Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан У.Мижиддорж: Төрийн наадамд 20 жил зодоглохдоо 17 удаа шөвгөрчээ

Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын арслан Уламбаярын Мижиддоржтой ярилцлаа. Өнөө жил 86 нас хүрч буй буурал арслан 1963 оны улсын их баяр наадамд үзүүрлэж улсын арслан цол хүртэж байсан юм.


-Арслан бөхийн замд хэрхэн орж байв. Сум, аймгийнхаа наадамд хэдий үеэс гарч эхлэв?

-Дээр үеийн хүүхдүүд гэрийнхээ гадаа орой үдэш болтол барилдана. Манай суманд лаглаан Дашдорж гэж сайхан бөх байлаа. Миний найз Дашдаваа бид хоёр сумыхаа бөхчүүдийг хараад сүрдэнэ. Дашдорж ах шиг бөх болчихвол гэж өөр хоорондоо ярилцана. Тэр үед депутатыг сонгоод баяраар нь бөх барилдана, би алгасалгүй гарна. Эхэндээ ч яахав аманд гараад дугтруулаад унана. Тэр үед хашаа хороо гэж байхгүй. Өвс, ургамал нь ч элбэг, адуу тарган тамиртай байсан үе. Тамиртай адуу ноцож бяр суусан даа. Нэг мэдэхэд л сумынхаа барилдаануудад түрүүлчихдэг болсон байлаа.

-Цэргийн албанд хаана татагдаж байв. Эр цэргийн албанд л олон хүчтэй эрстэй барилдсан байх?

-Дорноговь аймгийн Рашаантын байцаан өнгөрүүлэхэд 1952 онд цэрэг болж очиж байлаа. Өглөө эрт гимнастик хийнэ, газар газраас ирсэн цэргүүдтэй барилдана бөх болох дөр тэнд л суусан. Байцаан өнгөрүүлэхийн дарга, ахлах дэслэгч Дандар гэж хүн бөхөд их дуртай. Өөрөө ч шаггүй барилдчихна. Эхэндээ бид хоёр өгөө аваатай барилдаж байгаад сүүлдээ би дийлдэхээ больсон. Манай цэргүүд “чи хааяа даргад унаж бай” гэж хүртэл хэлж байсан удаатай. Нэг өдөр дарга “Чи энд надтай барилдаад ахихгүй. Хот орж том бөхчүүдтэй барилдаж нутаг орныхоо нэрийг гарга” гэж хэлээд намайг шилжүүлж байсан. Ирээд циркийн барилдаануудад зодоглоно. Б.Түвдэндорж аварга, Ц.Бадамсэрээжид арслан гээд том бөхчүүдэд юм болохгүй унана. Гэхдээ чанга бяртай улстай ноцолдоход чангараад л байдаг юм билээ. Дархан аварга Д.Дамдин бид хоёр мөн ч олон барилдсан. Унана хаяна.

-Та залуудаа тонгорох мэхийг их сайхан даалгаж хийдэг байсан гэнэ лээ. Энэ мэхнийхээ талаар?

-Залуудаа, тонгорох, суйлах, давуулж гуядах мэхийг гол төлөв хийж барилддаг байлаа. Нас ахих тусам түрүүчийн мэх хаягддаг юм билээ.Сүүлд шуудагны барьцаас л барилдах сонирхолтой болсон доо.

-Дэгээ ороох мэхэнд тань олон бөх өвдөглөж байсан гэнэ лээ?

-Дэгээ ороох ч олон хувилбартай л даа. Дэгээ ороогоод арагшаа эргэнэ, цээжээ унагаад хөмөрнө, дэгээгээ мултлаад сунгаал татчихаж болно. Давхар ачиж ч болно. Эгзэг нь таарсан үед хийчихдэг байсан.

-“Уурган дэгээ” гэж ямар мэх вэ. Энэ мэхээр алдаршсан бөх хүртэл байдаг шүү дээ?

-Сэрвүү барьцнаас дэгээ ороож эргэхийг л хэлж байгаа юм л даа.

Арын эгнээний зүүн гар талаас улсын арслан П.Дагвасүрэн, Ж.Хайдав, Ө.Эрдэнэ-Очир, М.Мөнгөн, Б.Ганбаатар, Урд эгнээний зүүн гар талаас улсын арслан Ц.Бадамсэрээжид, С.Оргодол, тэмээ өргөдөг Жамьяндорж, Л.Сосорбарам, Г.Дэмүүл. 1992 он

-Дархан аварга Ш.Батсуурийг өвдөг шороодуулж аймгийн арслан болж байсан гэсэн. Залуу бөх аваргыг аргална гэхээр их л сайн байж дээ?

-1954 онд л доо. Дорноговийн наадамд барилдаад түрүүлж байсан. Аварга дугтраад гуд татахад нь би хонгодоод ойролцоо газардсан. Наадамчид шуугилдаад л дайснаа дарчихсан юм шиг жигтэйхэн байж билээ. Би учраа ололгүй элэг бүсээ тайлах гэтэл аварга “Үгүй миний хүү давсан. Залуу хүн давчихаад элэг бүсээ тайлж болдоггүй юм” гэж хэлж билээ. Баяр наадмын бөхийн комисс аймгийн заан цол олготол Батсуурь аварга аймагт түрүүлсэн хүнд арслан цол олгодог гэж хөөцөлдөж байж аймгийн арслан цол олгуулж билээ. Батсуурь аварга залуу хүнийг дэмждэг, хүнд тусархуу хүнлэг, сайхан сэтгэлтэй өрөвч зөөлөн хүн байсан даа. Ингэж л аймгийн арслан болсон түүхтэй. Нарийхан зурвас шиг үнэмлэх өгөхөд нь тааралдсан хүн болгондоо үзүүлээд л сүрхий хүн явж байж билээ.

-Дараа жил нь улсын цолны босго алхсан бил үү?

-Бүх даваа нь сугалаагаар барилдсан наадам шүү дээ. Б.Түвдэндорж, Ц.Чимэд-Очир, Ш.Батсуурь, Ж.Цэвээнравдан гээд улсын алдар цолтой бөхчүүд зодоглосон ч тэднээр ам авахуулалгүй гурвын даваанаас сугалаагаар барилдуулсан юм. Гурвын давааны зүүнийг улсын заан С.Нанжаа, барууныг залуу бөх Насанбаяр манлайлж, олон жил зүүнийг манлайлж алдар цолоо дуудуулж баяр наадмын өнгө жавхааг нэмж үзэгч олныхоо сэтгэлийг баясгаж байсан Түвдэндорж аварга гурвын давааны 31 дээр босч барилдаж байж билээ. Энэ бүхэн алдар цолтны бөхчүүдийн барилдааны амжилт, сэтгэл санааны нөлөөлсөн гэж боддог юм. 1950-иад оны дундуур монгол бөхийн олон үеийн турш дагаж мөрдөж ирсэн уламжлалт ёс заншлыг өөрчлөх гэсэн оролдлого хааяа нэг гарч байсан ч түмний дэмжлэг авч чадалгүй төдхөн арилж засагдсан. Би энэ баяр наадмаар дөрвийн даваанд Х.Өлзийсайхан арсланг, тавын даваанд Г.Ваасанжав начинг орхиж улсын цолны босго алхсан түүхтэй.

-Төрийн наадамд долоон удаа түрүүлсэн дархан аварга Б.Түвдэндоржийг дархан суйлах мэхээрээ давж улсын заан болсон байдаг. Энэ наадмынхаа талаар хуучилбал?

-Цэргээс халагдаад улсын начин болчихсон үе л дээ. Хашаат сумандаа эвлэлийн үүрийн дарга хийж байгаад наадамдаа зодоглохоор ирсэн юм. Зургаа даваад долоогийн даваанд Түвдэндорж аваргад амлуулсан. Аварга ч залуулаа мань мэтийн бөхөд унамааргүй бөх байсан л даа. Тэр жил нас нь дөч дөхчихсөн, би 24 настай годгоносон амьтан гүйж байлаа. Аваргыг суйлж унагачхаад их шөвөгт нэг үеийн өрсөлдөгч Д.Дамдинтайгаа тунасан даа. Түвдэн аварга надад “хөлийг чинь аваад шидчхнэ шүү, элэг бүснээс зуурч барилдаарай” гэж захиж билээ. Аваргын захиасыг биелүүлж чадалгүй унасан даа. Миний үеийн бөхчүүд ийм сайхан ёс жудагтай эрс байсан. Уначихаад юм бодохгүй.

-Д.Дамдин аваргад их олон унасан байдаг. Дархан мэхээ хийж болдоггүй байсан уу?

-Дамдинг дийлдэггүй байсан л даа. Улсын наадамд түрүүлэх ид нас олон жил байдаггүй л дээ. Дамдинд унасаар байгаад л миний сайн барилдах үе өнгөрсөн дөө. Тэр үед чинь бие биендээ бууж өгнө гэж байхгүй, хүчээрээ л үзнэ. Наадмаар аваргатай ес барилдаж нэг ч даваагүй.

-Тухайн үед бөхийн багш нар байсан уу. Бэлтгэлээ хэрхэн базаадаг байв?

-Бөхчүүд хоорондоо барилдаж, бие биендээ зөвлөдөг байсан даа. Сүүлд нийгэмлэгүүд байгуулагдаж бөхчүүд харьяалагддаг болсон. Тэр үед л барилдаан зааж зөвлөдөг хүмүүс бий болсон. Миний барилдаж байх үед ахмад үеийн бөхчүүд л зааж зөвлөнө. Гол нь хувь хүний дур сонирхол л байсан даа.

-Ш.Батсуурь, Ж.Цэвээнравдан аваргууд таны үед ид өрсөлдөж байсан. Дэргэдээс нь харж байсан байх?

-Хөвсгөлийн ЖЦэвээнравдан аварга их гоё биетэй, түргэн барилддаг сайхан эр байсан даа. Ш.Батсуурь аварга ч бариа зөрүүн дээр айхавтар гүйдэг мэхтэй. Мөн ч гоё барилдана шүү дээ. Тухайн үед тулаад зогсоод байдаг бөх ер нь байхгүй шүү. Их жудагтай, ахмад цолтноо хүндэлнэ, маргаад зогсоно гэж байхгүй. Тохиолдлоор сайн бөхийг унагачихаад “тэрийг давчихлаа” гэ ж сагсуурдаг бөх нэг ч байгаагүй. Одоо зарим нөхөд аз, эзээр хаячихаад “би тэрийг чинь хаяж байсан юм” гээд онгирч байгаа дуулдах юм. Тийм аа бөх хүнд хэрэггүй. Барилдахдаа бар, арслан шиг бусад цаг энгийн номхон байх хэрэгтэй. Өнөө цагт энэ үлгэрийг дархан аварга Б.Бат-Эрдэнэ л залуу үеийнхэнд харуулж байна даа.

-Бөхийн жудаг гэж ярьдаг шүү дээ. Жудагтай бөх ямар байх хэрэгтэй вэ?

-Ахмадаа хүндэлнэ, үзэгч олноо хүндэлнэ. Үзэгчгүй бол бид хэн билээ дээ. Мөн үеийн бөхчүүдээ сайхан хүндэлнэ. Өнөөдөр уначихаад л тугны зүг гар хуруугаа гозолзуулаад, гүйж яваа нь харагдах юм. Бөхийн дэвжээнд ийм үйлдэл үзүүлж хэрхэвч болохгүй.

-Таныг залгаад “Хоёр Мөнх”-ийн үе эхэлсэн дээ. Ямар залуус гарч ирж байв?

-“Хоёр Мөнх” мундаг л даа. Үеийнхнээсээ тусдаа төрчихсөн улс. Үндэсний бөхөөс гадна их спортоор дэлхийн хэмжээнд өрсөлдөнө. Тэр ачаалалтай бэлтгэлийн хажуугаар наадамдаа амжилттай барилдана гэдэг хүнээс асар их тэвчээр, их хөлс урсгана. Д.Дамдин маань мултраад, би ч харих тийшээ хандчихсан үед энэ хоёр гарч ирсэн дээ.

-Та дархан аварга Ж.Мөнхбатыг 22 настай байхад нь төрийн наадмын түрүү байрын төлөө барилдаж байсан удаатай. Тэр жил та олон хүчтэй арслангуудыг нурааж үзүүрт хүрч байсан даа?

-Үзүүрт хүрч улсын арслан цол хүртсэн 1963 оны Ардын хувьсгалын 42 жилийн ойн баяр наадмыг эргээд бодоход сайхан байдаг юм. Тэр наадмаар зургаа, долоо, наймын даваанд Ч.Бээжин, Д.Жамц, Ч.Чойжилсүрэн гээд гурван арсланг цувруулан хаяж үзүүр түрүүнд үлдсэндээ баярладаг. Гурвуулаа гуч гарчихсан намайг амлаж барилдсан. Гурвуулаа 1961, 1962 оны идэрхэн арслангууд. Д.Жамц, Ж.Чойжилсүрэн хоёр өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү, үзүүрийг булаацалдсан эр бяр нь тэгширчихсэн байсан үе. Ийм хүчтэнүүдийг өвдөглүүлсэндээ баярладаг юм.

-Түрүү үзүүрийн барилдааны талаар янз бүрийн л ам дамжсан яриа байдаг?

-Өмнөх даваануудад хүнд барилдаан хийсэн болохоор их цуцсан л даа. Бэлтгэл сайн байсан тулдаа л гайгүй сэргэж ирсэн. Гар бадайраад атгаж болохгүй байхаар нь зодогны ханцуйны уяаг сугалчихсан юм. Түргэн барилдвал хаяна гэж бодсон л доо. Баруун ташаагаа өгч гараа өргөөд гүйвэл гүй гэж хөлөө урьд нь тавьчихсан. Ороод ирвэл нь гуядана, сунгаж татна, ачна ухааны юм сэтгэсэн. Мөнхбат ч түргэн ер хөдлөхгүй шүү дээ. Хөл авах янзтай тойроод байснаа зодогны сул ханцуйг эргүүлж имхэрдэж барьчхаад тавьдаггүй. Тавиулах гэж хүчтэй дугтартал зориуд тавьж дагаж ирээд солгой хөл аваад л суулгачихсан даа. Хүний хий алдана гэж ер үгүй . 10 жил тасралтгүй шөвгөрсөн надад олон жил тогтвортой сайн барилдсан гэж улсын арслан цол олгосон доо, тэр наадмаар.

-1964 оны наадмаар долоогийн даваанд та С.Цэрэн аваргыг давсан ч элэг бүсээ тайлаад явчихсан гэнэ лээ. Юу болсон юм бэ?

-С.Цэрэн миний баруун хөлд суугаад дэрлэхэд нь гуядаад дороо хийчихсэн юм. Гэтэл Цэрэнг давсан гэв. Түүнээс болж маргаан гарсан. Шүүгчдийн дотор Булганыхан байж нутгархсан ухаантай юм. Дахиж барилд гэхэд нь барилдаагүй хаяад явчихсан. Үүнээс болж С.Цэрэн бид хоёр муудалцсан юм байхгүй. Сайхан нөхөрлөөд тэр маргаан дэвжээндээ үлдсэн. Сүүлд С.Цэрэн намайг зургаагийн даваанд амлахад нь би давсан.

-Та улсын баяр наадамд нийт хэд шөвгөрсөн бэ?

-Би төрт ёсны наадамдаа 20 жил барилдаж 17 шөвгөрсөн амжилт үзүүлсэн. Үүгээрээ арслангуудын хамгийн дээр зогсоно. Миний үед ч Ш.Батсуурь, Д.Дамдин Б.Түвдэндорж, Ж.Цэвээнравдан, Ц.Чимэд-Очир, С.Цэрэн гээд домогт аваргуудын дундаас шөвгөрнө гэдэг хүнд байсан юм шүү. МҮБХ-оос сүүлд эрэмбэ тогтоосон. Үүнд сэтгэл дундуур явдаг юм. Улсын арслан цолтой хоёр бөх байхад түрүүлж цолоо авсан нь дээр зогсдог уламжлалтай. Үүнийг өөрчилж шатарчилсан барилдаанд байр эзэлж медаль авсан бөхчүүдийг улсын наадамд шөвгөрснөөр тооцоод эрэмбэ тогтоосон. Энэ их буруу. Төрт ёсны наадамд шөвгөрч барилдах, шатарчилсан барилдаанд унаж, босож барилдах тэнгэр газар шиг ялгаатай. Наадмаар гэнэ алдаад өвдөглөчихвөл дуусаа. Бүтэн жил хүлээнэ. Сүүлд арслан цол хүртсэн бөх аварга болж байж л дээр нь гарах учиртай. Монгол бөхийн уламжлал ийм.

-Өнөө жил таны нутгийн залуу Ч.Санжаадамба наадамд түрүүлчихсэн бол даян аварга болох байсан ч чадсангүй. Алдаа оноог нь яаж харж байна?

-Гүйцэд хашир суугаагүй байна лээ. Ядарчихсан хүнийг дайраад яваад барилдчихсан бол хаяж болно. Хүлээж зогсч байгаад унасан. Уул нь түрүүлчихсэн бол дархан аварга болоход ганц түрүү л үлдэх байсан юм. Цаашдаа түрүүлэх биз ээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *