Categories
мэдээ улс-төр

​Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр боллоо

Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ.

Төслийн үзэл баримтлалыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулсан юм.

Усан замын тээврийн тухай хууль нь 2003 онд батлагдсан, сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал хурдацтай өсч буйтай холбоотойгоор иргэд томоохон нуур, голын эрэг орчмоор амрах, зугаалах нь нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор усан замын тээврийн өнөөгийн тогтолцоо, бүтэц зохион байгуулалтад тулгамдсан дээр дурдсан нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт хангалтгүйгээс усан замын тээврийн ажил үйлчилгээний чанар, хүртээмж хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг үр ашигтай хангаж чадахгүйд хүрэх нөхцөл байдал үүсч байгааг үндэслэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулав.

Тэрбээр, Усан замын тээврийн үйлчилгээг аялал, жуулчлалын зорилгоор эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа жилээс жилд нэмэгдэж, түүнд хамрагдах иргэдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр усанд хүний амь осолдох эрсдэл сүүлийн жилүүдэд ихэсч байгаа нь өнөөгийн усан замын тээврийн хяналтын тогтолцоо сул, хүний нөөц хүрэлцэхгүй байгаатай холбоотой бөгөөд цаашид усан замын тээврийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, салбарын хүний нөөцийг бэлтгэх шаардлагын үүднээс хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрөн, нуурт усан замын тээвэрлэлт хийх, түүний дотор усан замын тээврийн хэрэгслээр үзүүлж байгаа үйлчилгээ боловсронгуй болохоос гадна тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, усан замын тээврийн хэрэгслийн техникийн ашиглалт, үйлчилгээний чанар, хүртээмж, хөдөлмөр хамгаалалд тавих хяналт сайжирна гэж төсөл санаачлагч үзжээ.

Хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гаднаас оруулж ирж байгаа хуучин завинд хатуу хяналт тавих талаар хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн болно.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэлээ.

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *