн газрын доорх ус ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хоорондын харилцааг зохицуулах, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах нь өнөөгийн тулгамдсан асуудал болсон. Мөн уул уурхай, аж үйлдвэрийн салбар хөгжиж буйтай холбогдуулан энэхүү салбаруудад газрын доорх цэнгэг усны орд ашиглахыг хориглох, орхигдсон цооногийг битүүмжлэх, усны ашиглалт, хэрэглээний эрэмбэ тогтоож иргэдийн ундны усны хэрэглээний давуу эрх бий болгох, гадаргын усны хэрэглээг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдолын түвшинг тогтоох, хянах эрх зүйн орчныг бүрдүүлэх нийгэм-эдийн засгийн шаардлага үүсээд байна.
Иймд Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн хамт боловсруулжээ.
Хуулиудын төсөлд орхигдсон цооногийг сум, дүүргийн Засаг даргад улсын төсвийн хөрөнгөөр битүүмжлэх үүрэг хүлээлгэхээр тусгасан байна. Энэ нь газар доорх усны бохирдлоос хамгаалах яаралтай арга хэмжээний нэг хэлбэр бөгөөд буруутай этгээд тогтоогдсон даруйд улсын төсөвт учруулсан хохирол, нөхөн төлбөрийг заавал барагдуулж, холбогдох хариуцлагыг хүлээлгэхээр заажээ.
Мөн ус ашиглах эрхийн эрэмбийг тогтоож, тэргүүн ээлжинд хүн амын унд, ахуйн хэрэглээг оруулж өгсөн байна.
Өнөөг хүртэл Монгол Улсад усны нөөцийн хомсдол болон түүний түвшинг тогтоох нэгдсэн аргачлал байхгүйн улмаас аж ахуйн нэгжүүдийн усны нөөцийн хавтгайрсан хэрэглээ бий болж, үүнд улсаас тохирсон хариуцлага хүлээлгэж чадахгүй байна. Иймд усны хомсдолоос сэргийлэх, оновчтой хариуцлагын механизм бий болгох заалтуудыг тусгаж, ус ашиглагч нь усны нөөцийг хомсдуулсан тохиолдолд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээдэг байхаар тусгажээ.