Categories
мэдээ цаг-үе

Ундарга устай 10Б ангийнхан

“Алдрайхан 18 насандаа төрөлх сумынхаа “Хайлааст-Үүдэн” гэх газарт төгсөлтийнхний нэрэмжит худаг гаргах гэж, усны ундарга харах гэж догдлон явдаг байсан цаг саяхан мэт. “Хүүе, найз нар аа, хараач. Ус оргиллоо, ус ундарлаа, худгаас ус гарлаа” гэсэн үг ам дамжин бүгд худаг руу өнгийх зуур хэн нэг маань ойччихож билээ. Ус ундраад л, бид инээлдэж хөөрөөд л, Рэгзээг би хөөж гүйгээд л, Батбаяр, Болдоо нарын ангийн хөвгүүд худгийн наана цаана гүйлдээд л. Одоо бодоход кино зураг шиг л бодол хөврөх юм” хэмээн ангийн охин Д.Оюунцэцэг бяцхан дурсамж ярина.

Тэр худгаас хичнээн хүн мал ундаалж, хэр олон ээж сүү цайныхаа дээжийг өргөсөн бол. Эгэл жирийнээр тус тусынхаа амьдралыг бүтээж яваа, ундрага устай төгсөгчдийг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын нэгдүгээр арван жилийн дунд сургуулийн 31 дэх төгсөлтийн 10Б ангийнхныг энэ удаа онцолж байна. Онцлох болсон минь ч учиртай. Юу гэвэл, тэдний нэг нэгнээ гэсэн халуун сэтгэл арав, хорь, гучин жилийн дараа ч тэр л хэвээрээ байсанд юм. Ёстой л он цагийг хамт туулсан ангийн андууд, орон зайг хамт элээсэн ангийн хөвгүүд гэдэг шиг. Хамгийн сүүлд гэхэд 10Б ангийн яруу найрагч, цагдаагийн ахмад ажилтан Д.Бат-Очирын гэрт санамсаргүй гал гарч, хэцүүхэн байдалд оржээ. Амин нэгнээ дурсан санагалзаж явдаг ангийн анд Д.Энхбаатар нь энэ тухай сонсоод өргөө цагаан гэр бэлэглэсэн гэдэг. Нар угтаж гүйсэн үе тэнгийн найзууд насны намартаа золгосон ч нэгнээ гэсээр энэ амьдралыг сөрж явах нь үнэхээр бахтай.

10Б ангийн дарга Д.Энхбаатар “Би 1991 оноос хувийн секторт ажиллахдаа ангийн анд М.Энх-Амартай ганзагын наймаа хийж, адал явдлаар дүүрэн, олз омог ихтэй явлаа. Дараа нь ангийн анд Л.Энхболдтойгоо эмийн наймаа ч эрхэлж байсан. Ингэж явсаар Монголын анхны химийн үйлдвэрийг байгуулж, “Зотол” группын ерөнхий захирал болсон минь нөхөрлөлийн үнэ цэнээр бүтсэн амжилт бүтээл” гэж бэлгэшээн ярьсан юм.

Монгол хэл, уран зохиолын Н.Оюун багштай 10Б ангийнхан сургуулиас зохиосон олон нийтийн ажилд манлайлан оролцдог нийгмийн идэвхтэй хамт олон байжээ. Энэ талаар “Жи-Эн-Жи” сервис ХХК-ийн захирал Ц.Гантөмөр, “Манай ангийнхан хөвгүүд олонтой болоод ч тэр үү хавар, намрын ажил субботникт идэвхтэй оролцдог багшийнхаа эзгүйд ч бэлтгэл сургуулилтаа хийчихдэг их л бие даасан анги байсан даа. Тэр үед цэрэг-спортын “Дөл” тоглолт гэж болдог байлаа. Түүнд бэлтгэх гэж бид өглөө 06:00-08:00 цагийн хооронд бие даан жагсаалын сургууль хийнэ. “Ардын арми”, “Ворошилов” дуунуудыг дуулаад л Д.Энхбаатар маань командлаад бэлтгэж гардаг сан” хэмээн дурслаа.

Тэртээ 1979 онд 9Б ангийг дааж авсан Н.Оюун багш дэггүй хөөрхөн шавь нараа дийлэхгүй ширээ тойруулан хөөж явжээ. Шавь нар нь багшийнхаа алба амины ажлын ихийг ойлгож, туслах гэж хичээцгээнэ. Нэг удаа 10Б ангийн охид багшийгаа гэртээ ирэхэд нь хүүхдүүдийнх нь бүх хувцсыг угаагаад хэцэн дээр нь өлгөчихсөн байсан гэнэ. Бас нэг удаа сургуулийн хаалгаар ортол үүдний самбар дахь ханын сониныг багш сурагчгүй тойрон үзэж байв. Очоод үзтэл 10Б ангийн ханын сонин. Хожим цэргийн гавьяаны болон алтан гадас одон хүртсэн сурагч М.Энх-Амар багшийнхаа зургийг их гоёор зурчихсан байна. Тэгээд бүгд нэр усаа тавиад, багшдаа зориулсан чин сэтгэлийн үгсээ бичсэн байжээ. Тэд “Би багш шигээ сайн багш болно, миний багш үргэлж инээмсэглэж явдаг, миний ээж шиг санагддаг, бидний дотнын хүн” гэх зэрэг үгс нь Н.Оюун багшид маш том шагнал болсон гэдэг.

1983 онд ЗХУ-ын Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт сайд Сергей Павлов тус сургуульд зочлон ирэхэд 9Б-ийн До.Энхбаатар оросоор рапорт өгч хүндэтгэн хүлээн авсан нь энэ ангийн бас нэг бахархал юм. Мөн 1984 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн 18 дугаар их хуралд Я.Цэрэндулам, 19 дүгээр их хуралд До.Энхбаатар, 20 дугаар хуралд Ч.Батбаяр нар төлөөлөгчөөр сонгогдож, нэг ангийн гурав, гурван их хуралд дараалан оролцож байсныг бахархахгүй байхын аргагүй.

10Б ангийн сурагч Д.Мяасүрэн хөвгүүдээсээ хурдан гүйх бөгөөд аймаг, сургуулийн намрын спартакиадад амжилттай оролцоно. Гимнастикаар М.Энх-Амар, урлагаар О.Цээсүрэн, сагс, волейболоор Б.Ууганбор, Л.Баасанжав, Л.Энхболд, Ш.Эрдэнэбат нар ангийнхнаа манлайлдаг байжээ.

10Б ангийн тухай бас нэг сонирхолтой зүйл бол таван Энхцэцэгтэй юм. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Д.Энхцэцэг худалдааны тэргүүний ажилтан, Наран сумын Л.Энхцэцэг Дорнод аймгийн Дамжлага баазын гуравдугаар цэцэрлэгт хориод жил, У.Энхцэцэг нь худалдааны байгууллагад арав гаруй жил ажиллажээ. Харин Ч.Энхцэцэг нь өдгөө “Энхжин” ресторанд ахлах тогоочоор ажиллаж байгаа бол Т.Энхцэцэг нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг байна.

Сүхбаатар аймгийн Холбооны газрын дарга Я.Цэрэндулам “ангийн охид хөвгүүдээ салбар салбартаа амжилттай ажиллаж байгаад бид бахархдаг. Тухайлбал, Санхүү татварын тэргүүний ажилтан, Алтан гадас одонт, татварын улсын зөвлөх байцаагч Л.Амарбаатар, Алтан гадас одонт Н.Болд, Боловсролын хяналтын улсын ахлах байцаагч Батбаяр, гаалийн улсын байцаагч Л.Энхболд, улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, Замын-Үүдийн НИК-ийн дарга Н.Болд, Ц.Рэгзэдмаа багш, мэргэшсэн нягтлан бодогч Туяа, Халзан сумын төрийн сангийн төлөөлөгч Оюунцэцэг, татварын байцаагч Д.Оюунгэрэл, нягтлан бодогч Ж.Ургамал, хувийн бизнестээ амжилт гаргаж яваа Ц.Чимэгмаа, Т.Энхцэцэг нар маань улс, аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд өөр өөрсдийн хувь нэмрийг оруулж явна” гэсэн юм.

Далайн давалгааны хүч цөхөршгүйдээ л байдаг. Энэ бол 10Б ангийнхны ололт амжилтын гол түлхүүр гэлтэй. Тэд ч үүнийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *