“Уул усны домог” тоглолт энэ сарын 6-нд Сүхбаатарын талбайд болно. Энэхүү тоглолтод орон нутгаас болон нийслэлийн дүүргүүдээс шалгарсан 350 уран нугараач оролцож монголын уран нугаралтыг геннисийн номонд бүртгүүлэхээр зорьж байгаа билээ. Тоглолтод оролцох 350 нугараач, 24 багшийн хамт уран нугаралтын мастер, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, зууны манлай уран нугараач Г.Норовсамбуу гуайн удирдлаган дор Улаанбаатар чуулга, “Отгоо” студи, Аса цирк, Хаан банкны байранд бэлтгэл хийж байгаа юм байна. Тоглолтын ерөнхий найруулагчаар нийслэлийн “Улаанбаатар” чуулгын дарга, соёлын тэргүүний ажилтан Р.Мөнхсайхан ажиллаж байна.
Тоглолтонд нийт 20 гаруй студийн 350 хүүхэд нугараач оролцох бөгөөд цаг 30 минут үргэлжлэх аж.
“Уул усны домог” тоглолтод дэлхийд алдартай Нарны циркийн “O” шоунд оролцож байгаа уран нугаралтын одод оролцоно. АНУ-ын Лас Вегаст тоглож байгаа “О” шоуны дасгалжуулагч багш Монголын анхны хос нугараачдын нэг, “Монте Карло”-оос хамгийн анхны шагналыг эх орондоо авчирсан Ж.Эрдэнэчимэг, 1990 онд Парис хотоос Тагтаатай нугаралтаар мөнгөн медаль авчирч байсан Ундармаа, одоо АНУ-д ажиллаж амьдарч байгаа нугараач Н.Тунгалаг нар ирж оролцохоо албан ёсоор мэдэгджээ.
О.ӨНӨР