Categories
гадаад

Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх “Зэр, зэвсэг минь баяртай!” DNN.mn

Манж гүрэнд хар ламын дүрээр явуулсан технологийн тагнуулуудын олж ирсэн өрх гэрийн зориулалттай утас ээрэх, торго, даавуу нэхэх модон суурь машинуудыг олноор нь хооронд нь угсарч тусгай том байранд байрлуулан, бүгдийг нь усан тээрмээр ажиллуулж эхэлснээр мануфактур гэх бөөний үйлдвэрлэл бий болж англичууд жинхэнэ баялаг бүтээгчид болж орхив. Нэхмэлийн суурь машинуудыг усан тээрмээр хөдөлгөж байсан тул удалгүй голын эрэг дагуух газрын түрээсний үнэ тэнгэрт хадав. Ийнхүү цаг үеийнхээ шаардлагаар уурын хөдөлгүүр бий боллоо. Уурын хөдөлгүүртэй болсноор Хүнд үйлдвэрүүд байгуулах боломжтой болов. Улмаар 1780 оноос Аж үйлдвэрийн I хувьсгал эхэлж оюуны өмчид тулгуурласан техникийн дэвшил буюу бөөний үйлдвэрлэл бий болж үйлдвэрийн эзэд хэмээх шинэ хүчтэй анги гарч ирэн хаад, ноёдын үеийг халжээ.Гэхдээ үйлдвэрийн эзэд ч хоорондоо хаад, ноёд шиг юу яах нь бий. Тухайлбал, төмөр замаар тодорсон баячууд Англид анхны автомашин гарахад урд нь туг барьсан явган хүн заавал явуулж байх хуулийг төр, засгаар гаргуулж байв.

Хүнд үйлдвэрүүд бий болсноор хятадуудын Нийтийн Тооллын I зуунд анх бүтээсэн дарийг улам сайжруулан янз бүрийн буу бөөнөөр нь үйлдвэрлэх боломж бүрдэв. Ангийн бууг анчид л худалдаж авна. Харин байлдааны бууг татвар төлөгчдийн мөнгөөр улс бөөнөөр нь худалдаж авна. Үйлдвэрийн эзэнд аль нь ашигтай вэ?! Ингэхийн тулд баараггүй шалтгаан байх хэрэгтэй. Бэлэн шалтгаан нь үйлдвэрийн хямд түүхий эд, ажиллах хүч олох явдал. Ийнхүү “Тариаланчдад ганц нэгээр нь трактор зарж байснаас улсад танк бөөндөх нь хамаагүй ашигтай” гэсэн зарчмаар үйлдвэрийн эзэд улстөрчид тэднээс бүрдэх төр, засгийн гишүүдийг санхүүжүүлэн дураараа шийдвэр гаргуулдаг болж үр дүнд нь дэлхийн I, II, III дайн дэгдэв.

ЗХУ-ын үед бий болсон “Хүйтэн дайн” албан ёсны залгамжлагч нь болох ОХУ-ын үед “халуун” шатандаа шилжиж дэлхийн III дайн төгсөх тал руугаа чиглэж эхлэв. Мөс хайлж нэн шинэ худалдааны дөт зам болж буй Хойд туйлд хүн ам гэж байхгүй учир ОХУ болон НАТО-гийн цэрэг энд халз тулснаар дэлхийн III дайн жинхэнэ ёсоороо “биежих” байх. Мэдээж аль тал ялах нь тодорхой учир Хойд туйлд байгаа Оросын генералууд бүх зэвсгээ бөөнд нь тэрбум еврогоор барууныханд зарж “түнтийн”, өөрсдөө буугаад өгчихгүй бол шүү дээ. Харин хятадууд “тэнэг” биш болохоор сүрийг үзүүлж, үзүүлж эцэст нь зүгээр л буугаад өгчих байх. Учир нь арми нь байлдааны ямар ч туршлагагүй бас зэвсэг нь Оросын буюу барууны зэвсгийн маруухан дуураймлын “copy, paste”.Харин Хойд Солонгос, Иран хоёрын өнөөгийн удирдлага жинхэнэ “будаа болох” биз ээ.Иймээс “хүйтэн”, “халуун” шат дамжин урт удаан хугацаанд үргэлжилж буй дэлхийн III дайн дуусах үед зөрчил, хямралын нэг гол шалтгааныг үлдээхгүйн тулд нэг үндэстэн бүхий улсууд бий болно. Бас өнөөгийнх шиг 193 улсаас тавхан нь илүү эрхтэй бус шинэ, хуучин бүх улс бүгд тэгш эрхтэй болж олонхын саналаар асуудлаа шийддэг болно. Бусдаасаа илүү эрхтэй таван улс урьд нь нэг тал болон байлдаж байсан бол одоо бүр хоорондоо үзэлцэж байна.

Энэ бүхэн 190 үндэстнээс бүрдэх хойд хөрш, 298 өөр хэлээр ярьж буй урд хөрш бутран тусгаар улсууд болж Монгол Улс эдгээр тусгаар улсуудад Баруун Берлин, Өмнөд Солонгосын үүрэг гүйцэтгэн хөгжлийн зөв замд нь чиглүүлэгч болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Өмнөд Монгол, Буриад Монголтойгоо нэгдэн холбооны улс болох учир хууль тогтоох доод танхимаас гадна эдгээр хууль холбооны улсуудын эрх ашигт нийцэж буй эсэхийг хянах үүрэгтэй дээд танхим бүрдүүлэх шаардлагаар бидний дөнгөж сая өөрчилсөн Үндсэн хууль найман жил болохгүй нэг мөсөн өөрчлөгдөнө. Энэ ч бас юу ч биш.

Байлдааны зэвсэг үйлдвэрлэн улсад бөөндөх нь маш том ашиг өгдөг ч үйлдвэрлэсэн зэвсгийг хадгалаад байх нь зэвсгийн үйлдвэрийн эздийг алдагдалд оруулан ажлын байр хумигддаг учир иргэдэд ч гай тарьдаг. Иймээс ямар нэгэн дайсан илрүүлэн олж, үйлдвэрлэсэн зэвсгээ “устгалд” оруулах шаардлага үүсдэг. Тухайлбал, өнөөдөр Украины дайнд эргэлт авчирсан өндөр ончтой тийрэлтэт пуужин харвагч “M142 HIMARS” гэхэд аль өнгөрсөн зууны 80-д оны технологи. Эдний орыг XXI зууны технологи болох хиймэл оюун ухаан бүхий нисгэгчгүй онгоц, хүнгүй пуужин харвагч, танк, их буу, дрон бас дайсан руу шууд дайрах автомат буу, гар бөмбөгөөр зэвсэглэсэн роботууд орлон гарч ирэх гэж байна. Өөрөөр хэлбэл, цэрэг үхдэггүй дайн хийх боломж бүрдэнэ. Мэдээж эдгээр шинэ зэвсгийг үйлдвэрлэхэд олон зуун сая ажлын байр бий болж улсынх нь эдийн засаг суга өснө. Харин өнөөдөр ардчилалтай“ үзэж тарж, үсэрч наалдаж” буй дарангуйллын дэглэмийн голомт болох ОХУ, БНХАУ, Иран, Хойд Солонгос зөв замдаа орчихоор энэ шинэ зэвсгийг тэгээд яах болж байна. Айн?!

Эдгээр шинэ зэвсэг “хамгийн залуу” Исламын шашныг дарангуйллын зэвсэг болгон ашиглаж буй Арабын болон Африк, Азийн улсууд руу чиглэх нь мэдээж. Үүнийг ч ойлгож эхэлсэн арабууд шашин хоорондын дайсагналаа хойш тавьж нэгдэж эхлээд буй нь нууц биш. Харин үр дүн нь юу болж дуусах нь бол харин тодорхой.

Зэвсгийн үйлдвэрлэл нь үнэндээ маш их зардал, хүн хүч, нарийн мэргэжил, цаг хугацаа шаардсан нүсэр ажил. Харин “Хиймэл оюуны ухааны” гэгдэх Аж үйлдвэрийн IV хувьсгалаар “IT”-гийн компаниуд зэвсгийн үйлдвэрээс хэт бага зардлаар, маш богино хугацаанд, хамаагүй их орлого олдог болоод байна. Хамгийн гол нь энгийн иргэд хувьцаа эзэмшигч нь буюу хамтрагч эзэд болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, зэвсгийн үйлдвэрлэл нь байлдаан хийж, хүн үхэхийг шаарддаг бол “IT” компаниуд иргэдийг юу яасан дайнд оруулж үхүүлэх, харин ч эсрэгээрээ бүтээгдэхүүнээ ашиглах чадвартайгаар урт удаан наслахыг шаарддаг болж байна.

Учир нь “Хиймэл оюун ухаан” цалин хөлс, халамж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал шаардахгүйгээр бага зардлаар маш их хэмжээний баялаг бүтээх боломжтой. Энэ нь “IT” компаниуд маш бага үнээр хувьцаагаа зарж энгийн иргэдэд их орлого олох боломж олгон өөрсдийн бүтээгдэхүүнийг ашиглах зах зээлийг тасралтгүй нэмэгдүүлэх болно гэсэн үг юм.

“Хиймэл оюун ухаан” бас төрийн гэлтгүй бүх орон тоог цомхотгож зардлыг нь эрс багасгана. Мөн мөнгө бас ханшийг аль ч төр, засгаас огт хамааралгүй болгоно. Ерөөс төрийн зохицуулалттай “зэрэмдэг” Чөлөөт зах зээл гэж байх ёсгүй. Төрөөс ямар нэгэн зохицуулалт хийж буй зах зээл бол капитализм бус зүгээр л социализм. Социализм оршин буйн баталгаа нь хүнд суртал, авлига. Иймээс Аж үйлдвэрийн IV хувьсгал дэлхий нийтийн цахим мөнгийг гүйлгээнд оруулан төрөөс хамааралгүй болгож жинхэнэ Чөлөөт зах зээлийг тунхаглана. Ийнхүү жирийн иргэд нийгэмд хэрэгтэй өөрийн дуртай зүйлийг хийж цалин, тэтгэвэр, халамж, орон сууц, боловсрол, эрүүл мэндийнхээ асуудлыг өөрийн эзэмшиж буй хувьцаануудын ашгаар бүрэн шийддэг болно гэсэн үг. Төр, засаг ч нийгмийн хөгжилд саад болж буй татварыг халж иргэдтэйгээ адил хувьцааны ашгаар үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг болно. Өөрөөр хэлбэл, бүх хүн баялаг бүтээгчид болж нийгэм чанартай иргэдтэй болно. Учир нь зэвсгийн бизнес маш олон “улныхан” үйлдвэрлэж, дайнд эд нар л голлон өртдөг. Харин Аж үйлдвэрийн IV хувьсгалын ач тусаар иргэд “бөгс, бэлхүүс, мөр” мэтийг алгасч бүгд шууд “хүзүүнийхэн” болно. Өөрөр хэлбэл “Хиймэл оюун ухаан”-ы ач тусаар улс төрчид “шахагдан” төр, засаг иргэдтэйгээ шууд утгаараа “залгагдана”.

Энэ бүхэн хүн төрөлхтөн “Зэр, зэвсэг минь баяртай!” гэж хэлэхэд тун ч ойртчихоод байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл дэлхий нийтийн нийгмийн тогтолцоонд маш том өөрчлөлт гарна. Иймээс найман жил бололгүй өөрчилсөн Үндсэн хууль маань тун ч удалгүй бүр үндсээрээ өөрчлөгдөнө. Учир нь Аж үйлдвэрийн IV хувьсгалын үр дүнд АҮ-ийн I-III хувьсгалаар бий болж бүрэн “төгөлдөржсөн” зэвсгийн үйлдвэрийн эздийн үеийг халах нийтийн өмчийн ноёрхол тогтож эхлээд байна. Дэлхийн I, II дайн эцэстээ дайнд ялсан, ялагдсан талууд хоёулаа ялагдан шууд колончлол түүх болж үлдсэн. Харин шууд бус колончлол өнөөдөр ч байсаар л байна. Жишээ нь хойд хөршөөс Монгол улсын хөгжлийг боомилж буй элдэв янзын дарамт, шахалтууд. Иймээс дэлхийн III дайны дараашууд колончлолтой адил шууд бус колончлол ч түүх болж үлдэнэ.

Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүй буюу “Зэр, зэвсэг баяртай!

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *