Монголын сонгодог урлагийн их өргөө болсон Улсын дуурь бүжгийн эрдмийн театр тоглолтын 57 дахь улирлын нээлтээ 2019 оны 10-р сарын 05, 06-ны өдрүүдэд 17 цагаас нээх гэж байна. Тоглолтыг Монголын сонгодог шилдэг уран бүтээлүүдийн нэг “Хөхөө намжил” дууриар нээх аж.
“Хөхөө намжил” дуурь нь Монголын үндэсний хөгжим, морин хуурын домгоос сэдэвлэн бүтээгдсэн Монголын өв уламжлалыг хадгалсан шилдэг бүтээл билээ. Энэхүү бүтээлийн хөгжмийг зохиосон Л.Мөрдоржийн 100 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан найруулагч, Улсын гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган гуай дахин шинэчлэн найруулж байгаа юм байна.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон нь 2019-2020 онд буюу 57 дахь тогтолтын улиралдаа хүүхэд залууст зориулсан уран бүтээл болон арга хэмжээг түлхүү хийхээр зорилго тавин ажиллаж байгаа аж. Тоглолтын 57 дахь улиралдаа дэлхийн сонгодог болох Л.Минкус “Баядера”, “Испани бүжгийн цоморлиг” балет, хүүхдэд зориулсан шинэ бүтээл Д.Эрдэнэбаатар “Баавгай дуулах уу”, зэрэг уран бүтээлүүдийг шинээр болон сэргээн тоглохоор төлөвлөжээ.
М.Болор-Оюун