УИХ-ын чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэв.
Төслийн үзэл баримтлалыг хууль санаачлагч УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцуулсан юм.
Тэрбээр, Монголчууд 1206 оны Улаан барс жил Их Монгол Улсыг тунхаглаж, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтон олон мянган жилийн турш уламжлалт үндсэн хэв маягаа хадгалж ирсэн.
Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл төдийгүй уламжлалт урлаг, спорт, үндэсний үзэл санаа дэлгэрэн хөгжихөд чухал ач холбогдол бүхий баяр мөн.
2003 онд анх удаа Ерөнхийлөгчийн санаачлагаар Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдаж үндэсний сурын харваачид Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын мэргэн цол олгодог болсон. Үндэсний их баяр наадмын 94 жилийн түүхэнд үндэсний сурын харваанд 6 удаа түрүүлж Дархан мэргэн цол хүртсэн харваач нэг эмэгтэй байна. /эмэгтэй харваач 65 м, эрэгтэй харваач 75 метрээс харвадаг /
Өнөөдөр монгол үндэсний сурын харвааны хөгжил өндөр түвшинд хүрч өрсөлдөөн их болж байгаа нь үндэсний сурын дархан мэргэн төрөх боломжгүй болж байна.
Үндэсний сурын харваанд ганцхан төрлийн цол олгож байгаа нь харваачдын чансаа үнэлгээнд анхаарах зайлшгүй шаардлагын улмаас уг төслийг өргөн барилаа гэлээ.
Хууль санаачлагч үндэсний сурын харваачдыг дэмжих, цолны төрлийг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид гарамгай харваач, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгохоор уг хуулийн төслийг боловсруулжээ.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Оюун-Эрдэнэ нар үндэсний спортын төрлүүдийн цолны асуудлыг цогцоор нь авч үзэх, цол олгох эрхийг мэргэжлийн холбоодод өгөх талаар саналаа илэрхийлж байсан бөгөөд хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын гишүүн Б.Ундармаа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа дурдсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Гантулга, Г.Мөнхцэцэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.