Сүүлийн хэдэн жил бороо орохоор л зарим хүний сэтгэл зовнидог болсон. Арга ч үгүй биз. Томоохон гол, мөрнүүд үерлэж хүний алтан амь үрэгдсэн тухай байнга шахуу дуулдах болов. Тэр ч бүү хэл, хотын төвдөө усанд автаад яадгаа алдчих шахсан үе ч бий шүү дээ. Энэ жил ч гэсэн хур бороо элбэгтэй. Байсхийгээд л үер болсон, зам гүүр эвдэрсэн гэх болов. Хотоос зүүн тийшээ бол бүр зам хаах түвшинд оччихсон байна.
Тэгвэл бид энэ бүхнээс юуг суралцаж, яах ёстой вэ. Хэдийгээр монголчууд бид “Ус, гал гэдэг барьцгүй” хэмээн ярилцдаг ч одоо бол цаг үе, хөгжил дэвшил, техник технологи өөр болсон.
Зам харгуй, гүүр, суваг шуудуугаа олон улсын стандартад нийцсэн байдлаар бүтээж, орчин цагийн шийдэл технологийг ашиглаж байж л үер усны аюулыг эрсдэл багатай даван туулах болно.
Мөн ард түмнээ мэдлэгжүүлж, болзошгүй эрсдэл тулгарсан үед өрөөлийг байг гэхэд өөрийнхөө амийг аваад гардаг болгох хэрэгтэй байна.
Усанд сэлэлтийн сургалтын төвийг олноор байгуулж ард иргэдээ багаас нь усны мэдлэгтэй, чадвартай болгох хэрэгтэй. Тэгж чадвал үер, усны аюулаас бүрэн утгаар нь урьдчилан сэргийлнэ.