Categories
мэдээ цаг-үе

Өмгөөлөгч Р.Булгамаа: Талийгаач охины хэргийн талаар албаны хүмүүс ч нийгэмд буруу ташаа мэдээлэл өгсөн

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

13 настай охины амийг бүрэлгэсэн хэрэг дээр ажиллаж буй өмгөөлөгчдийн багийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, өмгөөлөгч Р.Булгамаатай уулзаж ярилцлаа.


-Өнгөрсөн бямба гаригт 13 настай охины амийг бүрэлгэсэн хэрэгтэй холбогдуулан тайван цуглаан зохион байгуулсан. Та уг арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ талийгаачийн талаар маш их худал мэдээлэл нийгэмд тархсан талаар ярьж байсан.

-Талийгаач охины хэргийн талаар нийгэм даяар бараг хоёр сар яригдлаа. Өмгөөлөгч нарын зүгээс нэлээд хожуу холбогдох мэдээллийг хийсэн. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир бид уг ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж байр сууриа илэрхийлэхгүй байхыг хичээсэн. Эцэг эхийн зүгээс ч гэсэн 49 хоногийг дуустал талийгаач болон уг гэмт хэргийн талаар хөндөхгүй байхыг хүссэн. Учир нь уг хэрэг хуулийнхаа дагуу шалгагдаж байгаа гэсэн үүднээс шүү дээ. Гэтэл хохирогч М гэдэг охины талаарх мэдээллийг хамгийн түрүүн “Очир төв” зочид буудлын захирал өгсөн байдаг. Үүний дараа Баянзүрх дүүргийн II хэлтсийн мөрдөгч хэргийн мөрдөн байцаах ажиллагааны талаар сэтгүүлчдэд товч мэдээлэл өгсөн. Үүний дараа Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Лхагвасүрэн гэдэг хүн мөн мэдээлэл өгсөн байдаг. Бид энэ бүхэнд маш их шүүмжлэлтэй хандаж байгаа. Хохирогчийн эцэг эх нь хэвлэлийн бага хурлын бичлэгийг үзүүлсэн. Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд 13 настай М. гэдэг охин нас барсан хэрэг гарлаа. Хэрэгт хамааралтай гурван этгээд байгаа гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлсэн. Өнөөдөр харахад мөрдөн байцаах ажиллагааны явцад хоёр этгээдийн талаар яригдаж байгаа. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны төлөөлөгчийн хийсэн мэдээлэл, тэр гуравдагч этгээд хэн байв гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Бүхэл бүтэн Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн алба гурван этгээд байсан гэсэн. Тэр хэвлэлийн бага хурлын бичлэг одоо ч интернэтэд байгаа. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр гарсан хэргийн талаар албаны хүмүүс ч нийгэмд буруу ташаа мэдээлэл өгч байна гэдгийг онцлох гэсэн юм. Түүнээс гадна уг хэрэг гарсан “Очир төв” зочид буудлынхан зориуд, зохион байгуулалттайгаар охиныг очих газаргүй, биеэ үнэлэгч шинжтэй, согтуу байдалтайгаар орж ирэхдээ ах нарынхаа араас орно гэсэн хэмээн ярьсан байгаа. Түүгээр ч зогсохгүй ресепшн нь насанд хүрээгүй хүүхэд тул гар гэж удаа дараа шаардсан гэж ярьсан. Гэтэл тус зочид буудлын хяналтын камерын 24 цагийн бичлэгээс үзэхэд тийм юм ерөөсөө ч болоогүй гэдэг нь харагдсан . Ресепшн хаалгыг нь тогшиж шаардлага тавиагүй. Үүнээс үзэхэд уг хэргийн талаар өөрсдөдөө ашигтай мэдээлэл түгээсэн нь харагдаж байна. Албаны хүмүүсийн ярьсан гуравдагч этгээдийн талаар өнөөдөр ямар ч мэдээлэл алга. Эсвэл байж байгаад алга болсон уу. Гэтэл өнөөдөр мөрдөн шалгах ажиллагаанд хяналт мөрдөгч, прокурор хэргийн газар хоёр этгээд байсан гэдгийг онцолж байгаа.

-Тэгэхээр хоёр этгээд уг хэргийг үйлдсэн нь батлагдсан гэсэн үг үү?

-Хоёр этгээд үйлдсэн гэдэг маш тодорхой байгаа. Өмгөөлөгчийн хувьд би талийгаачийн ар гэрийн нөхцөл байдалтай очиж танилцсан. “Лантуун дохио” ТББ, Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос тэднийг чимээгүй жагсаалд оролцооч гээд байна гэж надад хандсан. Би өөрийн биеэр охины ээж, аав, эмээ хоёрыг гэрээс нь аваад очсон. Ингээд очихдоо талийгаачийн гэрийн арын хашаанд гэмт этгээдийнх байдгийг харсан. Зэргэлдээ баруун талын хашаанд нь талийгаачийн эмээ, өвөөгийнх байдаг. Гэрт нь очиход 13 настай охин үнэхээр аав, ээж, өвөө, эмээгийнхээ хайр, халамжинд өсч байсан гэдэг нь тодорхой харагдсан. Гэтэл түүнийг хараа хяналтгүй, гэр оронгүй гэж ярьсан нь ар гэрийнхэнд нь маш хүнд туссан. Энэ бүхнийг хараад хуульч хүний хувьд ташаа мэдээлэл өгч, түүгээр нь нийгэм хөөсөрдөг байдлыг таслан зогсоох ёстой гэж бодогдлоо. Би анх энэ хэргийг сонсоод 13 настай ямар хүүхэд байна, яагаад бага насны хүүхэд зочид буудлаар явж байсан юм болоо гэж бодсон л доо. Анх энэ талаар сонсоод эмэгтэй хүний хувьд ямар хариуцлагагүй юм бэ гэсэн бодол төрсөн. Гэтэл бодит байдал бол огт өөр. Өнгөрсөн бямба гаригт талийгаачийн аав ээж нь ямар мэргэжилтэй, нийгэмд ямар байр суурь эзэлдэгээ ч мэдээлсэн. Аав нь морин хуурч, ээж нь эрх зүйч мэргэжилтэй, хүүхдээ багаас нь авьяасыг нь хөгжүүлж, урлагт дуртай болгон хүмүүжүүлсэн байгаа. Өвөө нь цэргийн байгууллагад насаараа ажилласан хүн. Эднийх дөрвөн үеийн уртын дуучин. Охин нь ч урлагийн авьяастай хүүхэд.

-Та талийгаачийн гэрт нь очихдоо уг хэргийг үйлдсэн хэмээн сэжиглэгдэж буй этгээдийн амьдардаг хашааг үзэхэд нүүгээд явсан гэсэн байх аа?

-Гэмт хэргийг үйлдсэн этгээдийнх яг хамар хашаа юм билээ. Охин нас барсны дараахан тэднийх нүүсэн гэсэн. Уулын энгэр талдаа цоожтой ганц гэр байсан. Тэр айлын хувьд ч амаргүй байх л даа. Хохирогчийн ар гэрийнхэн нэг зүйлийг хэлж байгаа. Монгол хүний ёс суртахуун, жудаг гэдэг юм хайчив. 13 жил айл саахалт явчихаад, автобусны мөнгө гуйж аваад, хоолгүй гээд орж ирж юм идээд явдаг байсан. Тэр залуу биш юмаа гэхэд эцэг эх нь хүн ёсоор орж ирээгүй, ор сураггүй алга болсон гэж ярьцгаасан. Нэг удаа ажил явдал болсных нь дараахан 100,000 төгрөг өгье гэж утсаар холбогдохдоо хэлсэн тухай аав нь ярьсан. Бас нэг гомдоллож байгаа зүйл гэвэл “Очир төв”-ийн захирал, ажилтнууд охиныг нь болж бүтэхгүй хүн мэтээр нийгэмд мэдээлсэн явдал. Жаахан ч гэсэн ёс суртахуунтай бол ийм хэрэг явдал болсонд хүлцэл өчиж болох л байсан гэж ярьсан. Яагаад монголчууд бид гэмт хэргийн золиос болсон хүүхэд бүтэхгүй, болохгүй байсан талаар шуугиад байна. Өөрөөр хэлбэл нийгэмд гэмт хэргийн талаар хэт их дэвэргэж ярьцгаах болжээ. Үүнд би бас их шүүмжлэлтэй хандаж байгаа. Албаны хүмүүс ч гэсэн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар нягталсны дараа тодорхой мэдээлэл өгдөг байх тал дээр анхаарах нь зүйтэй. Манай хуульчдын баг хэд хэдэн сайтуудыг хуулийн байгууллагад өгөхөөр ярьж байгаа. Хохирогчийн талаар нийгэмд ташаа мэдээлэл явж байсан болохоор бид залруулахаас өөр аргагүй байдалд орсон.

-Хэргийг шалгах явцад процессын алдаа гарсан талаар та ярьж байсан. Үүнийгээ тодруулаач?

