Аливаа зүйлд мэдрэмж хамгийн чухал. Мэдрэмжтэй, мэдлэгтэй байвал ямар ч хувцсыг юутай хослуулж өмсөхөө хүн сайн мэднэ. Үүнд хувцасны үнэ эсвэл тоо дурдах шаардлагагүй.
Хямдхан хувцсыг гоё харагдуулаад өмсдөг хүн байхад үнэтэй хувцас өмсчихөөд сайхан харагддаггүй хүн ч бий. Гэхдээ хүн бүр хүсвэл эвтэйхэн, цэвэрхэн хувцаслаж чадна.
Үнэтэй брэнд, трэнд хувцаснаас илүү биед эвтэйхэн, өөрт зохих хувцсыг сонгоорой. Зарим хувцас дизайнерууд цулгуй хувцас өмсөхийг зөвлөдөг. Ингэхдээ загвар нь энгийн байхаас гадна хувцасны загваруудыг бусад зүйлс тодотгож байх нь илүү зохимжтой талаар дурдсан байдаг.
Хэрвээ танд логотой футболк байлаа гэж бодоход түүнийг жинс эсвэл кеттэй өмсөхөөс өөр сонголтгүй. Харин цулгуй футболктой бол дээр нь савхин юбка ч өмсөж болно. Хувцасны гол шинж чанар нь олон хувцастай зохицдог, олон төрлөөр өмсөгддөг байх ёстой. Шүүгээндээ хэт үнэтэй хувцас авчихаад байнга өмсөж чадалгүй хадгалах тохиолдол бий. Өнөөгийн нийгэм, иргэдийн амьжиргаа ямар байгаа билээ. Бид байнга үнэтэй хувцас авч чадахгүй. Хувцас бол хэрэглээ шүү дээ. Хямдхан өртгөөр өөртөө тохирсон үнэтэй мэт харагдах хувцас ч сонгож болно. Гэхдээ үнэтэйг битгий ав гэж байгаа юм биш шүү.
Ер нь өмсөж байгаа хувцсаа зөв арчилж өмсөж сурах хэрэгтэй. Үрчгэр хувцас хэзээ ч бүү өмсөөрэй. Өөрийн биед тохирсон хувцсыг сонгоорой. Хэт нугалаастай хувцаснаас аль болох татгалзахыг зөвлөж байна. Энгийн хэрнээ загварлаг хувцаслалт таныг ямарч үед сайхан харагдуулах болно.