Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдарт цолтой 224 бөхийн барилдааныг зохион байгуулахаар болжээ. Энэхүү барилдаан 2016 оны анхны барилдаан гэдгээрээ ихээхэн онцлогтой болох юм. Түүнээс гадна сар шинийн барилдааны өмнөх сорилго барилдаан болох тул бөх сонирхогчдын анхаарлыг татах нь лавтай. Саяхан Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарласан түүхэн тэмдэглэлт өдрөөр “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх чансаа өндөр байгаа 128 бөхийн барилдаан болж, улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлсэн билээ.