Дамжуулалтын систем, дэд бүтцийн хоцрогдол нь сэргээгдэх эрчим хүч хөгжих нэг гацаа
Монголд Улс сэргээгдэх эрчим хүч ашиглан дотоодын хэрэгцээгээ хангах онцлог бүхий байршилд байна. Тэр дундаа говийн бүс жилдээ 260 гаруй өдөр цэлмэг, байнгын нартай мөн хүчтэй салхины урсгал ихтэй. Аж үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг дагаад эрчим хүчний хэрэглээ хаа сайгүй нэмэгдсээр байна. Гагцхүү энэ хэрэглээг хангах шийдэл нь сэргээгдэх эрчим хүч. Дорноговь аймагт Монголын хоёр том нар, салхины станцууд байрлаж байна.Тухайлбал, Сайншандын 55 м/Вт-ын “Салхин парк”, 30 м/Вт -ын чадалтай “Говь” нарны цахилгаан станц гэхэд л нийт 85 м/Вт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж нэгдсэн системд нийлүүлж байна. Гэвч Дорноговьчууд дэргэдээ ийм боломжит эх үүсвэртэй хэр нь хэрэглээгээ хангаж чадахгүй байгаа нь дамжуултын шугам, систем нь хоцрогдсон ашиглалтын хугацаа дууссан дэд бүтэцтэй холбоотой ажээ. Энэ нь Төрийн өмчит болон хувийн хэвшлийн дамжуулалт, борлуулалтын компаниудад дарамт болсоор байна. Тус аймгийг бүхэлд нь сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн эх үүсвэрээс цахилгаан, дулааныг хангая гэвэл 7-10 м/Вт л эрчим хүч хэрэгтэй. Тэгвэл дээрх хоёр станцын нийт үйлдвэрлэлийнх нь арав хүрэхгүй хувь юм. Дамжуулалтын шугамын энэ асуудал ганц энэ аймгаар тогтохгүй. Манай ашиглаж буй дулаан, хангамжийн систем нь хоёр дахь үеийн систем аж. Одоо тав дахь үеийн дулаан хангамжийн системд шилжсэн тухай эрчим хүчний зөвлөх инженер С.Цэцэгээ ярьж байна.Өөрөөр хэлбэл, гурван үеэр хоцорчээ. Монгол Улсын эрчим хүчний салбарын шинэчлэл, /либералчлал/ эндээс эхтэйг сурвалжилгаар хөндөж байна.
Салхи хөлөглөсөн Салхин парк
Хангалттай эрчим хүч үйлдвэрлэж буй ч тэр хэрээр нь хураагуурт нөөцөлж дутагдалтай байгаа хэрэглэгчдэд хүргэж чадахгүй байгаа нь салхи, нарны станцуудын тулгамдсан асуудал. Тэгвэл Сайншандын “Салхин парк” болон “Говь” нарны станцтай танилцах боломж өнгөрсөн сарын сүүлээр олдсон юм.
Улаанбаатар хотоос 460 км алслагдсан Дорноговь аймгийн Сайншанд хотын ойролцоо байрлах “Сайншанд салхин парк” ХХК 2009 онд байгуулагджээ. Төслийн үр дүнд 121сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт Монгол Улсад хийгдсэний зэрэгцээ ажлын байр, татвар төлөлт болон байгальд ээлтэй тогтвортой эрчим хүчний эх үүсвэрийн нэг юм. Эднийх жилд 215 сая кВт/ц цэвэр эрчим хүчийг төвийн бүсэд нийлүүлж байна. Ингэснээр 222 мянган тонн хүлэмжийн хийг агаар мандалд ялгарахаас сэргийлдэг. Жилд хэмнэх нүүрсний хэмжээ 78 мянган тонн бол цэвэр усны хэмжээ 2.0 сая орчим шоо метр гэж тус станцын ХАБ-ын ажилтан бидэнд танилцуулсан юм. Тэрээр цааш станцын үйл ажиллагааг газар дээр нь дэлгэрүүлж тайлбарлахдаа “Тус бүр нь 98 метрийн өндөртэй хоорондоо 20-50 метрийн зайнд 25 салхин сэнс байрласан. Салхин сэнсний бүхээгт эрчим хүч үйлдвэрлэх эд анги нь байдаг. Бүхээгээс холбоотой далбаа буюу сэнс нь салхинд их, бага, дунд хэмжээтэй арааны тусламжтайгаар эргэлт хийж дамжсаар хамгийн бага араанд хурд нэмэгдэж эрчим хүч болон хувиргах генератортай холбогддог. Ингэснээр үйлдвэрлэсэн цахилгааныг 35 м/Вт болгож газар доогуур шугамаар дамжуулж улмаар газар дээрх цахилгаан байгууламжтай холбогддог. Салхин сэнс, бүхээгээс ирсэн 35 м/Вт ийг 110 м/Вт болгож өсгөх трансформаторт холбогдож Сайншандын дамжуулах нэгдсэн систем рүү өгдөг. Эрчим хүч хол зайд явах тусмаа хорогддог учраас байнга өсгөж өгдөг гэсэн үг” гэсэн юм. Тус станц нь ногоон эрчим хүч үйлдвэрлэгч гэдгээрээ ногоон санхүүжилт, урамшуулал авдаг гэж байв. Салхины хурдын судалгааг байнга хийдэг. Хамгийн бага салхитай үе нь долоо болон наймдугаар сар. Харин хүйтрэх тусам салхины хурд ихэсдэг. Энэ хэрээр эрчим хүч үйлдвэрлэх чадлын муруй нь өсдөг гэлээ. Гол асуудал нь өвлийн их үйлдвэрлэлийн үед нөөцлөх хураагуур байхгүй нь тулгамдсан асуудал. Станцыг өргөтгөх хураагуур барих төлөвлөгөө байгаа эсэхийг тодруулсан ч хариулах боломжгүй гэссэн юм. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний нэг давуу тал нь горимын тохируулга хийдгээрээ онцлогтой. Диспетчерийн үндэсний төвөөс хэдий хэрийн цахилгаан эрчим хүч тус төвөөс авахаар байгаа захиалгаа өгдөг аж. Тухайлбал, эдийнх дээд тал нь 55 м/Вт-ыг гаргах хүчин чадалтай ч ДҮТ-өөс 40 м/Вт-ыг нийлүүлэх захиалга өгвөл тохируулга хийж өгөх боломжтой. Өөрөөр хэлбэл, сэнсний далбаа нь 90-0 хүртэл чадлаа зохицуулдаг онцлогтой.
Нано нарны панелл нэг к/Вц үнэ буурахад нөлөөлдөг
Говь дунд нуур уу гэлтэй харагдах нарны хавтангууд нүд гялбам. Салхин парктай хаяа залган орших тус хавтангууд бол “Говь” нарны станцынх юм. “Манай нарыг танайх ашиглаад байгаа хэр нь биднийг хангалттай цахилгаан, дулаанаар хангахгүй байна” гэсэн гомдол нутгийн иргэдийн дунд байдаг аж. Энэ нь үйлдвэрлэгч хэрэглэгчийг хүссэн үед эрчим хүчээ өгч чадахгүй байгаагаас үүдэлтэй хошин яриа аж. Нөгөөтэйгүүр, эдний үйлдвэрлэсэн нэг к/Вт цахилгааны үнэ 14 цент буюу 473 төгрөг. Тэгвэл ахуйн хэрэглээнд бид нэг к/Вт цахилгаан эрчим хүчийг 125 төгрөгөөр хэрэглэдэг. Тэгвэл энэ зөрүүний алдагдлыг ард түмэн нуруун дээрээ үүрч байгаа нь дээрх гомдлыг төрүүлдэг аж. Тэгэхээр анхнаасаа сэргээгдэх эрчим хүчний тарифын үнэлгээг Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр биш ам.доллароор тооцох гэрээ, дүрэм журам, хууль боловсруулсан нь тухайн үеийн бодлого боловсруулагчдын алдаа юм. Тэгэхээр энэ үнэлгээг төгрөгөөр тооцох талаар хуульдаа засвар оруулах нь зүйтэй. Энэ тухай яриаг “Говь” нарны станц руу орох үед тус станцын ХАБ-ын ажилтан н.Банзрагч бидэнд онцолсон юм. Эднийх 110860 ширхэг нарны дэлгэцтэй. Сайншанд 35 м/Вт ийг 110 м/Вт болгох дэд станцтай. 2.5 км агаарын шугамаар дамжиж төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогддог. Өдөртөө үйлдвэрлэгч шөнөдөө хэрэглэгч гэсэн горимоор ажилладаг гэж DSP инженер Бат-Амгалан яриагаа эхэлсэн. Бүрэн хүчин чадал нь 27.5 м/Вт. Энэ цаг үед манайх төвийн системд 23 м/Вт -ыг нийлүүлж байна. Өнөөдөр өглөөнөөс хойш зургаан цагт нийтдээ 63 м/Вт эрчим хүч нийлүүлсэн нь дэлгэц дээр харагдаж байна. Хаана ямар панеллд доголдол үүсэж байгааг хяналтын самбараас харж тогтоодог. Түүнчлэн бүх гүйдлээ хянаж ачааллыг нэг товч дарснаар буруулах, ихэсгэх боломжтойгоороо давуу талтай. Мөн горим төлөвлөлтөө хийхдээ өнгөрөгч оны цаг агаарын төлөв болон маргаашийн цаг агаар, нарны мандах, жаргах цаг дулааны хэм зэргийг харгалзаж тооцоолно. Өмнөх жилүүдийн радияцын мэдээлэл дата хэлбэрээр хадгалагддаг. Зуны улиралд нар ихтэй байх тусам илүү үйлдвэрлэдэггүй. Харин ч сэрүүн, цэлмэг байх тусам үйлдвэрлэл илүү байдаг аж. Тиймээс өвлийн улиралд нарны радияц 600-800 байсан ч үйлдвэрлэл 25-27 м/Вт аас буудаггүй. Зун нарны энерги радияц 1000 байлаа гээд ялгаагүй 27 орчим м/вт эрчим хүч үйлдвэрлэнэ. Яг одоо 750 тай гэхэд 23 м/Вт байх жишээтэй хэмээн тайлбарласан юм. Сүүлийн үед иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд бие даасан нарны эх үүсвэрээр цахилгаан, дулаанаа хангах сонирхол их болсон аж. Тус аймагт таван байгууллага өөрсдийн бие даасан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болж эднийхээс тусалцаа зөвлөгөө авчээ. Барилга, байгууламжийн хэмжээнээс хамаарч анхны хөрөнгө оруулалтын үнэ тогтдог байна. Өрхийн тухайд дунджаар 28 орчим м2 байшинд 40 орчим сая төгрөгийн өртөгтэй. Энэ нь нэг удаа л гарах зардал. Цаашдаа үнэгүй хэрэглэнэ гэсэн үг. Одоогоор эдний нэг нарны хавтан 250 м/Вт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг. Нарны панеллын технологиос шалтгаалж нэг к/Вт цахилгаан эрчим хүчний үнэ тогтдог. Тэгвэл нано технологийн нэг нарны хавтан 500 м/Вт хүчин чадалтай. Ийм хавтанг Дубай улс нэвтрүүлээд байна. Ингэснээр нэг к/Вт цахилгааны үнэ 8.0 цент болж буураад байна. Тэгвэл манайх өнөөдрийн тухайд 16 орчим цент байна.
Хураагуургүй салхи, нарны станцууд ажилласаар байх уу
Манай улс өвлийн ид ачаалалтай үеийн хэлбэлзлийн горимыг хойд хөршийн тусламжтайгаар хийдэг. Энэ нь Монгол Улс горимын тохируулга хийх эх үүсвэргүйтэй холбоотой. 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль баталсан ч хөрөнгө оруулалтын гэрээндээ хураагууртай байх тухай заалт оруулаагүй нь өнөөдөр асуудлыг дагуулсаар. Нэгэнт баригдсан станц хэрэгтэй, хэрэггүй гэсэн шүүмжлэлийг ард түмнээс багагүй сонсдог ч тухайн үеийн бодлого боловсруулагчид алсаа харсан хууль хийгээгүйгээс өнөөдрийн нөхцөл үүсжээ. Тиймээс хуулиа эргэж харж одоогийн нөхцөлд тохирсон хуулийн шинэчлэлээс тус салбарын хөгжил, реформ шалтгаална гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Хамгийн гол шийдэл нь барилгыг дулаан алдагдалгүй, дулаан хэмжигч, усны тоолуур зэрэг хэмжих хэрэгсэлтэй барих шаардлагатайг мэргэжилтэн зөвлөж байна. Түүнчлэн Засгийн газраас цахилгаан, дулааны үнийг 30 орчим хувиар нэмэгдүүлнэ гэж байгаа ч энэ нь эрчим хүчний салбарын шинэчлэл биш. Эсрэгээрээ дээрх алдаатай бодлогын үрийг ард түмэнд үнийн нэмэгдлээр дамжуулж үүрүүлэх нь шударга ёсонд нийцэхгүй. Тиймээс горимын тохируулга хийх боломжтой эх үүсвэрүүдийн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгтэй. Түүнчлэн энэ салбарт бодлогын цогц шинэчлэл хийх шаардлагатай аж. Нөгөөтээгүүр, иргэд, байгууллага аж ахуйн нэгж дулаан, хэмнэлттэй барилга, орон сууц барих нь үнийн нэмэгдлийн дарамтаас зайлах нэг гарц нь юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 193 (7437)