Categories
мэдээ цаг-үе

Улсын начин Б.Онх: Өвчин тарааснаас үзэгчгүй наадсан нь дээр гэж бодож байна

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат Монгол Улсын начин Баасангийн Онхтой ярилцлаа. Тэрээр Зөвлөлт холбоот улсад дулааны инженерийн мэргэжил эзэмшсэн боловсрол өндөртэй бөхчүүдийн нэг юм.


-Та 1979 оны улсын наадмаар начны цолны даваанд Өвгөнхүү харцагад амлуулж барилдсан байдаг. Тухайн үед Ч.Өвгөнхүү харцага улсын наадмын шөвгийн давааны л тааварт ид сайн барилдаж байсан үе нь шүү дээ. Барилдаан ямар болов?

-Цол хүртэж сайн барилдсан цаг үеээ эргээд санахад мөн ч сайхан байдаг юм. Тэр жилийн наадмаар өрийнхөө хэмжээнд тултал бэлтгэлээ хийгээд л зодоглосон. Начны даваанд ам сонсоод сууж байтал аварга арслангуудын амнаас мултарлаа. Заанууд ч үлдээлээ. Тэгтэл Ч.Өвгөнхүү харцага З.Дүвчин, Д.Амгаа, Ө.Тулгаа, Ё.Ишгэн А.Баатархүү гээд бөхчүүдээс намайг амласан юм. Бид хоёр 10 гаруй жил самбо бөхийн улсын шигшээ багт хамт хичээллэсэн, бие биенийхээ барилдааныг андахгүй мэддэг улс. Тухайн үед лавхан золгоон дээрээс л хаяна гэж төлөвлөж байсан. Барилдааны засуулдаа “Би ард нь гарвал яаруулж болохгүй шүү. Шуудганд хүрч лавхан барьж хаяна” гэж захисан юм. Барилдааны явцад би гарыг нь таллаад ард нь гарчихаад хаяж чадалгүй алдчихсан. Ингээд хоёулхнаа давааны төгсгөлд үлдсэн. Шуудганд хүрэх болоход бага цолтой бөх талаа сонгодог дүрэмтэй байсан юм. Гэтэл хөлийн цэцүүд зоос хаяж тал шийдэх шийдвэр гаргасан. Би ч гайхасхийгээд туг руу алхаж байхад засуул маань “Онхын талаар буулаа” гээд хашхирч байна. Би ч төлөвлөж байснаараа хутгаж дайраад залгуулаад дэгээ ороогоод зүтгэчихсэн. Үл ялиг дээр нь туссан. Мөн ч их баярлаж билээ. Өвгөнхүү бид олон ч жил нөхөрлөсөн дөө. Бие биенийхээрээ орж гардаг байсан. Найз маань өнгөрсөн жил өөдөө одлоо.

-Амьсгаагаа гүйцэд дарж амжаагүй байхад тань л Х.Баянмөнх аварга амласан гэдэг…

-Начны даваанд хүнд барилдаан хийгээд гүйцэд амьсгаа дарж амжаагүй, сууж байхад Баянаа аварга “Начинг амлалаа шүү” гээд босч билээ. Дархан аварга хүнээр начин гэж дуудуулах сонин л мэдрэмж байдаг юм билээ.

Би чинь их хожуу 32 настайдаа улсын цол хүртсэн шүү дээ.1973 оны наадмын өмнөхөн “Барилдахаа больё, нас ч явлаа” гэх ухааны юм бодоод урт цагааны ойролцоо алхаж явтал Баянаа аваргатай халз таарчихдаг юм. Аварга “Наадам болох гэж байна. Яахлаараа барилддаггүй юм. Явж бэлтгэл хийе” гээд дагуулаад явж билээ. Ёл хаданд хэд хоног бэлтгэл хийгээд улсын наадамд барилдаж дөрвийн даваанд Г.Дэмүүл арсланд унаж байлаа.

-Тэр жил Г.Дэмүүл гуай тэр таныг амлахгүй үлдээнэ гэж ам гарч байсан гэсэн шүү дээ. Яагаад амлачихсан юм бэ?

-Дөрвийн давааны өмнөхөн Г.Дэмүүл арслан надад “Би Д.Нэгдэлийг амлана” гэж хэлсэн юм. Үүнийг сонссон би нэг голд өссөн У.Пүрэвээ заан маань амлах болов уу гэсэн горьдлоготой хүлээж байлаа. Гэтэл Ө.Эрдэнэ-Очир арслан Нэгдэлийг амлаад Дэмүүл арслан намайг амлаж миний төлөвлөгөө нурсан юм.

-Г.Дэмүүл арслантай их сайн барилдаж өвдөг шороодсон гэдэг…

-Дэвээд гарахад Дэмүүл арслан ч мөн ч сүртэй харагдаж билээ. Хажууд зогссон У.Мижиддорж арслангаас яаж барилдах талаар асуувал “Баруун ташаагаа тавиад ширвээд гуд тат” л гэж байна. Тийм бяртай жинтэй аралтай хүнийг 70 гаруйхан кг жинтэй би ширвэж гуядана гэхэд санаанд нэг л буухгүй байсан л даа. Тэндээс П.Дагвасүрэн арслан “нүд рүү нь тас ширтээд зогсчих” л гэж байна. Би ч ном ёсоор болголоо. Арслан ч огцом хөдөлгөөн хийсэнгүй, ирийг дараад авлаа. Миний засуулаар ажиллаж байсан “жижиг” Санжаа гуай “Яарч л болохгүй шүү” л гэж байна. Би сүвээний барьцнаас нь атгаад л тун ч аятайхан болж иржээ. Ингэж өөртөө дасгаж байгаад л өхийлдчихсөн чинь тийрчихэж билээ. Би суун тусаад босоод ирсэн. Гишгэж болдоггүй. Эмч дээр очиж өвчин намдаах тариа хийлгээд шүдээ зуугаад гарсан. Очоод өрөөд зогсож байхад зүүн хөл дээр зөөлхөн товшиход нь өвдөглөчихсөн.

Миний ээрцгийг задартал тийрсэн байж байсан шүү. Хоёр жил хэртэй хүний гарт байсан. Дэмүүл арслан удаан зогсоод газартай тас наалдчихсан байсан даа.Тийм суурьтай хүнийг өхийлдөж байдаг би ч түүхий байж.

Наадмын дараа хүмүүс Дэмүүл арслан руу “Та зөндөө л улсуудыг цолонд хүргэсэн. Онх олон жил сайн барилдаа. Дэмжиж болоогүй юм уу” гэж шалгааж байсан гэнэ лээ. Хариуд нь арслан “Миний начин болгосон улс тийм ч сайн явж байгаа нь дуулдахгүй юм. Тэгээд л Онхыг дэмжиж чадаагүй. Цаадах чинь хүн сайтай” гэж хэлсэн байсныг нь миний нутгийн залуу сонссоноо надад дуулгасан. Үүнд нь их баярласан. Арслан ЗИЛ 130 унаад л явж байна.Хиргүй цагаахан сэтгэлтэй сайхан хүн дээ. Бид мөн ч хуучилдаг байж. Өмнөговийн бөхчүүд наадмын өглөө төв цэнгэлдэхийн зүүн урдаас орж байгаа нь таргалсан атан тэмээнүүд шиг мөн ч сүр бараатай харагддаг байж билээ. Үзэгчид ч шуугилдаад л гоё хүлээж авна.

-Дархан аварга Д.Дамдинтай ойр нөхөрлөдөг байсан бөхчүүдийн нэг нь та. Аваргын талаар ном бичиж гаргаж байсан шүү дээ. Аварга ямар хүн байв?

-Дамдин аваргыг сайн мэднэ. Хөгшин залуу хоёр инээлдээд сайхан нөхөрлөдөг байлаа. Түргэн шалмаг, үзүүштэй барилддаг мөн ч сайхан бөх байж билээ. Нэг үед бол бөхийн дэвжээг эзэгнэж байлаа шүү дээ. Таван жил дараалж улсын наадамд түрүүлж байсан. Сүүлд “Бөхийн гэргий” гэж Цэрэндулам эгчийн тухай номыг Дамдин аваргаар яриулж бичиж байлаа. Аваргатай нөхөрлөж, явсан олон дурсамж надад бий.

-С.Цэрэн аваргыг тантай их ойр харилцаатай байсан тухай бөхийн ном товхимолд тэмдэглэж үлдээсэн байдаг…

-Аварга бид хоёр наадмын бэлтгэлд хамтдаа гардаг байсан юм. Самбо бөхийн улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд хамтдаа орно. Надад зааж зөвлөнө. Тэр үед одоогийнх шиг сайхан залуу шалгаруулах тэмцээн явагддаг байсан бол Цэрэн аварга олон түрүүлэх байсан байх шүү. Өтгөн хар хөмсөгтэй, сартгар уужим хамартай, гараа дэвээ сайхантай монгол бөхийн сонгодог төрхтэй хүн байсан шүү. Их зөөлөн, даруухан зантай хүний сайхан шинж цогцолсон даанч мундаг хүн дээ. Засуул дээрээ гараад байгааг нь сайхан эмээл хазаартай, дэлийг нь цэвэрхэн зассан аргамаг хүлэг шиг харагддаг байж билээ. Сүүлд миний элэг тааруу эмнэлэгт хэвтэж байхад аварга эргэж ирдэг юм. Бор аргаар анагаах тухай хуучилж байгаад л гарсан. Бидний эцсийн уулзалт тэр байсан юм билээ. Намайг хөдөө яваад ирэхэд аварга маань өнгөрчихсөн байсан. Одоо ч нөхөрлөж явсан үеийн бөхчүүдээс минь Л.Сосорбарам арслан л үлдэж дээ. Жам юм даа. Сосорбарам бид хоёр их ойр байдаг юм.

-Таны үед гайхагдаж явсан хүчтэн бол дархан аварга Д.Цэрэнтогтох. Аваргатай нөхөрлөж явсан сайхан дурсамж танд байдаг л байх?

-Их тогтуухан ааш зантай, хааяа тас тас инээх нь мөн ч золбоотой. Гайхалтай уран барилддаг угсраа мэхтэй бөх байж билээ. 1972 оны наадмаар улсын заан Ё.Ишгэн надад гурвын даваанд унадаг юм. Би дэгээ ороож эргээд даваад цаана нь унасан. Өнөөх маань тахимаа өгдөггүй. Туг тойрох гэсэн чинь хуруунаас чангаагаад явуулдаггүй. Засуул ирсэн чинь Ё.Ишгэн малгайгаа булааж аваад туг тойрчихдог юм. Өнөөх маань тав дээр Ч.Өвгөнхүүд уналаа. Миний шар хөдөлсөн гэж жигтэйхэн. Ишгэн рүү очоод “Би чам шиг ингэж унахгүй. Өвөөг дийлэхгүй байсан юм бол яах гэж намайг луйвардсан юм” гээд хэлчихлээ. Хажууд сууж байсан Д.Цэрэнтогтох аварга “Олон наадам байгаа, дахиад олон таарч барилдана” гэж хэлээд өнөөх л тогтуун зангаараа тас тас хөхөрч биднийг тэр дор нь эвлэрүүлж билээ. Ишгэн бид ч их сайхан найзууд болсон. Цэрэнтотох аварга барилдаан нь хурц ширүүн ч, зан тогтуун дөлгөөхөн бөх байсан даа.

-Таны хувьд сүүлийн үеийн залуу бөхчүүдийн талаар ямар бодолтой явдаг вэ. Дээр үеийн хөнгөн шаламгай дайчин барилддаг бөхчүүдийн энд хүрэх хүчтэн өнөө цагт ховор байгааг шүүмжлэх хүмүүс байдаг юм билээ?

-Сайхан залуус олон байна. Сэлэнгийн улсын начин Б.Орхонбаяр гэж жаахан хүү мөн ч эрэмгий барилдах юм. Махтай улсуудтай жаахан удахад л ядраад байдаг юм. Жин багатай улс давъя л гэвэл ажиллаж, давшиж барилдах хэрэгтэй. Орхонбаярыг харахад л миний ид үеийн барилдаанууд нүдэнд харагддаг юм. Ах нь яг тийм л галбиртай байсан даа. Энэ мэт сайхан зүйлс байна. Гэхдээ саар зүйлс бас ажиглагдах юм. Залуус допинг хэрэглээд байна. Эрүүл мэндийг устгадаг эд шүү дээ. Говь-Алтайгаас маань гэхэд л таван залуу допингийн шинжилгээнд уналаа. Ийм муухай зүйл байж хэрхэвч болохгүй. Допинг хэрэглэсэн дэвжээний бүх бөхчүүдийн барилдах эрхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж байвал зүгээр гэж боддог юм. Говь-Алтай байна уу, Увс байна уу, Завхан байна уу хамаагүй. Тус дэвжээний харьяалалтай л бол наадмаар барилдуулахгүй байх хэрэгтэй. Ийм хууль эрх зүйн орчин шаардлагатай байна. Энэ нь нэг талаараа хүний эрхэнд халдаж байгаа асуудал боловч хүний эрүүл мэндийг нэн тэргүүнд авч үзэх ёстой. Допинг хэрэглэсэн бөх сайн барилдаад наадамд цол авахад түүний ард шударгаар хөдөлмөрлөж яваа олон арван бөхийн эрх ашиг хөндөгдөж байдаг байхгүй юу. Хатуу хариуцлага тооцож байж л бөхчүүдийг допингоос ангижруулна.

Мөн гарьд харцага цолыг нэмж оруулсан нь байж байж болохгүй зүйл. Харин цолоо баталсан хүн түрүүлж ам авах нь зөв жишиг. Начин, заан, арслан, аварга гэдэг бөхийн цол бол Монголын ард түмний оюуны өмч. Үүнийг өөрчилж байгаа нь ард түмний оюуны өмчийг сүйтгэж байгаа асуудал. Зургаа давсан начин чинь чимэгтэй л начин. Хоёр удаа тав давсан нь хүн илүү амжилт шүү дээ. Өнөө үед бөхчүүдийн ёс жудагт ч сөргөөр нөлөөлж байна.

-Сүүлийн үеийн залуусын барилдааныг үзэж байна уу. 20-иодхон хоногийн дараа наадам болох нь. Энэ жилийн наадмын өнгийг та яаж харж байна вэ?

-Зурагтаар алгасалгүй үздэг юм. Өнөө үед таавар дэвшүүлэхэд хэцүү болж дээ. Сайхан аварга арслангууд олон байна. Дээшээ барилдах боломж бололцоотой залуус ч олон байна. Э.Оюунболд гэж хүү сайхан гарч ирсэн ч допингийн асуудалд хутгалдчихлаа. Бөхчүүд ч түүнийг барилдуулахгүй биз. Санжаадамба аваргаас авахуулаад допингтой тэмцэж байгаа нь зөв жишиг гэж хувьдаа үздэг юм. Энэ жилийн наадмаар сайхан барилдаад цол ахихаар харцагууд хэд хэд байна. Заалны барилдаанууд явагдсангүй. Бөхчүүд хувь хувьдаа тус тусын бэлтгэлээ базаасан байх. Хорио цээрийн үед бэлтгэлээ цалгардуулаагүй, формоо барьсан бөхчүүд л цол ахиж сайн барилдах байх даа.

-Түүхэнд анх удаагаа үзэгчгүй наадам болох нь. Үүнийг та яаж харж байна вэ. Үзэгчдийн уухай баяр наадмын салшгүй нэг хэсэг биз?

-Төр хаашаа түмэн тийшээ гэдэг дээ. Өвчин тарааснаас үзэгчгүй наадсан нь дээр гэж бодож байна. Онцгой нөхцөлд бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж наадам зохион байгуулж байгаад талархаж л сууна. Бүтэн жилийн хөдөлмөр яригдана шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *