УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос /цаашид “төсөл хэлэлцүүлэгч” гэх/ 2017 оны наймдугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн төв Чингис хотод Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн саналыг авах сургалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан юм.
Энэ хүрээнд өнөөдөр Сүхбаатар аймгийн төв Баруун-уртад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх бүсчилсэн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Өглөөний 09.00 цагаас үдийн 12.00 цаг хүртэл зохион байгуулагдсан сургалтад аймаг, сум, багийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга, ажлын хэсгийн гишүүд болон албаны нийт 144 хүн хамрагдлаа. Тэд цаашид сум, багтаа сургалт, хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулна.
Сургалтын эхэнд Байнгын хорооны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг хийлээ.
Танилцуулга хийгдсэний дараа дэгийн дагуу хуулийн төсөлтэй холбогдуулан сургалтад оролцогчид сонирхсон асуултаа асууж, асуултад Ахлах зөвлөх, эксперт П.Амаржаргал хариулснаар үдээс өмнөх сургалт өндөрлөв.
Харин үдээс хойш 13.00 цагт (2017.08.03) хоёрдугаар шат буюу хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлэгт сургалтад хамрагдсан хүмүүс болоод иргэдийн төлөөлөл оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ.
Иргэдийн санал авах хэлэлцүүлгийг аймгийн Засаг дарга З.Энхтөр нээж үг хэлсэн.
Үргэлжлүүлэн дэгийн дагуу Байнгын хорооны Ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн сэдэв тус бүрийн танилцуулгыг хийж, хэлэлцүүлэг ямар дэгийн дагуу явагдах талаарх мэдээллийг оролцогчдод өгсөн юм.
Дараа нь иргэд асуулт асууж, хариулт авч, саналаа хэллээ. Тухайлбал, Баруун-урт сумын 4 дүгээр багийн иргэн Д.Ариунбилэг ард иргэдээс авч байгаа саналыг ямар түвшинд хянаж байгаа талаар тодруулахыг хүслээ. Түүний асуултад Ахлах зөвлөх, эксперт П.Амаржаргал хариулахдаа, иргэдийн өгсөн санал асуулгын хуудас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргэгдэж, тус Байнгын хороо хянана. Мөн архив бүрдүүлж ажиллана хэмээн хариуллаа.
Баруун-урт сумын 1 дүгээр багийн иргэн Н.Энэбиш, иргэдтэй хамгийн ойр харьцдаг хүн нь багийн Засаг дарга байдаг. Багийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга томилно гэсэн байна. Үүнээс үзэхэд иргэд өөрсдөө багийн Засаг даргаа сонгох нь тохиромжтой юм. Хэрвээ дээрх томилгоо хийгдээд эхэлбэл улстөржилт газар авах эрсдлийг дагуулж байна гэсэн саналыг хэлж байлаа.
Баруун-урт сумын 7 дугаар багийн иргэн Ч.Энхцэцэг, хариуцлагын тогтолцоог яаж зохицуулж байгаа вэ. Хуулиараа бол гэмт хэрэг үйлдсэн, улсад онц их хэмжээний мөнгөн хохирол учруулсан хүн эрүүгийн хариуцлага хүлээдэг. Гэтэл манай улсад хуулийн хариуцлага хүлээлгэх нь битгий хэл тэр хүнээ төрд сонгодог гажиг тогтолцоо байна. Үүнийг Үндсэн хуульд хэрхэн тусгах вэ гэсэн асуултыг тавьсан.
Дээрх асуултад Ахлах зөвлөх, эксперт П.Амаржаргал хариулахдаа, хариуцлагын тогтолцоог бусад хууль тогтоомжоор зохицуулсан байгаа. Хэрвээ иргэн аль нэг албан тушаалтныг хууль зөрчсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах эрхтэй гэлээ.
Энэ үеэр иргэдийн зүгээс шүүхийн хараат бус байдлыг хангах асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол багц зургаан сэдвээс гадна нэмж санал оруулах боломжтой, эсэхийг тодруулж байлаа.
Ийнхүү асуулт, хариулт дууссаны дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар саналын хуудас бөглүүлэн, бичгээр санал авах ажлыг явуулснаар хэлэлцүүлэг өндөрлөлөө.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх бүсчилсэн сургалт, хэлэлцүүлэг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.