Ирэх оны хоёрдугаар хагасаас эхлэн мобайл иргэний үнэмлэх нэвтрүүлэхээр төлөвлөснийг Өмнөд Солонгосын дотоод хэргийн яам өнөөдөр мэдээлжээ. Ухаалаг гар утсанд хадгалагдах энэ үнэмлэх нь одоогийн пластик үнэмлэхтэй ижил хуулийн статустай болох юм байна.
Нийгмийн хөгжлийн хандлага бүхэлдээ “хэтэвчгүй” болох чиглэлд хувьсан өөрчлөгдөж буй тул мобайл иргэний үнэмлэх нэвтрүүлэх болсноо дотоод хэргийн яам тайлбарлажээ. Хуулийн холбогдох өөрчлөлтүүдийг парламентаар батлуулсны дараа ирэх оны дундаас эхлэн иргэд мобайл үнэмлэхээ авч эхлэх юм аж. Ингэхдээ пластик, мобайл иргэний үнэмлэхүүд зэрэг хүчин төгөлдөр хэрэглэгдэх бөгөөд пластик үнэмлэхийг дахин хэвлүүлэх бүрд мобайл нь хүчингүй болж байхаар зохицуулжээ.
Одоогоор Өмнөд Солонгост жолооны үнэмлэхийг пластик болон мобайл хувилбараар зэрэг ашигладаг юм байна.
Г.АМАРСАНАА