Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуяг: Нийтийн дуунуудаасаа шилж байгаад хоёр түүвэр гаргаж байгаа DNN.mn

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуягтай ярилцлаа. Түүний хөгжмийн том хэмжээний бүтээлүүдээс гадна “Унаган хайр”, “Дуунд дуртай болов оо, би”, “Цэцэгчний хүслэн, “Манай гаригийн залуус” гээд олон арван дууг нь нийтэд алдаршин түгсэн билээ.


-Тантай уулзсаных сүүлийн үед хийж байгаа уран бүтээлүүдээс тань сонирхъё…?

-Уран бүтээл гэвэл 2000 оныг онцлох дуртай. Яагаад гэхээр их амжилттай жил болсон санагддаг. Ялангуяа хөгжмийн том хэмжээний бүтээлүүд маань тун бүтэлтэй байсан. 2004 онд бичиж эхэлсэн “Өүлэн эх” дуурь маань Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой буюу 2006 онд анхных нь тавигдсан. Өүлэн эх дуурийнхаа хоёр дахь редакцийг сая дууслаа.

-17 жилийн дараа юу?

-Ер нь хөгжмийн том бүтээл ялангуяа дуурь дээр хоёр дахь редакц заавал байдаг. Дэлхийн суутнууд ч гэсэн хоёр дахь редакц хийдэг. Тиймээс “Өүлэн эх”-ийг анх тавигдсаны дараа том засвар хиймээр санагдсан. Яруу найрагтайгаа ч ярилцсан, өөрөө ч бичлээ. Ирэх оны хоёр, гуравдугаар сар гэхэд бүрэн дуусна. Тэгээд Соёлын яам, Дуурийн театртайгаа ярилцаж байгаад ирэх оны эхний улиралд багтааж тавих санаа байна. Дуурийн хувьд иймэрхүү байна. Симфони бүтээлийн хувьд “Гуравдугаар симфони” дууслаа. Улсын филармонид бүтээлээ хүлээлгэн өгсөн, хэзээ тоглуулах нь тэдний хэрэг.

-Нэг, хоёрдугаар симфони нь бас нэлээн олон жилийн өмнө гарсан…

-1997 онд “Нэгдүгээр симфони”, 2002 онд “Хоёрдугаар симфони” маань тоглогдсон. Бараг 1982 оноос эхэлсэн бүтээл байгаа юм. Дунд нь бас гадагшаа их явсан учраас тасалдсан учир бий.

Тухайн үед дан хөгжмийн бүтээлүүд бас гарсаан. Төгөлдөр хуур оркестрт зориулсан хүүхдийн концерт, төгөлдөр хуур-оркестрт зориулсан том хэмжээний бүтээлүүд гээд бүгд тоглогдсон. Мэргэжлийнхэнд зориулсан бүтээлүүд л дээ.

Дууны хувьд гэвэд миний зарим дуу ард түмний дунд ардын дуу шиг болчихсон байдаг юм.

-Нийтийн дууны хувьд таны их олон сайхан бүтээл бий. Бүр багаасаа дуу зохиож эхэлсэн байдаг…

-Долдугаар ангиасаа буюу 13 настай байхаасаа дууны ая зохиож эхэлсэн. Б.Явуухулангийн шүлэг “Эхийн тухай дуу”-нд анх долдугаар ангийн хүүхэд ая бичиж байсан.

Анх удаа алхаж байгаа хүүгээ ээж нь

Ар өврөөс нь дэмжихийг үзээд

Ай хө зэ хө

Ээжийгээ би зүйрлэн санадаг даа… гээд. Энэ бол миний ээждээ зориулсан анхны дуу. Намайг 13 настай байхад ээж минь бурхан болсон. Тэгээд ээжийгээ санасан хүү Б.Явуухулан гуайн шүлгийн түүврээс энэ шүлгийг нь авч дуу болгосон түүхтэй. Би Гэрэлт-Од дуучинтай хамт анх энэ дуугаа дуулсан. Хоёулаа долдугаар ангийн хүүхэд. Гэрэлт-Од манай нөгөө анги. Тэгтэл Урлагийн гавьяат зүтгэлтэн Чимэддорж гуайн санал болгосноор Гэрэлт-Од бид хоёр анх радиод бичүүлсэн. Дараа нь олон дуучин дуулсан л даа. Гэхдээ бид хоёрын дуулснаар радиогийн алтан фондод үлдсэн байдаг юм. Одоо ч хааяа явж байдаг. Сонсоход сайхан л байдаг юм. Энэ дуунаас хойш ээжийн тухай дуу олныг бичсэн дээ. Ээждээ хайртай хүү ээжээ дурсаж бичнэ. Яруу найрагч Д.Отгонсүрэнгийн шүлэг “Ээждээ өргөх дуу” гээд олон дуу бий. “Дуунд дуртай болов оо”, “Шинэ жил” гээд дуунууд дараалуулж хийгээд долдугаар ангийн хүүхэд нэрд гарав аа.

-Долдугаар ангийн хүүхэд одоо ч дуулагдсаар байгаа энэ дуунуудыг зохиосон гэхээр үнэхээр алдаршихгүй яахав…

-Хүн нэг урам авахаараа тэгээд бичээд байдаг. Анхны “Эхийн тухай дуу” сайн боллоо гээд магтаад байхаар дараа нь Сэрээнэнгийн “Дуунд дуртай болов оо”-г хийлээ. Д.Пүрэвдорж гуайд бүр шүлэг захиалж “Шинэ жил” дууг хийж Рэнцэнхандаар дуулуулж байв. Гэрэлт-Одоор “Сэрүүн саран”-г дуулуулаад ёстой машиндаж өгсөн. Арван жилээ төгстөл нийтийн дууг ёстой машиндсан даа. Олон түмний магтаал сайшаалд хүн маш их урам авдаг. Хоёрт, дуу зохигоод мөнгө авдаг байлаа. Нэг дууг нэгдүгээр зэрэг гэж үнэлбэл 450 төгрөг өгдөг. Энэ бол тухайн үеийн нэг албан хаагчийн цалин гээд бод доо. Би тэр үед гурван дуу хийгээд л мянга гаруй төгрөг авдаг байсан. Оюутан биш сурагч хүнд арай л их мөнгө байгаа биз. Ийм л урамшууллаас үүдэн олон дуу бичсэн дээ.

-Долдугаар анги гэдэг чинь хэдэн он бэ?

-1963 он.

-1963 оноос одоог хүртэл нийтийн дуу бичсэн гэвэл танд хичнээн бүтээл байна вэ?

-Хуучин нооргоо үзэж, багцаагаар тоолоход 300-гаад дуу байдаг юм билээ.Одоо эдгээрээс шилээд тус бүр 30 дуутай, төгөлдөр хуурын товчоотой, клавиртай нь хоёр ботиор гаргаж байна. Зүгээр шалдан дуу хэвлээгүй. Одоо хэвлэлтэнд орж байна. Мэргэжлийн төгөлдөр хуурчид хараад шууд тоглох боломжтойгоор хэвлэж байна гэсэн үг. Жишээлбэл, чи мэргэжлийн төгөлдөр хуурч дээр очоод ийм нэг дуу байгаа юм аа, тоглоод өгөөч гэвэл нотгүй бол чадахгүй. Харин нот байвал яг л авторын бичсэнээр төгс тоглоно. Тэгэхээр миний хоёр ботийг авсан хүн бол бэлэн ноттойгоо явж байна гэсэн үг.

Миний дууны хоёр боть дууны түүврийг “Алтай трейдинг” компани ивээн тэтгэж байгаа. Би Дундговийн хүн. Аав ээж маань ч Дундговийнх. Алдарт Норовбанзад гуайтай ээж маань найзууд явлаа. Ер нь Дундговийнхон чинь дуу хуураараа аюултай улс. Сү.Батболдын ээж нь Дундговийнх, нэг нутаг. Нутгийн зөвлөлийн дарга маань дууны түүврүүдийг маань ивээн тэтгэж байгаад маш их баяртай байна.

-Нийтийн дуу 300 шахам гэж багцаа хэлж байна. Дан хөгжмийн зохиол гэвэл бас л олон байх даа…

-Дан хөгжмийн зохиолууд олон бий. Тэд маань энд тэнд их тоглогдсон, бас их алдартай. Онцлоод ганц нэгээс нь дурдвал, Хийл оркестрт зориулсан гурван ангит концерт бий. Монголд өөр хэн ч бичээгүй бүтээл. Симфони утсан оркестрт зориулсан вариаци маань Япон, Болгар гээд олон газар тоглогдсон. Радиогийн алтан фондод бий. Чи шугамын радио сонсдог бол шөнө их явдаг юм. Яагаад гэхээр орой радио дуусах үеэр маргаашийн програмаа зарлаад дараа нь хэсэг цаг гардаг юм. Хөтлөгч Өнөөдрийн дуу хөгжмийн нэвтрүүлгээ Г.Алтанхуягийн симфони найрал хөгжимд зориулсан вариацаар өндөрлөж байна” гэдэг.

Ингээд 20 минут явчихдаг юм. Дараа нь төрийн дуулал явж төгсдөг. Хүүхдийн төгөлдөр хуур оркестрт зориулсан бүтээл хоёр шанз, симфони оркестрт зориулсан концерт маань бас их амжилттай тоглогдсон. Морин хуур симфони оркестрт зориулсан аязууд их олон бий гээд тоочоод байвал барагдахгүй.

Д.Ариун

One reply on “Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуяг: Нийтийн дуунуудаасаа шилж байгаад хоёр түүвэр гаргаж байгаа DNN.mn”

terlehiin abyastai iim sod hymyys ee!!!bid hairlaj yramaar sagnaj baimaar daa,bid hichneehen amidrah bilee dee!!!!!!!!!!!!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *