Categories
мэдээ цаг-үе

Улсын харцага Б.Бат-Өлзий: Допингийн асуудлыг шийдэхгүй байгаа дарга нарын балгаар олон бөхийн эрх ашиг хөндөгдөж байна

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Монгол Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзийтэй ярилцлаа.


-Сайхан өвөлжиж байна уу та. Бэлтгэл сургуулилт жигдэрч байна уу?

-Сайхан өвөлжиж байна аа. Намар есдүгээр сараас хойш бэлтгэл сургуулилтаа тасралтгүй базаагаад явж байна. Барилдаантай өдөр нь Бөхийн өргөө ороод бусад өдөр нь бэлтгэлээ хийнэ. Миний нэг өдөр ингэж л өнгөрдөг юм. Би барилдаж эхэлснээсээ хойш л заалны барилдаан ер нь алгасаагүй дээ.

-Бөхчүүд цол аваад найр наадмаа хийгээд бийлэгжээд ирэхээрээ заалны барилдаанд зодоглохоо больчихдог жишиг тогтох гээд байна. Таны хувьд найр наадам ч гэж яваад байдаггүй санагдаж байна?

-Миний хувьд барилдаануудад зодоглож байж л өөрийгөө хөгжүүлдэг. Өөрийгөө сорьж байж л шат ахидаг. Нэг барилдаанд зодоглоход л хэдэн өдрийн бэлтгэлтэй тэнцэх хэмжээний үр дүн гардаг.

-Та бэлтгэлээ хаагуур базааж байна. “Хантайшир” дэвжээн дээр бэлтгэлээ хийж байна уу?

-Сүүлийн гурван жил Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний бөхчүүдтэй барилдааны бэлтгэлээ базаасан. Энэ жилээс Ховд аймгийн бөхчүүдтэйгээ Дэнжийн мянгад байрлах шинэ зааланд бэлтгэлээ хийж байна.

-Үндэсний бөхөөр хичээллэж эхэлснээс хойш шат, шатны барилдаанд амжилттай барилдаж байсныг тань мэдэх юм. Та ингэхэд барилдааны ур чадвараа хөгжүүлэх тал дээр хэрхэн ажилладаг вэ?

-Сумын цолтой байхаасаа л барилдаан алгасалгүй зодоглодог байлаа. Сумын цолтон, аймгийн цолтон, улс аймгийн цолтнуудын ангиллын барилдаанд түрүүлж байсан. Одоогоор ийм амжилт үзүүлсэн бөх байхгүй юм билээ. Цаашдаа олон бөх ийм өндөр амжилт үзүүлэх байх.

-Хөвсгөлд зохион байгуулагдсан өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанд их сайн барилдаж байсан санагдаж байна. Таны хувьд “Шонхор” сургуулиас орж байсан бил үү?

-Тэр улсын аварга их ширүүн өрсөлдөөнтэй болж байсан шүү. Одоогийн аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, Увсын Х.Оргилболд бид гурав хүрэл медалийн төлөө хоорондоо тойрч барилдаж байлаа. Гурав, дөрвөн тойрог барилдаад би медальгүй үлдэж байсан даа. Үеийнхээ шилдэг бөхчүүдтэй өрсөлдөөд их ч зүйл сурсан. Бөхөөр тууштай хичээллээд явахад боломж байна шүү гэдэг урам тэр тэмцээний дараа л миний толгойд бат сууж өгсөн. Тухайн тэмцээнд “Шонхор, Олимп” дээд сургуулийн Б.Батбаатар багш намайг бэлдэж оруулж байлаа.

-Улсын аварга Г.Эрхэмбаяр таныг бөхийн замд хөтөлсөн гэдэг. Аваргын барилдаанаас юуг сурч авав?

-2013 оноос хойш улсын аварга Г.Эрхэмбаярыг дагаж бэлтгэл сургуулилтаа базааж байсан. Бөхийн ёс жудаг, олны газар биеэ хэрхэн зөв авч явахаас авахуулаад их олон зүйлийг надад үлгэрлэж өгсөн шүү.

-Улирлын нээлтийн барилдаануудыг тань ажиглахад бусгах, зайлах мэхийг их өвөрмөцөөр хийж байгаа харагдсан. Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага О.Хангай гээд гол өрсөлдөгчдөө бусгаад давж байгаа харагдсан. Өмнө нь бусгаа мэхийг та тэр бүр хийдэггүй байсан шүү дээ?

-Долоо хоног бүрийн барилдааны туршлага, өдөр бүрийн бэлтгэлээс л сурч байгаа юм л даа. Ганц дархан мэхтэй, нэг хэвийн барилдаантай хүн амжилт гаргахад хэцүү болсон цаг. Өөрийнхөө барилдааны онцлог, арга барилд зохицсон шинэ мэх техник сурч өөрийгөө цаг тутам хөгжүүлж байж л өндөр амжилт үзүүлнэ.

-Оны төгсгөл дээр Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд анх удаагаа түрүүллээ. Олон шилдэг бөхчүүдийг өвдөг шороодуулсан шүү дээ. Барилдаан ямар болов?

-Бөхийн спортоор хичээллэж эхэлсэн цагаасаа хойш л “Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд нэг түрүүлээд үзчих юм сан” гэсэн бодол миний дотор явж байсан нь сая биеллээ оллоо. Нэг цаг үед барилдаж байгаа олон бөхчүүдтэй хүч үзэж түрүүллээ.

-Увсын аймгийн начин Л.Энхсаруул та хоёрын барилдааны талаар хэсэг шуугьлаа. Таны хувьд суучихаад босоод барилдаанаа үргэлжлүүлсэн бичлэг цахимд явж байна лээ. Яагаад дахиж барилдсан юм бэ?

-Тухайн үед ажиллаж байсан засуул барилдаан зогсоох дохио өгчихсөн байхад Энхсаруул намайг этээд суулгачихсан юм. Хөлийн цэцийн шийдвэрээр дахиж барилдаад би давсан. Бөхийн барилдааны дүрмийн хүрээнд л шийдэгдсэн асуудал.

-Хангай харцага та хоёрын өрсөлдөөн энэ цагийн монгол бөхийг чимж байна. Өнгөрсөн жилийн тухайд Хангай илүүрхэж байсан бол сүүлийн гурван ч барилдаанд тунаж хүч үзээд та давлаа. Унасан барилдаанууддаа ямар дүгнэлт хийв?

-Сүүлийн барилдаануудад би давлаа. Миний хувьд боловсруулсан барилдааны арга барил, өрсөлдөгчдөө бэлдсэн мэх техникүүдийн талаар тэгж их дэлгэрэнгүй яриад байх сонирхол алга. Хангай бид хоёр цаашдаа олон таарч барилдана. Том цолны төлөөх даваанд ч тунаад барилдаж болно шүү дээ. Тийм учраас бодож боловсруулсан барилдааны хувилбараа нээлттэй яримааргүй байна.

-Том, жижиг гэлтгүй бүх барилдаануудыг та шимтээд сууж байгаа харагддаг. Тэр дундаа сумын заануудын барилдааныг алгасалгүй үздэг шүү дээ?

-Том цолтнуудын барилдаан тоймтой шүү дээ. Сумын заануудаас л гал цогтой гоё барилдаанууд гардаг юм. Жин багатай улс чинь санаанд оромгүй мэхний хувилбар хийдэг. Заалны барилдаанд хямдхан даваа гэж олдохоо больсон. Сумын заануудын барилдаанд түрүүлж үзүүрлэж байгаа залуус л том цолтнуудын аманд гардаг. Тэдний барилдааныг анхаарч байхгүй бол хэцүү шүү дээ. Улсын цолтой бөх сумын заанд унаад байж таарахгүй биз дээ.

-Өнгөрсөн жилийн тухайд та заалны барилдаануудад сайн барилдаж байсан. Бөхийн хүрээнийхэн цолоо ахиулна гэж харж байсан ч харцага цолны даваанд Д.Анарт тахим буулгана лээ. Барилдаан ямар болов?

-Анар ч заалны барилдаануудад их сайн байсан. Миний хувьд Анартай тунаж барилдана гэсэн тооцоотой л бэлтгэлээ базаасан. Шоо хаяхад миний талаар буусан ч боломжоо ашиглаж чадаагүй. Анар барьц сонгоод давсан.

-Өрсөлдөгчийнхөө хийсэн мэхийг мэдэрч үлдэж байгаа нь таны барилдааны онцлог шиг харагддаг. Бэлтгэлийн үр шим үү, эсвэл авьяас уу?

-Байгалиас заяасан өгөгдөл юм болов уу даа. Жаахан хүү байхаасаа л сум орон нутгийн наадамд барилддаг, бөх барилдаж цол авч байна гэж зүүдэлдэг байлаа. Өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж энэ замыг л сонгосон.

-Допингийн асуудал монгол бөхийг бараантуулах боллоо. Таны хувьд ямар байр суурьтай байх юм?

-Дүрэм журам нь алдаатай, сул байна. Сул байгаа учраас хүмүүс допинг хэрэглэж барилдаад бөхчүүдийн эрх ашгийг хохироож байна. Өнөөгийн нийгэмд шударга зүйл байхаа больсныг л харуулаад байна л даа. Энэ олон жил тээж ирсэн их өв соёлыг допинг л мөхөөнө. Бөхчүүд дунд допингийн хэрэглээ дийлдэхээ больчихвол цаашид хэний үр хүүхэд, хэний үр удам монгол бөхийг тээж явах юм бэ. Допинг хэрэглэж байгаа улсаас бөх барилдах чадамжтай хүүхэд төрөхгүй шүү дээ. Аав барилддаг бол хүү нь зодог өмсдөг энэ ёс уламжлал байхгүй болно гэсэн үг. Холбогдох байгууллагууд дүрэм журам яриад өнгөрөх биш хатуу арга хэмжээ авч ажилламаар байна.

-Чөлөөт бөх, хүндийг өргөлт, таэквондогийн тамирчид допингийн асуудалд холбогдоход тухайн спортын холбоод нь хариуцлага тооцоод явдаг. Үндэсний бөхийн тухайд баяр наадам зохион байгуулах комисс, Ерөнхийлөгчийн тамгын газар гээд төрийн оролцоотой байна. Эрх мэдэлтэй улсын нөлөө допингтой орооцолдсоноор асуудал сунжирч байна гэж үзэх хүмүүс байна лээ. Та ямар байр суурьтай байна вэ?

-Асуудал байгаа болоод л хөдөлж ядаад байна. Хууль дүрэм гэдэг чинь ядарсан улсад л чанга үйлчилдэг болж. Эрх мэдэлтэй, нэр нөлөөтэй хүмүүсийн ах дүү, төрөл төрөгсдөд хууль үйлчилдэггүй шүү дээ. Допингийн жишээн дээр ч харагдаж л байна. Шударга ёс л үгүйлэгдэж байна л даа. Допингийн асуудлыг шийдэх гээд чадахгүй байгаа цөөхөн дарга нарын балгаар монгол бөхөөр барилддаг олон мянган эрчүүдийн эрх ашиг хөндөгдөж байна. Нэг допинг хэрэглэчихсэн нөхөр гарч ирж самарч хаяад л. Ард нь хөлс хүчээ зарцуулж барилдаж байгаа олон залуус хохирч байгаа юм. Бөх хүн амьдралаа золиослоод энэ замыг сонгодог. Амжилт үзүүлж байж л өөдтэй амьдарна. Допинг хэрэглэчихсэн нөхөр барилдаад байхад яаж ч амжилт үзүүлэх билээ. Яаж ар гэрээ авч явах билээ. Намайг чинь цахим орчинд допинг хэрэглэсэн гээд л бичдэг байлаа. Эхэндээ ч хүнд л тусдаг байсан. Одоо ч тоохоо больж дээ. Надад аав ээжээс минь заяасан бяр хүч байна, авьяас байна. Допинг хэрэглэсэн нөхөр шиг наадмаар гялалзаад л алга болохгүй, заалны барилдаан алгасалгүй барилдах байгалиас заяасан чадал надад байгаа. Миний хувьд баяр наадмын бус үед хоёр удаагийн допингийн шинжилгээнд хамрагдаж байсан, цэвэр гарсан. Допинг хэрэглэсэн нөхөр бол баяр наадмын бус үеийн допингийн шинжилгээний сургаар л усанд хаясан чулуу шиг алга болдог. Хулгай хийсэн хүн өөрөө цагдаа дээр очдоггүйтэй яг адилхан.

Намайг допингийн шинжилгээний хариугаа аргалуулчихлаа ч гэх улстай таарч байлаа. Хэдэн төгрөгөөр аргалуулдаг юм. Надад тийм хэмжээний мөнгө ч байхгүй. Би эгэл жирийн малчин удмын хүүхэд шүү дээ. Бөхийн буянд дутагдах зүйлгүй сайхан амьдарч л байна.

-Захын сумын заан цолтой бөх л допингийн шинжилгээнд бүдэрч байна. Ер нь допинг хэрэглэсэн хүнтэй барилдахад мэдрэгдэх үү?

-Хэр баргийн хүнд бярдуулж унадаггүй болохоор сайн мэдэхгүй юм. Допинг хэрэглэсэн хүн огт ядардаггүй, машин техник шиг л болчихдог юм гэнэ. Надаар хэлүүлэлтгүй хэн ямар допинг хэрэглэж яаж барилдаад байгааг ард түмэн сайн мэдэж байгаа.

-Удахгүй сар шинийн барилдаан болно. Таны хувьд энэ барилдааны өнгийг яаж харж байна?

-Миний хувьд бэлтгэл жигдэрсэн сайн байгаа. Сайн барилдана аа.

-Наадмын түрүү танд хэр ойрхон санагдаж байх юм?

-Би улсын наадамд түрүүлнэ, үндэсний бөхийн оргил цол дархан аварга болно л гэж бэлтгэлээ базаадаг. Өөрийгөө ч дайчилдаг. Тунаж барилддаг даваануудаа гэтэлчихвэл түрүүлнэ л гэж боддог юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *