Өнөөдөр төрийн ордонд өчигдөр болж өнгөрсөн АН-ын дотоод сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл хийлээ. АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын Дотоод сонгуулийн хороон дарга Б.Ариунболд болон бусад албаны хүмүүс оролцов.
С.Эрдэнэ: Өнөөдөр бид бие даасан, хараат бус нам байгуулахын төлөө явж байгаа гэдгээ юуны өмнө та бүхэнд хэлье. Өчигдөр АН дотоод сонгуулиа амжилттай явууллаа. Энэ бол маш том шинэчлэлийн суурийг тавьж чадлаа гэж бодож байна. Монголд улс төрийн шинэчлэлийн салхийг АН оруулж ирэх болноо гэдгийг онцолж хэлье.
Үндэсний бодлогын зөвлөлөөс Дархан, Дорнодын нэр дэвшигчдийн хувьд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир түдгэлзүүлж санал хураалтад оруулаагүй. С.Баярцогт оффшортой гэдгээ өөрөө хүлээсэн. Энэ талаар ямар шийдвэр гаргаснаа өөрөө илэрхийлээгүй байгаа. Ер нь намын удирдах түвшинд оффшор данстай хүмүүсийг байлгахгүй гэж бодож байгаа. АН-ын хувьд шинэчлэлийн зэрэгцээ хариуцлагыг бас чухалчилна. Намын үндсэн дүрэм, эрхэмлэх зүйлд харшлах зүйлгүй гэж үзвэл цаашид зохих арга хэмжээг авна гэв. Ингээд аймаг бүрийн сонгуулийн мэдээг танилцуулсны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-С.Баярцогтыг ёс зүйн алдаа гаргасан гэлээ. Тэгвэл түүнийг намаас хөөх үү?
-С.Баярцогтыг хөөх асуудал яриагүй. Хариуцлагын асуудал яриад эхлэхээр нөгөө талаас яриад байдаг. Хариуцлага тооцоод эхлэхээр асуудлыг гуйвуулаад янз бүрээр яриад эхэлдэг. Тиймээс бид цаашид хариуцлагатай хүчирхэг улс төрийн хүчин байхын төлөө явах болно гэдгээ дахин хэлье.
-Яагаад С.Баярцогтыг Дотоод сонгуульд дэвшүүлчихээд сүүлд нь ингээд хасчихаж байгаа юм бэ?
-Дотоод сонгууль явагдаж байх үед иргэдээс гомдол, санал ирсэн. Нэг хүний шийдвэрээр ийм зүйл гараагүй. Аливаа шийдвэрийг гаргахад иргэдийн гомдол, санал, өргөдөл зайлшгүй хэрэгтэй байдаг.
-Нийслэлийн АН-ын даргын сонгуулиар Ш.Түвдэндорж олонхийн санал авлаа гэсэн мэдээ байсан. Гэтэл одоо Д.Баттулгыг сонгогдсон гэж байх юм?
Нийслэлийн АН-ын сонгууль дээр ямар нэг маргаан байхгүй. Урьдчилсан дүнгээр Д.Баттулга олонхийн санал авсан.
О.ӨНӨР