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэд хэдэн анхаарал татсан асуудал байгаа. Хуулийн байгууллагуудын ажилтнууд ч үүнд хянамгай хандах ёстой гэсэн үүднээс би үүнийг хэлж байгаа юм. Нэгдүгээрт, талийгаачийн ар гэрийнхэн хүүхэд нь алга болсон талаар мэдээлэл өгсөн байхад маргааш өдөр нь 13 цаг өнгөрч байхад хэрэг гарсан газар цагдаагийн бүрэлдэхүүн очсон байдаг. Хүүхэд нь алга болсон гэж мэдээлээд байхад ядахдаа хорооны цагдаа нь дорвитой арга хэмжээ аваагүй. Хэргийн газар эцэг эхийг нь очих боломж олгоогүй. Гурав хоногийн дараа Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд талийгаачийн цогцсыг нэлээд засч янзалсан байдалтай байхад ээж нь анх удаагаа очиж харсан байгаа. Одоо ч аав нь хэлээд байгаа. Эцэг эх нь хараад танихын аргагүй болсон, хамар нь мурийчихсан байсныг нь тэгшилж крем түрхэж янзалсан байсан гэсэн. Өнөөдөр шүүх эмнэлэг гадны ямар нэгэн нөлөөгүйгээр нас барсан гэсэн дүгнэлт гаргасан нь хамгийн харамсалтай. Үүнд эцэг эх нь ихэд гомдож байгаа. Хуульчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуулинд заасан амьд явах эрх зөрчигдөж, амиа алдсан байхад гэрчүүдийн мэдүүлгээр тогтоодсон гэмт этгээдүүдийг суллаад явуулсан байгаа. Өөрөөр хэлбэл цагдан хорих арга хэмжээ аваагүй. Цагдан хорих арга хэмжээ аваагүй шалтгаанаа цагдаагийн байгууллага мөрдөгчийн зүгээс дараахь тайлбарыг өгсөн. Прокурорт саналаа тавьсан боловч шүүх эмнэлгийн дүгнэлт гартал батлан даалтад явуулах нь зүйтэй гэсэн. Прокурорын байгууллага нь өөрсдийгөө өмгөөлөөд Эрүүгийн хуульд зааснаар гэмт буруутай нь тогтоогдоогүй байхад хорих эрх байхгүй гэсэн тайлбар өгсөн. Ингэж л өөрсдийгөө хаацайлж байна. Гэтэл хүн амиа алдсан байхад хэргийн газар хэн байсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээс тодорхой байхад батлан даалтаар гаргана гэдэг маш том алдаа. Дээрээс нь хариуцлагагүй алхам. Тиймээс ийм явдал давтагдах учиргүй. Үүнээс ямар үр дагавар үүссэн бэ гэхээр нэг нь хэргийн газраас оргон зайлсан. Журмаараа бол шууд эрэн сурвалжлах ёстой. Гэтэл уг этгээд нь хоёр хоногийн дараа гарч ирсэн гэж бидэнд ихэд бахархалтайгаар хэлсэн. Хэргийн газраас архины шил олдсон байхад сэжигтний согтолтын зэргийг газар дээр нь тогтоох ёстой. Энэ ажиллагаа орхигдсон байдаг. Сэжигтэн Ж хэмээх иргэн согтуу байсан гэдэг нь буудлын дэргэдэх “Хөхөгчин” дэлгүүрийн худалдагч мэдүүлэгтээ хэлсэн. Үүнээс үзэхэд зочид буудал орохдоо согтуу байсан, орсон хойноо ч архи уусан гэдэг нь тодорхой. Цаг тухайд нь согтуурлын зэргийг тогтоогоогүй нь сэжигтэн хоёр этгээд эрүүл байсан гэсэн ойлголтыг бий болгоход хүргэсэн. Талийгаачийн ходоодноос 5,7 хувийн этилийн спирт гарсан. Цагдан хориогүй нь сөрөг үр дагаврыг бий болгож байна гэж би хэлэх гээд байна. Цагдан хорино гэдэг бол таслан сэргийлэх арга хэмжээ авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл сэжигтнийг гэмт халдлагад өртөхгүй байх дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх нөхцөл байдлыг бий болгоно гэсэн. Энгийнээр бодоход охин нь амиа алдчихаад байхад уг хэрэгт холбоотой гэгдээд байгаа хүн хамар хашаанд нь зүгээр л орж гараад байхад ямар байх уу. Өөрөөр хэлбэл маш олон сөрөг үр дагавар гарна гэсэн үг шүү дээ.

-Хоёр сэжигтнийг хэзээ саатуулсан бэ?

-Есдүгээр сарын 20-ны өдөр тэднийг саатуулсан. Хэрэг явдал гарснаас бараг сарын дараа гэсэн үг. Талийгаачийн ар гэрийнхэн, өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс шийдвэр гаргасны дагуу хоригдсон. Саяхан цагдан хорих хугацааг сунгах нь зүйтэй гэж үзсэн. Хэрэг гарснаас хойш сарын хугацаанд сэжигтнүүдийг цагдан хорихгүй байсан нь өөрөө талийгаачийн ар гэрийнхэн болон нийгэмд айдас төрүүлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *