Categories
гадаад мэдээ

Умард Солонгост гэнэтийн цохилт өгөх магадлал бодитой байгаа гэв

АНУ цэргийн хүчээ байрлуулж дууссанаар Умард Солонгосын цэргийн объектуудад хэзээ мөдгүй цохилт өгөхөд бэлэн болжээ. Тухайлбал, хэдэн зуун “Томагавк” пуужинг тодорхой байнууд руу чиглүүлэн харвахад бэлэн болсон тухай Японы Nikkei сонинд бичсэн байна.

Одоо Солонгосын хойгт байрлаж байгаа нисэх онгоц тээгч Carl Vinson хөлөг онгоцоор ахлуулсан АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний цохилтын бүлэг Умард Солонгост цохилт өгөх ажиллагааг дууриамал байдлаар явуулжээ. Энэ үед Умард Солонгосын цэргийн удирдлага холбооны шуурхай системээ ажиллагаанд оруулсан байна. Энэ системийн дохионуудыг замаас нь барьж авснаар газар дорх хонгилууд зэрэг олон байны байршлыг тодорхойлж амжсан аж.

Үүний зэрэгцээ нисэх онгоц тээгч Ronald Reagan хөлөг онгоцоор ахлуулсан цохилтын хоёрдахь бүлэг Солонгосын хойгийг чиглэн хөдөлснөөр олон тооны “Томагавк” пуужингаар нэгэн зэрэг цохилт өгөх боломжтой болж байгаа аж. Цохилтын ажиллагааг дэмжиж стратегийн бөмбөгдөгч онгоцууд агаарт хөөрөх бөгөөд эдгээр онгоцууд газрын гүнд байгаа объектуудыг устгаж чадах тусгай бөмбөгүүдийг тээдэг.

Түүнээс гадна Сөүлээс холгүй газарт бөөгнөрсөн Умардын их буунуудыг устгахад бэлтгэх ажиллагааг сургуулилсан байна.

“Никкей” сонины эх сурвалжуудын үзэж байгаагаар, Умард Солонгост гэнэтийн цохилт өгөх магадлал бодитой байгаа аж. Гэхдээ АНУ-ын хувьд одоохондоо цэргийн их хүчээ ашиглан дипломат үйл ажиллагаандаа бодитой үр дүн гаргах эрмэлзэлтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *