2020 онд улсын хэмжээгээр 394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364.0 мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237.0 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан.
10 дугаар сарын 06-ний байдлаар 54.3 мянган га-г ангилан хадаж нийтдээ 130.0 мянган га-гаас 166.8 мянган тонн үр тариа, үүнээс 156.7 мянган тонн улаанбуудай, 16.0 мянган га-гаас 209.3 мянган тонн төмс, 6.8 мянган га-гаас 82.3 мянган тонн хүнсний ногоо, 19.2 мянган га-гаас 48.2 мянган тонн тэжээлийн ургамал, 10.6 мянган га-гаас 4.4 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 33.9 хувь, хүнсний ногооны хураалт 70.2 хувь, төмсний хураалт 85.8 хувийн явцтай байна.
Улсын хэмжээнд ургац хураалтын бэлтгэлийг бүрэн хангасны үндсэн дээр ургацыг хяруу, хүйтрэлтээс хамгаалах, ангилан хадсан тарианы мөрийг эргүүлэх, хатаах төхөөрөмж бэлтгэх, үтрэмийн техникийн ашиглалтыг сайжруулах, хураалтад ажиллах оюутан, цэргийн алба хаагчдын аюулгүй ажиллагаа, байр, цалин урамшууллын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 2020.10.03-2020.10.20-ны өдрүүдэд тариалангийн бүс нутгуудаар цаг агаар тогтворжиж, ургац хураалтыг хэвийн явуулах боломж бүрдэж байгаа тул энэ хугацааг үр дүнтэй ашиглаж, ургац хураалтын ажлаа эрчимжүүлэх, тариаланчид болон холбогдох төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдааг хангаж ажиллахад анхаарч байгаа аж.