Засгийн газрын тогтоолын дагуу энэ жилийн Хангайн бүсийн хурдан морины уралдааныг энэ сарын 05-06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд зохион байгуулах юм.
Уралдааны зохион байгуулалттай холбоотой мэдээллийг өнөөдөр “Арвагар хээр” холбооноос хийв. Цаг агаарын урьдчилсан мэдээллээр ирэх амралтын өдрүүдэд морь уралдахад саадгүй тогтуун байна гэж тэд мэдээлэв. Иймээс унаач хүүхэд даарна гэж айлтгүй гэв. Мөн уралдаанд морь тавиач хүүхэд оролцуулахгүй, морь дагах машины тоог хязгаарлаж, эмх замбараатай явуулбал хүүхэд осолдож, гэмтэх аюул багатай талаар “Арвагар хээр” холбооноос мэдэгдлээ. Унаач хүүхэд заавал өвдөг, тохой, толгой зэргээ хамгаалсан стандартын иж бүрэн хувцас өмсч уралдаанд оролцоно гэсэн шаардлагыг тавьжээ. Уралдаан эхлэхээс өмнө уралдааныг зохион байгуулах комисс буюу Өвөрхангай аймгийн цагдаагийн газар, Хүүхдийн төлөө төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд унаач хүүхэд бүрийг нэг бүрчлэн шалгаж, хамгаалалтын хувцас, биеийн байдлыг нь үзэх юм байна. Хэрэв тухайн хүүхдийн биеийн байдал тааруу байвал хасах аж.
Хурдан морьдыг азарга, их нас, соёолон, эрлийз дээд нас гэж ангилан уралдуулна. Азарга, соёолон, эрлийз дээд насны морьд 16 километр, их нас 18 километрийн зайд уралдана. Азарга, их нас, соёолон насны уралдаанд зөвхөн заасан насны цэвэр монгол адуу тухайн насандаа уралдах зохион байгуулалт хийснээ “Арвагар хээр” холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн тайлбарлалаа.
Өнгөрсөн амралтын өдөр Хүй долоон худагт болсон “Дүнжингарав-2016” уралдааны үеэр 17 уралдаанч хүүхэд мориноосоо унаж, хоёр хүүхдийн шилбэний яс хугарсан тухай мэдээлсэн.
Цаашид аймаг сумдын уяачдын холбоо тус бүр өвлийн уралдааныг явуулахгүй, унаач хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалж, хүйтний улиралд морь унуулахгүй байх санаачилгыг гаргаад явбал “Арвагар хээр” холбоо дэмжих аж. Мөн ирэх хаврын уралдааныг ч хойшлуулах санал гарвал татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийллээ. Тэд хурдан морины уралдааны зохион байгуулалт л сайн байвал, уралдаанч хүүхдэд аюулгүй гэдгийг тодотгов.