Categories
мэдээ нийгэм цаг-үе

Уран нугараач Л.Энхцэцэг: Хуучны уран нугараачид “Нум сумтай үзүүлбэр бол Энхцэцэгийн гарын үсэгтэй, тамгалагдсан номер” гэдэг юм DNN.mn

МУГЖ, уран нугараач Л.Энхцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр одоо 62 настай ч уран нугараачаараа ажилласаар байгаа юм.


-Таныг Цэцэг сумынхаа 100 жилийн ойд уран нугарах үзүүлбэр үзүүлэхэд наадамчин олон шагшин хүлээж авсан. 50 гаруй жил тасралтгүй уян налархай хөдөлж байгаагийн нууц юунд оршиж байна?

-2014 онд төрсөн нутгийнхаа 90 жилийн ойгоор 90 уран нугараачтай “Могойн чуулган”, “Цэцэгсийн цоморлог” гэх хоёр үзүүлбэр үзүүлсэн. Манай аав нутагтаа мал хариулаад явж байхдаа могойн чуулган харж байснаа нүдэнд харагдтал ярьж өгсөн нь ийнхүү нэрлэх шалтгаан болсон юм. Цэцэгсийн цоморлиг гэдэг нь нууртайгаа, нутгийнхаа нэртэй холбож нэрлэсэн.

Саяхан нутгийнхаа 100 жилээр 100 уран нугараачтай “Нүүдэлчдийн домог” гэх нум сумтай үзүүлбэрийг үзүүлсэн. Монголчууд нүүдэллээд л явдаг байсан. Уран нугаралт нүүдэлчдийн дундаас гарч ирсэн ховор нандин урлаг учир ингэж нэрлэсэн. Энэ бүх зүйл утга учиртай үзүүлбэр байсан.

50 гаруй жил, өнөөдрийг хүртэл уран нугарна гэдэг тийм ч амар зүйл биш. Нэгдүгээрт, хүн бүрд янз бүрийн авьяас бий. Тэр авьяасыг бурхнаас надад өгсөн их сайхан бэлэг гэж боддог юм. Хоёрдугаарт, байгаль, хүн хоёр хоорондоо уялдаа холбоотой.

Ховд аймгийн Цэцэг суманд янз бүрийн солонгорсон их уулс байдаг. Цагаан алт, шар алт гээд л маш олон байгалийн үзэсгэлэн цогцолсон газар бий. Тэр нь хүний махбоди, оюун санаанд нөлөөлдөг байх. Ховд аймаг бол уран нугаралтын өлгий нутаг гэж хүмүүс ярилцдаг. Бүр уран нугараачийн хөшөө хүртэл босгочихсон. Уран нугаралт гэх авьяасаа нээн дэлгэрүүлж, хөгжүүлж явах замаа олсон олон аав, ээжийн охид бий шүү. Байгаль эхийн бүрэн зохицол бидэнд ийм гайхалтай өгөгдөл өгч байгаа болов уу хэмээн боддог юм. Маш их хөдөлмөр, тэвчээр хатуужил, шаргуу бэлтгэл хийсний үр дүнд л өнөөдөр ингээд явж байна.

-Та эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Аав, ээж хоёр минь хоёулаа Ховд аймгийн Цэцэг сумынх. Манайх эхээс их олуулаа. Би гурван ах, хоёр эгч, гурван дүүтэй. Ганцаараа Цэцэг суманд төрсөн.

Намайг төрөх үед суманд маань жижигхэн цагаан эмнэлэг байгуулагдаад эмчтэй болсон юм. Хажуудаа дөрвөн ханатай жижиг гэртэй. Тухайн үед ээжийг маань “Та заавал манай эмнэлэгт ирж төрөөрэй” гэж хэлсэн юм билээ.

Төрөх дөхөөд манай аав, ээжийг долоо хоног эмнэлэгт амрааж, есөн хүүхэд дотроос ганц амрааж төрүүлсэн нь би юм гэсэн. Аав, ээж маань энэ түүхээ бидэнд ярьж үлдээсэн нь санаанаас огт гардаггүй. Миний ээж тэр эмнэлгийн орон дээр төрөхөөс их айсан гэдэг. “Энэ орон дээр хүүхдээ төрүүлбэл унагаах байх аа, энэ дээр яагаад ч төрүүлж чадахгүй юм байна” гээд их айдастай байж хөөрхий минь. Тэгээд хажууд нь байсан Ангир, Найнаа гэх сувилагчаас “Яаж ийж байгаад л би бор гэртээ төрмөөр байна” хэмээн гуйж. Харин эмч ажлаа тараад явахдаа “Энэ хүн өнөө маргаашгүй төрнө шүү, өвдвөл намайг заавал дуудаарай” гээд явсан байна. Энэ хойгуур нь Ангир, Найнаагаас гуйж байгаад “Хажуу талын амарждаг бор гэрт аргаа тэврээд л төрнө. Та намайг эх бариад авчихаач” гэж гуйгаад төрж байсан гэдэг.

-Гэр бүлээс нь танаас өөр уран нугардаг хүн бий юү?

-Миний хамгийн отгон дүү Л.Тунгалаг гэж бий. Бид хоёр их олон жил хос нугаралт хийсэн. Миний дүү долоон настайгаасаа хойш нугарч эхэлсэн. Тэгээд найман настайдаа манай багш дээр хичээллэсэн. 17-тойгоос хойш намайг 40 нас хүртэл хамтдаа хос нугаралт хийсэн. Бид хоёр энэхүү үзүүлбэрээрээ дэлхийн тавцанд эх орныхоо нэр хүндийг сайхан авч явсан даа.

-Тэгвэл та хэдэн настайгаасаа уран нугарч эхэлсэн бэ. Энэ түүхээсээ хуваалцахгүй юу?

-Зургаан настайгаасаа эхэлж байсан. Миний дунд ах сургууль дээр нь мост унахыг заасан юм шиг байгаа юм. Тэрийгээ хийж чадахгүй муу дүн авчихаад гэрийн хаяанд гудас дэвсээд л давтана. Ах, эгч нар дагаж хийдэг байсан юм. Би яахав бүлтийж зогсож байгаад л дуурайж хийсэн чинь маш уян, бараг үегүй юм шиг хийсэн. Тэгж л миний авьяас анх илэрч байсан даа.

-Анхны тэмцээн санаанаас гардаггүй биз?

-1981 онд Куба улсын Гавана хотод циркийн жүжигчдийн анхны фестивальд оролцсон. Тэр үед Б.Норовсамбуу эгч шүүгчээр сууж байсан юм. Би ганцаарчилсан уран нугаралтаа нугарч үзүүлсэн. Монголын циркчид дотроос анхных нь байсан. Энэхүү фестивалиас тэргүүн шагналаар энгэрээ мялааж байлаа. Тэр үед ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Оросын урлаг судлаач Ю.Дмитриев Монголын уран нугаралтыг үзчихээд “Монголын уран нугаралт шиг ийм гайхмаар биширмээр үзүүлбэр өнөөдрийг хүртэл даян дэлхийн хаана ч байхгүй. 50 гаруй жил урлаг судалсан хүний хувьд хариуцлагатайгаар хэлмээр байна” хэмээн хэлж байсан нь сэтгэлд тод үлджээ.

Үзүүлбэрээ үзүүлээд дуусахад бүх шүүгч, 3000 үзэгчидтэйгээ босож алга ташиж билээ. Тэр үед би 18 ч хүрээгүй жаахан охин байсан даа. Тэгж хүлээж авсан нь надад маш сайхан санагддаг.

-Та багшийнхаа талаар дурсахгүй юу. Танд юуг хамгийн их зөвлөж байв?

-Миний багш Ардын жүжигчин төрийн шагналт Тогоончулууны Цэнд-Аюуш гэж уран нугаралтын хамгийн мундаг багш байдаг. Монголын бараг бүх нугараачдын багш гэж хэлэхэд болох хүн. Дээр үеийн их олон нэртэй нугараачдыг гараасаа гаргасан хүн дээ. Аливаа юманд маш чанартай бөгөөд үнэнч бай гэдгийг байнга зөвлөдөг байсан. “Тэвчээртэй бай, энэ сайхан авьяасыг олон жил авч явах хэрэгтэй шүү” гэж хэлдэг байсан юм. Надтай ажиллахад их амар хүүхэд гэж ярина.

“Байгаа бүх зүйлээ өгөхөд цааш нь аваад явж чадахаар харамсахааргүй хүүхэд” гэдэг байж билээ. Намайг байгалиасаа заяасан авьяастай, нямбай, их тэвчээртэй, уйгагүй оролддог хүүхэд гээд 10-аад жилийн дараа надад хэлж байв. Үүнд их баяртай байдаг даа. Багш минь намайг зүгээр нугаруулаад орхичихоогүй. Шөрмөс суулгаж, хүчтэй болгож, тэнцвэрийг маань сайжруулсан ачтай хүн.

-Таны хувьд шавь нартаа юу захиж, сургамжилж байна?

-Саяхан болсон тоглолтод хоёр шавь маань төрөөд удаагүй байхдаа оролцсон. Бас л хүнд тэвчээр, хатуужил шаардсан үе байсан. “Багшийгаа харахаар л хүч орж байна даа. 60 гарчихсан та ийм байхад би ийм байж болохгүй” гээд өөрсдөдөө урам зориг өгч байсан гэсэн.

Миний хувьд охиддоо “Хүн хүнээ хурцална, төмөр төмрөө ирлэнэ” гэж хэлэх дуртай. Бие биеэ хурцалж, хайрлаж хүндэтгэлтэй хандаж байж л ажлууд минь босож байна даа.

-Гадаадад уран нугаралтын үзүүлбэрээ үзүүлэхэд хэрхэн хүлээж авдаг вэ?

-Маш сайхан хүлээж авдаг. Гадаадад ч мөн адил уран нугаралт их бий. Гэхдээ Монголын уран нугаралт маш уян налархай, тэнцвэрийг дээд цэгт нь олдог, хүчтэй шөрмөслөг гэдгээрээ ялгардаг.

-Таныг нум сумтай үзүүлбэрийн охин тэнгэр гэлцдэг. Нум сумыг уран нугаралттай хослуулах санаа анх яаж төрж байв?

-Ер нь бол нум сумтай үзүүлбэр энд тэнд ганц нэг урьд нь хийгдэж байсан. Групп болгоно гэдэг санааг “Авьяаслаг Монголчууд”-д манай төрсөн эгчийн охид болох Ганчимэг, Хулан нар өвөрмөц шинэ юм харуулъя гэж бодоод анх үзүүлж байсан.

Тэрнээс өмнө яаж Монголын уран нугаралтад цоо шинэ санаа, нэг алхам үсрэлт болох шинэлэг зүйлээр уран нугаралтыг хөгжүүлэх вэ гээд их ч бодсон. Тэгээд л ганц гар дээрээ нум сум харвах үзүүлбэрийг хийлгэж байлаа.

2011 онд циркийн 70 жилийн ойгоор “Монголын циркийн нэвтэрхий толь” гэдэг номыг гэр бүлээрээ бичиж байсан юм. Нэвтэрхий толио хийгээд сууж байхдаа уран нугаралтад шинэчлэл хийх хэрэгтэй юм байна гэж бодож байсан. Ямар хэв маягаар өөрчлөлт, шинэчлэлт хийх вэ гээд л энэ санааг олноор гаргая гэж бодсон хэрэг. Монголчууд тэр дундаа хатад эрт дээр үеэсээ хурдан морь унаж, нум сум гарамгай харвадаг байсан үүх түүхээ бодож байгаад гаргасан.

Нум сумыг ан гөрөө дайнд хэрэглэж байсан бол орчин үед урлагтай холбож гаргаж ирье гэж бодсон юм. 2016 оноос групп үзүүлбэр гаргаад 2017 онд таван хүн, 2017 оны сүүлээр өөрийн уран бүтээлийн 45 жилийн ойд есөн хүн нум сумтай үзүүлбэрийг үзүүлсэн. Нум сумтай үзүүлбэр дэлхийд маш нэр хүндтэй явж байгаа. 2017 онд нум сумтай уран нугаралтын патентын эрхээ авсан. Хуучны уран нугараачид маань нум сумтай үзүүлбэр бол Энхцэцэгийн гарын үсэгтэй, тамгалагдсан номер гэж хэлдэг.

-Уран нугаралтын хамгийн хэцүү байрлал юу вэ?

-Хэцүү юу, хөнгөн үү гэдэг нь тухайн хүнээсээ шалтгаалдаг. Хос нугаралт, олноор нугаралтын хүнд элементүүд хэцүүдээ ордог. Шүдээрээ зуугаад дээрээ нэг хүн гаргаад нугардаг байсан. Эдгээр үзүүлбэрийг өнөөдөр хүүхдүүд хийж чадахгүй байгаа.

-Уран нугардаг эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхэд амархан гэдэг юм билээ?

