Өмгөөлөгч Г.Батбаяр Захиргааны хэргийн шүүхэд өгсөн нэхэмжлэлээ эргүүлэн татжээ. Тэрбээр “80 жилийн түүхтэй Монголын өмгөөлөгчдийн холбоо гэсэн нэрийг хэсэг хүмүүс дураараа авч ашиглаж байж болзошгүй байна. Хуучин ажиллаж байсан байгууллагын нэр, байр, түүнд хадаглагдаж байсан мэдээллийн бааз, олон оронтой тогтоосон байсан холбоо, сүлжээ зэргийг Монголын хуульчдын холбооны дэргэдэх Өмгөөллийн хороо эзэмших ёстой. Түүнээс биш одоо эзэмшиж ашиглаж буй хүмүүст хуулийн дагуу өв залгамжлах эрх үүсээгүй” хэмээн үзэж, МӨХ гэсэн нэрийг хүчингүй болгуулахаар өнгөрсөн сард Захиргааны хэргийн шүүхэд хандаж байсан юм.
Гэвч тэрбээр энэхүү нэхэмжлэлээ шүүх хурал товлогдсон өдөр гэнэт татжээ. Харин Г.Батбаяр өмгөөлөгч ямар ашиг сонирхол, далд нөлөөний улмаас нэхэмжлэлээсээ татгалзсан нь ойлгомжгүй байгаа юм. Харин уржигдар Монголын өмгөөлөгчдийн холбоо, Г.Батбаяр өмгөөлөгч нарын хоорондох маргааны талаарх иргэний хэрэг хянан шийдвэрлэх бас нэгэн шүүх хуралдаан болж өнгөрсөн байна. Гэсэн хэдий ч хурлын шийдвэр хэрхэн яаж гарсан, хэнийх нь эрх ашиг хамгаалагдсан талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа юм.
Дашрамд дурдахад, Монголын өмгөөлөгчдийн холбоо хэмээх олон жилийн түүхтэй байгууллага нэрээ өөрчилж, МХХ-ны Өмгөөллийн хороо нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.