Монгол улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл ӨМӨЗО-ны нэрт эрдэмтэн, доктор, профессор Б.Гэрэлтийг ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар шагналаа.
Доктор, профессор Б.Гэрэлтийн Монголын анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр шинжлэх ухаанд оруулж буй бүтээл туурвил, залуу эрдэм шинжилгээний ажилтнуудыг өөрийн материаллаг баазыг түшиглэн судалгааны шинэ арга зүй эзэмшүүлэх, докторант, магистрантурын эрдмийн ажлыг удирдах чиглэлээр явуулж буй холч бодлого, хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлийг үнэлэн ийнхүү шагнажээ.
Доктор, профессор Б.Гэрэлт нь 1999 оноос Монголын эмийн ургамлыг судлах туршилт судалгааны лабораторийг анх санаачлан байгуулсан бөгөөд тус лаборатори нь Япон, ХБНГУ, АНУ-д үйлдвэрлэсэн судалгаа шинжилгээний өндөр нарийвчлал бүхий сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогджээ. 1999 оны сүүлчээр тус лабораторийг Өвөрмонголын Их сургуулийн Монгол эмийн химийн институт болгон өргөтгөсөн байна. Тэрээр 2000 оноос эхлэн Монголын Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорацитай судалгаа шинжилгээний ажил хамтран гүйцэтгэж иржээ. Түүнчлэн 10 гаруй шинэ эмийн стандарт, технологийн нөхцлийг батлуулан практикт нэвтрүүлэн байна. Тэр дундаас ДОХ-ын эсрэг судалгаа шинжилгээний ажил нь эрдэмтэн судлаачдын сонирхлыг ихээхэн татдаг билээ.