-Ялгаагүй шүү дээ. 1984 онд анхныхаа хүүг таван сар хүртэл нь Парист уран нугарсан. Одоо миний хүү 40 настай. Миний “баруун гар”. Төрсний дараа буцаад бүрэн хэмжээний уран нугаралтыг хийнэ гэдэг надад маш хэцүү байсан. Нэлээд их нулимс дуслуулж байж сайн багшийн ачаар л буцаад нугарч байсан даа.

-Уран нугарахад заавал уян налархай байх ёстой юу?

-Ер нь бол уян налархай байх ёстой. Авьяас нь тийм тод биш хүүхдүүдийг техникийн аргаар бэлтгэж болдог. Нэмэлт сунгалт хийлгэх жишээний. Үнэхээр авьяасгүй хүүхдүүд бас бий. Тэр хүүхдүүд хэчнээн бэлтгэл сургуулилт хийгээд ч болохгүй байх нь цөөнгүй. Тийм хүүхдүүдийг цагийг нь үрж ядрааж зовоолгүй урлагт дуртай бол өөр юм сонго гэж хэлээд явуулдаг.

-Та 19 насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг авч байсан. Ер нь энэ насандаа гавьяат цол хүртсэн хүн цөөн байдаг байх. Тухайн үед та яаж хүлээж авч байв?

-1983 онд Францын нийслэл Парис хотын олон улсын А зэрэглэлийн циркчдийн тэмцээнээс Монголын анхны алтан медалийг эх орондоо авчирч байлаа. Энэ тэмцээнд 16 орноос 150-аад жүжигчид оролцсон. Тэр тэмцээн одоо хүртэл миний сэтгэл зүрхэнд уяатай л явдаг юм. Энэхүү тэмцээнд ороход маш их хөдөлмөр, дасгал сургуулилт, сэтгэл зүйн бэлтгэл шаардаж байсан. Ямар ч байсан эх орондоо хоосонгүй ирлээ дээ. Гавьяат цол хүртэхдээ маш их хариуцлага ирлээ гэж бодсон. Энэ нэр хүндийнхээ эзэн нь байх ёстой. Төр засаг миний хөдөлмөрийг үнэлж хар нялхаар нь Гавьяат цол өгч байгааг нь би буцааж ард түмэндээ харуулах ёстой гэх хариуцлагатайгаар хүлээж авсан.

-Ингэхэд Монголд уран нугаралтын хөгжил ямар түвшинд явж байгаа вэ?

-Энэ маш чухал асуулт байна. Дэлхийн тавцанд Монголын уран нугаралт маш өндөр хэмжээнд үнэлэгдэж, өндөр зэрэглэлд явж байгаа. Монголд 1990-ээд онд уран нугаралтад маш их анхаарал тавьдаг байсан. Хөгжил сайн байсан. Сүүлийн жилүүдэд олон студи сургалтууд байгуулагдсан ч гэсэн нарийн сургалтын арга барил алдагдаж эхэлсэн. Мэргэжлийн багш дутагдаж байна. Цаашдаа ийм байдлаар явбал хэцүүдэнэ.

Олон хүмүүс мост унаад, шпагетти суугаад хөл толгойгоо нийлүүлээд л түүнийгээ нугарч байна гэж үздэг. Яг үнэндээ цаанаа маш нарийн сургалт, олон жилийн хөдөлмөр байдаг. Монголд уран нугаралтын хөгжил зогсонги байдалд ороод байна. Бидний хийж байсан гоё гоё техник элементүүдийг хийж чадахгүй байна. Нэг талдаа олон хүүхэд сурч байгаа ч сургалтын арга барил алдагдаж байгаа. Уран нугаралтыг тусгайлан анхаарч энэ өв соёлыг хадгалж үлдэх талаар төр засгаас анхаарч бодлогоор дэмжих хэрэгтэй байх.

-Та хэдэн орноор аялан тоглолт хийсэн бэ?

-60-аад улс орноор явсан. Хотыг нь тоочих юм бол тоймгүй их юм болно.

-Ирэх сард уран нугаралтын чуулга уулзалт болох юм билээ?

-Есдүгээр сарын 6- 8-ны хооронд Монголын уран нугаралтын II их чуулга уулзалт болно. Гадаадын олон уран бүтээлчид ирнэ. Монголд байгаа бүх л уран нугаралтын хамтлаг, студи оролцоно.

 

Т.УНДРАХБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *