Categories
мэдээ нийгэм

Ураны зах зээлийн төлөв

Казахстаны KATCO кэмп жижиг

Өнөөдөр дэлхий дахинд нефть, алт, зэс, нүүрсний үнэ унаж эдгээрийг олборлогч олон орнууд эдийн засгийн хүндхэн байдалд орж эхэллээ. Харин үүнтэй зэрэгцээд унасан байсан ураны үнэ дэлхийн зах зээлд бага зэрэг сэргэж 20 хувиар өсч байна.

Хар алтны ханш хямдарсаар сүүлийн зургаан жил, зэсийн үнэ дөрвөн жилийн доод түвшинд хүрлээ. Оны өмнөхөн Хятадын эдийн засгийн өсөлт саарах шинж ажиглагдаж буй нь бидний экспортлох гээд байгаа шарга металлын хэрэглээ буурч магадгүй гэсэн болгоомжлолыг хөрөнгө оруулагчдад төрүүлжээ. Монголчууд бид ганцхан өөрийн оронд нүүрсний их нөөц байгаа мэтээр ташаа ойлгосон хэвээр. Австрали, Хятад, ОХУ асар их нүүрсний нөөцтэй, олборлосоор байгаа бөгөөд тэд биднээс урьтаад хэдийнэ зах зээл, гарцаа олчихжээ. Тэгэхэд бид одоо л төмөр замаа хэрхэн яаж тавих тухай ярьж байна.

Өнөөдөр Тавантолгойд хөрөнгө оруулах консорциумыг сонгосон нь долларын урсгалыг нэмэгдүүлнэ гэсэн найдлага тавьж байна. Гэхдээ энэ нь тодорхойгүй. “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт эхлэхээр болоод байна.

Францын Бессин дэх нөхөн сэргээсэн талбай

Үүнээс гадна Монгол ураны ихээхэн орд, нөөцтэй. 6-10 жилийн дараанаас ураны эрэлт ихсэх үүнийг дагаад унасан ураны үнэ энэ үе гэхэд өсөж, нааштай болох таамаг олон улсад байгаа юм байна. Уран гэдэг нь нүүрс, нефтьтэй адил элбэг зүйл биш ажээ. Одоогоор ердөө л 18 улс оронд ураны нөөц байгаа бөгөөд түүнийг нь олборлож байна. Дэлхийн цөмийн нийгэмлэгийн мэдээгээр 2013 онд гэхэд дэлхий дахинд 59,000 тонн уран олборлон дэлхийн хэрэгцээний 91 хувийг хангаж байжээ. Энэхүү ураны ихэнх хувийг Казахстан улс олборлож байжээ. Өндөр хөгжилтэй орнуудад цөмийн технологийн хэрэглээ өссөөр байгаа. Тэгэхээр Монгол Улс ганцаараа уран олборлох гээд байгаа юм биш ажээ. Өнөөдөр уран олборлолтын 65 хувийг Казахстан, Канад, Австрали улс гүйцэтгэж байна.

Манай улсад их хэмжээний ураны нөөц тогтоогдсон хэд хэдэн орд бий. Одоогоор түүнийг олборлох ашиглалтын лиценз авсан нэг ч компани байхгүй, бүгд хайгуулын лицензтэй. 2015 онд дэлхийн ураны хэрэгцээ 66883 тонн болж өснө гэсэн тооцоог Дэлхийн цөмийн нийгэмлэгээс гаргажээ. Австралид “Фоор Майл”, Канадад “Сигар Леик” ураны уурхайнууд нээгдсэн нь ойрын хэдэн жилд ураны тогтвортой олборлолт хийх юм байна. Он гарангуут Энэтхэг улс Австралиас уран авахаа мэдэгдлээ.

KATCO үйлдвэр

Казахстан олборлож буй ураныхаа 80 хувийг Хятадад, үлдсэнийг нь Европын орнуудад нийлүүлж байна. Манай улсын таамаг ураны нөөцийг Казахстантай харьцуулахад хоёр дахин илүү юм. Өнөөдрийн байдлаар манай улсад ураны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гурван компани байгаа. Францын “Арева” групп дэлхийн цөмийн эрчим хүч, ураны олборлолтын салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна. Түүний “Кожеговь” охин компани нь хайгуул явуулж байгаа Дорноговь аймгаас “Дулаан уул”, “Зөөвч овоо” ураны ордууд илрүүлж, нөөцийг нь батлуулснаар Монгол Улс албан ёсоор ураны нөөцөөрөө дэлхийд 11-т жагсах болоод байгаа ажээ.

Н.ЛХАГВАСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *