Categories
мэдээ нийгэм цаг-үе

​”Улстөрчөөр удирдуулсан мэргэжлийн бус УОК-ыг даруй татан буулгаж, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг байгуул” гэв

Судлаач Л.Энхтөр www.admin.dnn.mn сайтын редакцид хандлаа. Тэрээр УОК-ыг улстөрчид биш мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн, инженер хүн удирдах ёстой гэлээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Өнөөдөр халдварын тоо 575-аар нэмэгдэж нийт халдварын тоо 7589 боллоо. Цаашид өснө гээд байгаа?

-Юуны өмнө би өөрийгөө товч танилцуулъя. Намайг Л.Энхтөр гэдэг. Би гадаадад эдийн засгийн чиглэлээр сургууль төгсөж, гадны хоёр ч улсад судлаачаар ажиллаж байгаад эх орондоо ирээд хувийн бизнесээ хөгжүүлээд явж байгаа энгийн иргэн. Нам бус. Улс төрөөс аль болох хол байхын тулд судлаачийн ажлаа орхиж, ах дүүстэйгээ нийлж хувийн компани байгуулсан эгэл жирийн нэгэн. Болж буй үйл явдлыг иргэний хувиар хараад нийтээ дагаад явж болж байна. Гэтэл сүүлдээ туйлдаж гүйцлээ. Монголд цар тахлын үед авч хэрэгжүүлж буй ажил бол тэр чигтээ улс төрийн шинжтэй, ардаа ашиг сонирхлын зөрчилтэй гэж харж байна. Бүх юмнаас нь улс төр үнэртэж байна. УОК-ыг улстөрч биш анагаах болох шинжлэх ухааны чиглэлийн, тэр дундаа математикч, инженер хүмүүс удирдах ёстой. Ядаж нийт бүрэлдэхүүний 70-80 хувь нь эрүүл мэнд, математикийн салбарын эрдэмтэд буюу тухайн салбарынхан байх ёстой. Гэтэл нэг намын, мэргэжлийн бус хүмүүс ээлжилж УОК-ыг удирдах нэрийн дор үйл ажиллагааг нь дордуулж, сульдааснаас өнөөдөр бид 575 гэсэн гашуун тоо сонсоод сууж байна.

-Танд тэгээд ямар гаргалгаа байна вэ?

-УОК-ыг яаралтай татан буулгаж, эрдэмтэд, математикч, анагаахын салбарын туршлагатай эрдэмтэд, гадаадад боловсрол эзэмшсэн шинэ залуусаас бүрдсэн мэргэжлийн комиссыг бүрдүүлэх ёстой. Ковидын тархалтаа хумьж чадсан Ухань зэрэг хотоос туршлагатай мэргэжилтэн урьж авчруулсан ч болж байна. Маш яаралтайгаар энэ комиссыг өөрчлөхгүй бол эд нар ажилдаа түүртэж, мэргэжлийн түвшинд ажиллаж чадахгүй байгаа учраас Улаанбаатар хот бүхэлдээ голомт болчихоод байна. Би энэ талаар хэд хэдэн орны туршлагыг судалсан. Гадны орнуудын шуурхай штаб, УОК гэх мэттэй төстэй бүтэц бүрэлдэхүүнийг ажиглахад улстөрчдийн оролцоо бага, харин эрдэмтдийн оролцоо их байна.
Энэ долоо хоногийн сүүлээр өдөрт 1000 тохиолдолд бүртгэгдэж мэдэхээр байна. Тиймээс улстөрчөөр удирдуулсан мэргэжлийн бус УОК-ыг даруй татан буулгаж, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн мэргэжлийн багийг яаралтай бүрдүүл гэж зөвлөмөөр байна.

-Эрдэмтдийн зөвлөл гэж бий. Тэд УОК-д зөвлөмж хүргүүлдэг шүү дээ?

-Эрдэмтэд хичнээн зөвлөөд УОК-ын толгойд ямар нэг улстөрийн хүчний хүн байхад мянган сайн юм хэлээд нэмэргүй. УОК-ыг удирдаж байгаа улстөрч хүн намынхаа даргын үгийг л нэгдүгээрт тавих учир УОК-ыг улстөр, улстөрчдөөс ангид байлгаж, мэргэжлийн баг бүрдүүл гээд байгаа минь энэ. Ковидоор далимдуулж улс төр хийж, өнөө зун болох Ерөнхийлөгчийн сонгуульдаа ашиглаж ч мэдэхээр хүмүүс шүү дээ гэж хардаж байна. Хэрвээ УОК энэ байдлаараа халдварын тоог өдөрт 1000-д хүргэвэл надаас эхлүүлээд жагсах, эсэргүүцэх залуус олон мянга байгаа шүү. Энэ байдлаараа нөхцөл байдал сунжирч, хүндэрвэл одоо байгаа Засгийн газрыг огцруулах ч багадна. Залуус болон бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, татвар төлөгчид маш бухимдалтай, стресстэй байгаа гэдгийг Засгийн газар мэдэж байгаа байх.

Н.ЦОГЗОЛМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *