Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдрийн байдлаар 18 цэг дээр тээврийн хэрэгслийн татвар хураамж авч байна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдолын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг хураах ажлыг энэ сарын 9-нөөс эхлэн явуулахаар болсон. Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Авто тээврийн үндэсний төв, нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн алба, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамтарсан ажлын хэсгээс татвар, төлбөрийн ажлыг хэрхэн ямар хэлбэрээр явуулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн Засаг даргаас дүүргүүдийн Засаг дарга нарт тодорхой чиг үүрэг өгсөн байгаа. Чиг үүргийн дагуу өнөөдрөөс эхлэн дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр авто тээврийн хэрэгслийн албан татварыг хураан авах ажлыг зохион байгуулахаар болоод байна. Өмнөх жилүүдэд албан татвар, төлбөрөөс хоцорсон улсын бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийг бүрэн хамруулах зорилготой ажиллана” хэмээв.

Нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал “Өнөөдрийн байдлаар бид 18 цэг дээр татвар хураамж авч эхлээд байна. Есөн дүүргийн Татварын хэлтэс ажлын цагийн хуваарийн дагуу иргэд, аж ахуй нэгжүүдэд үйлчилж байгаа. Мөн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон/, АТҮТ-ийн оношлогооны гурван салбар дээр татвар хураах ажлыг зохион байгуулж байна. Иргэд дүүрэг, харьяалал харгалзахгүй татвар, төлбөрөө өөрт ойрхон салбаруудад төлөх боломжтой” гэлээ.

УБХ-ын ЗХУТ-ийн дарга Д.Одбаяр “Нийслэлийн хэмжээнд улсын бүртгэлтэй 480 мянга гаруй тээврийн хэрэгсэл байдаг. Үүнээс замын хөдөлгөөнд огт оролцдоггүй 50 мянга гаруй тээврийн хэрэгсэл бий. Зөрчлийн болон хяналтын камерт бүртгэгдэж байгаагаар татварын газрын болон бусад холбогдох байгууллагуудаас мэдээллийг татаж үзээд татвар төлсөн үгүйг мэдэх боломжтой. Мөн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүрч байгаа торгууль, шийтгэврийн хуудсан дээр хэзээ татвар төлбөрөө төлөх ёстой болон бусад мэдээллийг багтааж хүргүүлэхээр ажиллаж байна” гэв.

Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Я.Соронзонболд “Замын цагдаагийн албанаас иргэд, аж ахуйн нэгжүүд зохих хугацаанд авто тээврийн хэрэгслийн татвар, төлбөрийн төлсөн үгүйд хяналт тавин ажиллах болно. Мөн татвар төлбөрийг улсын дугаараас шалтгаалж тодорхой хугацаанд төлөхөөр хуваарилсан байгаа ч урьдчилан төлөх боломжтой юм” хэмээв.

Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн албан татвар, төлбөр хураах ажил 2017 оны нэгдүгээр сарын 9-нөөс тавдугаар сарын 31-ныг хүртэл явагдана.

1, 6-аар төгссөн бол нэгдүгээр сард
2, 7-оор төгссөн бол хоёрдугаар сард
3, 8-аар төгссөн бол гуравдугаар сард
4, 9-өөр төгссөн бол дөрөвдүгээр сард
5, 0-ээр төгссөн бол тавдугаар сард багтааж албан татвараа төлнө.

Манай улсад нийт 863 мянган авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс өнгөрсөн онд 150 мянга орчим тээврийн хэрэгсэл ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд оролцоогүй байна. Мөн 21, 400 гаруй тээврийн хэрэгсэл огт татвараа төлөөгүй байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *