Categories
мэдээ нийгэм

Ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 18.0 сая м3 гүний цэнгэг ус хэмнэнэ DNN.mn

Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-аас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлтэй нээлттэй ярилцах зорилгоор зохион байгуулдаг “Усны тухай ярилцъя-4” ээлжит уулзалт 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр шинэ Төв цэвэрлэх байгууламжийн баруун талд барьж буй Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд болов.

“Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр” нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан II Компакт гэрээний хүрээнд 2021-2026 онд хэрэгжиж, ус хангамжийн шинэ эх үүсвэр байгуулах, хаягдал ус дахин боловсруулах ашиглах, усны салбарын тогтвортой байдлыг хангахад бодитой дэмжлэг үзүүлэх юм.

Энэ удаагийн уулзалтад хэвлэл мэдээллийн 10 гаруй байгууллага, Эдийн засгийн шинжээч, сэтгүүлчдийн клубын төлөөлөл оролцож, Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн зорилго, ач холбогдол, хэрэгжилт, түүнчлэн тулгамдаж буй бэрхшээл, сорилтууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэн ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй ярилцаж, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, барилга угсралтын явцтай газар дээр нь танилцсан юм.

Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Компакт гэрээгээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хязгаарлагч гол хүчин зүйлсийн судалгаанд үндэслэн, Улаанбаатар хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан. Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр өргөжин тэлж буй нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэрэглээ, эдийн засгийн үйл ажиллагаанд шаардлагатай усаар урт хугацаанд, тогтвортой хангах нөхцөл бүрдэнэ. Хаягдал ус дахин боловсруулах төслийн тухайд Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа дахин боловсруулсан усны хэрэглээг нэвтрүүлж, нийслэлийн ус хангамжийн хязгаарлагдмал нөөцийг зохистойгоор удирдах боломжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм” хэмээн онцлов.

“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, үйлдвэр, аж ахуйн нэгжээс ариутгах татуургын нэгдсэн сүлжээнд нийлүүлж байгаа хаягдал усны бохирдлыг бууруулснаар стандартын шаардлагад нийцсэн усыг байгальд нийлүүлэх, улмаар Туул голыг цаашид бохирдохоос сэргийлэх, түүнчлэн Ус дахин боловсруулах үйлдвэрийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм

Компакт гэрээний санхүүжилтээр барьж буй Ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор шинэ Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган м3-ыг дахин боловсруулж, ДЦС-уудын техникийн хэрэглээний зарим хэсгийг хангах зориулалтаар нийлүүлнэ. Ингэснээр жилдээ 18.0 сая м3 гүний цэнгэг усыг хэмнэж, хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бүрдэнэ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *