Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцууллаа. Үндэсний статистикийн хорооны Бодлого хамтын ажиллагааны газрын ахлах статистик С.Норов “2022 оны арванхоёрдугаар сарын инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс 13.2 хувь, өмнөх сараас 1 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 13.2 хувиар өсөхөд хүнсний бараа ундаа усны бүлгийн үнэ дүнгээрээ 15.4 хувь, хувцас бүс бараа гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 18.5 хувь, орон сууц цахилгаан хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.4 хувь, эм тариа эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 17.4 хувь өссөн нь голлон нөлөөлсөн.
Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх сараас нэг хувиар өсөхөд хүнсний бараа ундаа усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.9 хувь, согтууруулах ундаа тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.6 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн.
Хэрэглээний үнэд голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүнийг танилцуулъя. Энэ 10 бараа нийт инфляцын 24.5 хувийг эзэлсэн юм. Ангилбал, инфляцын 2.4 нэгж хувийг талх, гурил, будааны үнийн өсөлт, 1.1 нэгж хувийг бензин шатахууны үнийн өсөлт, гол нөлөөллийг үзүүлсэн байна.
- Дизелийн түлш, 1 литр 34.7 хувь
- Бензин А-92, 1 литр 8.8 хувь
- Параденк хүүхдийн лаа 61.5 хувь
- Гурилан боов, кг 31.3 хувь
- Ургамлын тос 43.2 хувь
- Зүсээгүй талх 42.5 хувь
- Төмс 28.2 хувь
- Гурил, 1 кг 50.3 хувь
- Эмэгтэй хүний нүүрний шингэн энгэсэг 38.3 хувь
- Сүү хайрцагтай 27.7 хувь
Монгол Улс 2022 онд нийт 160 улстай худалдаа хийсэн. Гадаад худалдааны бараа эргэлт 21.2 тэрбум ам доллар бөгөөд экспорт 12.5 тэрбум ам доллар, импорт 8.7 тэрбум ам доллар байна. Гадаад худалдааны тэнцэл 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.8 тэрбум ам долларын ашигтай гарсан. Энэ өмнөх оны мөн үеэс 60 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 32.1 хувиар өссөн. Өсөхөд экспорт 35.7 хувиар, импорт 27.2 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн.
Экспорт 2022 онд өмнөх оны мөн үеэс 3.3 тэрбум ам.доллараар өсөхөд нүүрс, алт, цайрын экспорт нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн. Харин импорт өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсөхөд дизелийн түлш, суудлын автомашины импорт өссөн нь голлон нөлөөлсөн.
Мөнгөний нийлүүлэлт 2022 оны арванхоёрдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 29.7 их наяд төгрөг болсон байна. Энэ өсөлтөд валютын харилцах 2.6 их наяд төгрөгөөр, валютын хадгаламж 936 тэрбум төгрөгөөр өссөн нь гол нөлөөллийг үзүүлсэн.