Улсын онцгой комиссын ажлын хэсэг энэ сарын 16-21-ний өдрүүдэд Архангай, Булган, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудад өвөлжилтийн бэлтгэл хангуулах, үер усны хор уршгийг арилгах, авто зам, замын байгууламжид үүссэн эвдрэл гэмтлийг сэргээн засварлах, аймгуудын Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч нэгдсэн удирдлагаар хангахаар ажиллаж байгаа аж.
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэгт МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат, ХАБХААХГ-ын дарга Ч.Энх-Амгалан нар ажиллаж байгаа юм. Тухайлбал, өнгөрөгч долоо хоногт ажлын хэсгийнхэн Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссийн хурлыг Сэлэнгэ аймгийн сайхан суманд зохион байгуулж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг олон нийттэй хамтран хийх чиглэлээр үүрэг даалгавар өгчээ. Улсын Онцгой комиссын ажлын хэсэг энэ өдрүүдэд Архангай аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, МЭЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд, мөн Энэтхэг улсын Элчин сайд Суреш Бабу ажиллаж байгаа аж.
Аймгийн хэмжээнд он гарсаар 86 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдож, долоон хүн амь насаа алдан, 2,870 гаруй мал хорогдож, төр, аж ахуйн нэгж, иргэдэд 2,8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Дээрх аюулт үзэгдэл, ослын дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын 277 алба хаагч /давхардсан тоогоор/, 50 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллан, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 1.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.