Categories
мэдээ улс-төр

​Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ыни нэгдсэн чуулганаар хэлэлцлээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.

“Эдийн засгийг сэргээх тухай” Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолоор төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловруулж, яаралтай өргөн мэдүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгожээ. Одоо мөрдөгдөж буй хууль, тогтоолын дагуу төлбөр тооцоог холбогдох техник, технологи ашиглан хийж байгаа ч бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны хүрээнд цахим төлбөрийн хэрэгслийн хамгаалалтын түвшин харилцан адилгүй, төлбөрийн систем, түүний оролцогчдод хяналт тавих, зохицуулах эрх бүхий этгээд болох төв банкны эрх зүйн байдлыг бүрэн тодорхойлоогүй, төлбөрийн эцэслэлт, үл буцаагдах байдал бүрэн зохицуулагдаагүй аж. Иймд төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зайлшгүй шаардлагыг харгалзан Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулсан юм.

Тэрбээр, дээрх хуулийн төсөл нь төлбөр хариуцагч, хүлээн авагчийн хоорондын төлбөр тооцоог төлбөрийн системээр дамжуулан гүйцэтгэх, системийн оператор, оролцогчийн хооронд үр дүнгийн тооцоолол хийх, түүнчлэн системийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах хууль, эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн байна.

Хууль батлагдсанаар бэлэн мөнгө, төлбөрийн баримтаас гадна цахим мөнгө, төлбөрийн карт зэрэг төгрөгийг орлон төлбөр тооцоонд хэрэглэх зөвшөөрлийг Монголбанкнаас олгох, хил дамнасан төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, хөдөлгөөнт банкны үйлчилгээ зэрэг үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөхийн зэрэгцээ зах зээлд нэвтэрч байгаа төлбөрийн үйлчилгээ, түүний хэлбэрүүдийн хөгжлийг дэмжих боломж бүрдэнэ гэж үзсэн байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн танилцуулсан.

Хуулийн төслийн үзэл баримтлалын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Баттөмөр, Д.Цогтбаатар нар асуулт асууж хариулт авсаны дараа үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *