Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 25-ны өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг монголчууд “Зулын 25” хэмээн нэрийдэж, буян үйлдэж, зул барихыг эрхэмлэдэг билээ. Учир нь өвлийн эхэн сарын энэ л өдрүүдэд өвлийн идшээ бэлтгэж, бой ихээр хийж, олон мал гаргадгаас үүдэн нэгэн өдрийг буяны үйлд зориулдаг уламжлалтай билээ.
Энэ өдөр дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр тохиож буй бөгөөд үс засуулбал нүд бүрэлзэн улцайх нигуртай гэж зурхайн толинд буужээ.
Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Мөн өнөөдөр, маргааш “Зулын 25”-ны хурал номыг сүм хийдэд хурахаас гадна сүсэгтэн олонд зориулсан буяны номыг Бөхийн өргөөнөө хурах ажээ.